Мэргэжлийн сүмо бөхийн Лондон башё таван өдөр үргэлжилж, ёкозүна Хоошёорюү түрүүлсэн билээ. Алс тэртээ 1991 онд Лондонд сүмочид зочилж байсан ч цаг өнгөрч, одоогийн залуучуудад бол сүмо тун өвөрмөц, үзэж хараагүй зүйл байлаа. Энэ таван өдөр хотын гудамжаар аварга биетэй бөхчүүд алхаж, унадаг дугуйгаар зугаалж, олны нүдийг хужирласан. Сүмочдын хувьд ч Англи орон, Лондонд анх удаа очиж байгаа бөх олон байлаа. Тэд жуулчдын аяллын тэмдэглэлд бичигдсэн алдар, цуутай газруудад очиж, зургаа татуулж байлаа. Харин хөлбөмбөгт дуртай хоёр бөх чөлөөт цагаа үнэхээр зөв ашигласан юм. Англи бол хөлбөмбөгийн эх орон.
Ёкозүна Хоошёорюү өөрийн дэмждэг “Челси” багийнхаа стадионд очиж, бэлэг гардсан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл маэгашира Саданоүми ч хөлбөмбөгийн хорхойтон, шүтдэг багтай. Саданоүми “Арсенал” багийн “Emirates Stadium” цэнгэлдэх хүрээлэнд очиж, дурсгалын зураг авхуулсан.

Энд түүнийг нэгэн гэнэтийн зүйл хүлээж байсан нь “Арсенал” багаас түүнд албан ёсны тоглолтын өмсгөлөө гардуулсан явдал байлаа.

“SADANOUMI 25” дугаартай өмсгөл. Ахмад бөх баяр хөөрөө нууж чадалгүй, бараг нулимс унагааж байсан юм.


