UBLife Logo
Спорт

Та бидний мэдэхгүй Фрэнк Чамизогийн сэтгэл уярам түүх

Та бидний мэдэхгүй Фрэнк Чамизогийн сэтгэл уярам түүх

Чөлөөт бөхийн хорхойтнууд Чамизог хөгжилтэй, инээд баясгалантай залуу гэдгээр нь сайн мэднэ. Америкийн Барроуз, Оросын Сидаков нарын хамт тэрээр чөлөөт бөхийн хамгийн хурц өрсөлдөөнүүдийн нэгийг харуулсан билээ. Фрэнк одоо Италид амьдарч байгаа, том брэндүүдтэй хамтран ажиллаж, юугаар ч дутагдахгүй сайхан байгаа. Гэхдээ үргэлж тийм байгаагүй юм.

Фрэнк Чамизо Кубад төрсөн. Дэлхийн хамгийн ядуу орны нэг. Чамизо багаасаа ядуу зүдүү амьдралыг үзэж, зовлонгийн далайг туулж өсжээ. Эцэг эхээ тэр ер нь хараагүй гэхэд болно. Яагаад гэвэл тэд салж, аав нь Америк, ээж нь Испани яваад өгсөн юм. Ингээд хөвгүүн эмээ дээрээ үлдэж, амьдралын төлөө зүтгэсэн түүхтэй. Нэг удаа хотоор зугаалж яваад Фрэнк бөхийн заалтай тулгарах нь тэр.

“Би долоон настай байлаа. Надад хэн ч чөлөөт бөх гэж зааж өгөөгүй тул ямар спорт гэдгийг нь ч мэдэхгүй байв. Би бүхнийг өөрөө хийсэн. Санамсаргүй спорт заал олоод, орж, удахгүй бэлтгэл хийж эхэлсэн” Чамизо

Чамизо маш авьяаслаг байсан тул 18 настайдаа насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байлаа. Хэнд ялагдсан гэж бодож байна? ОХУ-ын хошой аварга Якутын Виктор Лебедевт, бүр хагас шигшээд шүү. Бараг арван кг жин хасаж ДАШТ-д ороод хүрэл медаль авсан түүнийг Кубад “Оны шилдэг шинэ тамирчин” гэж нэрлэлээ.

Харамсалтай нь маш удалгүй аз түүнээс нүүрээ буруулсан юм. Нэгэн тэмцээний өмнө Чамизо жиндээ орж чадсангүй, 100 грамм илүү гарчээ. Том алдаа, зөрчил биш ч энэ алдааных нь төлөө түүнийг шигшээ багаас хөөж, цалинг нь хураалаа. Яагаад ийм жижиг алдаагаар хүний барилдах боломжийг хураана гэж? Тайлбарлаад өгье.

2011 оны Панамерикийн наадмаар Чамизо ялагдаад, медаль авч чадсангүй. Кубын спортын дарга нарт энэ нь таалагдсангүй, түүнийг хашраахаар шийдэв. Тэмцээн дууссаны дараа дахин жин үзэж, дээр дурдсан илүү 100 граммыг гаргаад ирсэн хэрэг. Ингээд түүнийг шигшээ багаас хоёр жилээр хасав.

“Би дахиад нэг жин үзээч гэж гуйсан ч тэд огт тоогоогүй. Намайг зүгээр л доромжлоод хөөчихсөн. Маш шударга бус явдал байлаа. Би дөнгөж 18 настай байсан” Чамизо

Хүний зэрэгтэй амьдрах ганц боломжийг нь булаагаад авчихсан тул Чамизо ямар байдалд орсон нь ойлгомжтой. Амжилт гаргаад авдаг байсан их биш ч шагналын мөнгөний ачаар тэр бэлтгэл хийж чаддаг байсан. Мөнгөгүй байхад юун бэлтгэл, эхлээд хоол идэх шаардлагатай. Фрэнк талх авахын тулд өдөржингөө гудамжинд наймаа хийдэг болов.

“Кубад цалингүй хүн амьдрахад маш хэцүү. Тиймээс миний хувьд жинхэнэ там эхэлсэн. Амьдрах биш амьд үлдэхийн төлөө бүх арга чарга хэрэглэнэ. Би гудамжинд тааралдсан бүх зүйлээ зардаг байсан. Яагаад гэвэл өлсөөд үхэхгүйн тулд талх идэх хэрэгтэй” Чамизо

Энэ үед хувь заяа түүнийг Италийн чөлөөт бөхийн тамирчин Далма Каневатай учруулсан байна. Тэд дурлаж, гэрлэхээр шийдсэн юм. Тэр үед Чамизо бэлтгэл хийгээгүй жил гаруй болсон байлаа. Жин нэмж, муу зуршилтай болоод байсан хэрэг. Эхнэрийнхээ ачаар тэр Кубаас зугтаж чадсан, Италид очоод дахин амжилт гаргаж чадсан билээ. 2015 онд Италийн иргэншил авч, Итали хэмээх шинэ эх орноо төлөөлөх эрхтэй болов. Нэг үгээр хэлэхэд Куба улс маш том авьяасаа алдаж, харин Итали тэр авьяасыг хөгжүүлж чадсан юм. Италид тэр ДАШТ-ий хоёр алтан медаль, Европын 4 алтан медаль, Олимпын хүрэл медаль авч өгсөн. Одоо тэр бэлтгэлээ хийсээр байна.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.