Хүн хостой болж, гэр бүл зохиох, ажил карьертаа төвлөрч, хүүхэдтэй болох зэрэг амьдралын томоохон өөрчлөлт, шинэчлэлийн үед нөхөрлөлөө хамгийн түрүүнд орхигдуулдаг болохыг зохиолч Долли Алдертон өөрийн яриандаа дурджээ. Найзуудтайгаа цагийг бага өнгөрүүлэх болсон ч дотно байдлаа хэрхэн авч үлдэх нь одоо ихээхэн том асуудал болон хувираад байна.
"Дараа уулзъя" гэж хэлсэн мөртлөө бидэнд дахин уулзаж амжихгүй өдрүүд маш их тохиолддог. Уг нь насанд хүрсэн хэдий ч бид найз нөхөдтэйгөө ойрхон уулзахыг үнэхээр их хүсдэг. Гэхдээ ихэнхдээ амждаггүй.
Судалгаагаар хүн долоон жил тутамд найзуудынхаа талаас илүү хувийг алддаг. Энэ нь бид тэдэнтэй санал нийлэхээ больж, нийцэхээ больсон гэсэн үг биш. Харин амьдралын мөчлөг өөрчлөгдөхийн хэрээр харилцаа түүнийг даган хувьсдагтай холбоотой юм.
Харилцааны мэргэжилтэн “BFF? The Truth About Female Friendship” номын зохиолч Клэр Кохэн саяхан хүүтэй болж, энэ асуудлыг өөрийн биеэр мэдэрч байгаагаа хуваалцжээ. Тэрээр ээж болсныхоо дараа нөхөрлөлдөө илүү зөөлөн, бас шинэлэг байдлаар хандах болсон байна.

Жишээ нь, Клэр саяхан найзуудын уулзалтад уригдаагүйгээ мэдээд бухимдахын оронд тэдэнтэй холбогдон, “Би хүүхэдтэй завгүй ч гэсэн дараагийн удаа намайг урьж байгаарай” хэмээн өөрийгөө ойлгуулан зөөлнөөр тайлбарлан хэлжээ. Өөрийг нь ирэх боломжгүй байна байх хэмээн бодоод уриагүйгээ найз нь тайлбарлаж, тэд илэн далангүй ярилцсанаар харилцаанд нь үл ойлголол үүсэхээс сэргийлж чадсан байна. Үүний дараагаас тэд ойр ойрхон уулзах болж, жижиг сажиг, өдөр тутмын зүйлсээ хамт хийж эхэлснээр нөхөрлөлөө сэргээжээ. Түүний туршлагаас үзэхэд найзуудтайгаа шударгаар, нээлттэй харилцах нь гол түлхүүр юм. Жирэмсэн байх үедээ, эсвэл хүүхдээ хараад завгүй байсан ч найзуудтайгаа “Whatsapp“ зэрэг олон нийтийн сүлжээгээр дамжуулан харилцах нь нөхөрлөлийг нь хадгалж үлдэхэд чухал нөлөөтэйг тэр анзаарчээ. “Номын клуб, ваар хийх анги” зэрэг уулзалтууд нь стрессийг хөнгөвчлөх, бас нөхөрлөлөө сэргээхэд туслах боломжтой гэж хэлэв.

Эрдэмтдийн үзэж буйгаар олон найз нөхөдтэй байх нь сайн хоол хүнс хэрэглэж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхтэй ижил байдлаар биед сайнаар нөлөөлдөг байна.
Сэтгэл судлаач Жулиа Самуэлс: “Төгс мөчийг хүлээх шаардлаггүй”
Фитнест явах, дэлгүүр хэсэх, салхилах гэх мэт найзтайгаа тэр болгон хийдэггүй жижиг зүйлсдээ ч цаг гаргаад хамтдаа хийгээд үзээрэй.
Доктор Франко: “Зөвхөн найзуудын л нөхөж чадах хоосон орон зай гэж байдаг”
Цар тахлын үеийн хөл хорио нь олон хүнд ганцаардлыг хэвийн зүйл мэтээр ойлгуулсан. Хэрэв бусадтай уулзаж ярилцах зориг хүрэхгүй бол, тухайн уулзалтын дараа танд ямар сайхан мэдрэмж төрж, сэтгэл хангалуун байхыг урьдчилан төсөөлөх хэрэгтэй гэжээ. “Хүмүүстэй уулзаж, нийгмийн харилцаанд орох үедээ бид өөрсдийгөө хэр их аз жаргалтай болдгийг ихэнхдээ анзаардаггүй” гэж тэр нэмж хэлсэн байна.

Хэрэв хуучин найзуудтайгаа дахин холбоо тогтоохыг хүсвэл мэргэжилтнүүд эхний алхмаа сонин сайхан асуух болон хамт өнгөрүүлсэн сайхан дурсамжаа эргэн дурсах жижиг зурвас эсвэл “voice“ бичлэг илгээхээс эхлээрэй гэж зөвлөжээ. Үүнийг хийхдээ та нөгөө хүн чинь танд дургүй байх вий, удаан хугацааны дараа хүлээж авахгүй, бүр мөсөн холдсон мэт байх вий гэж санаа зовох хэрэггүй. Холдсон харилцаанаас үүдэж буруугаар бодох явдлыг бид “liking gap” хэмээн нэрлэдэг. Найз нөхдийн холбоо эмзэг биш, харин уян хатан гэдгийг санах нь чухал. Амьдрал тань завгүй үйл явдлаар дүүрэн байлаа гээд сэтгэл бүр мөсөн холдох албагүй.
Эцэст нь хэлэхэд, та найзуудаа үргэлж дэргэд тань байна гэдэгт итгэдэг байх хэрэгтэй. Та бусдад байгаагаасаа ч илүү таалагддаг гэдэгтээ итгэж, санаа зоволгүйгээр эрсдэл хүлээгээд үзээрэй.
Бэлтгэсэн: Б.Ариунзаяа