UBLife Logo
Засгийн газар

Г.Дамдинням: АИ-92 шатахууны нийлүүлэлт ердийн хэрэглээний түвшинд байгаа

Г.Дамдинням: АИ-92 шатахууны нийлүүлэлт ердийн хэрэглээний түвшинд байгаа

Засгийн газрын өнөөдрийн /2025.10.22/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар түлш, шатахууны хангамжтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж, тэмдэглэл гаргууллаа.

Бидний хувьд ердийн үед Улаанбаатар хотын хэмжээнд өдөртөө 950-1200 тонн шатахуун хэрэглэдэг. Одоогийн байдлаар өдөрт 1800 тонныг нийлүүлээд ч дугаарлалт буурахгүй байна.

ОХУ нь манай улсын шатахууны нийт хэрэглээний 92 хувийг дангаараа хангадаг. Тус улсын 22 шатахууны үйлдвэр дайны цохилтод өртсөн. Энэ нь тус улсын нийт хүчин чадлын 30-40 хувийг эзлэдэг гэх мэдээлэл бий. Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын Засгийн газраас АИ-92 шатахуун дээр хязгаарлалт тавьсан. Гэхдээ уг хязгаарлалтад Монгол Улс багтахгүйг хэлье.

Учир нь, бид Засгийн газар хоорондын хэлэлцээртэй бөгөөд хямд нөхцөлөөр шатахуун авах гэрээтэй байдаг. Тиймээс бид энэ сард 58 мянган тонн АИ-92 шатахууны зөвхөн Роснефть компаниас, үлдсэнийг нь Газформ болон БНХАУ-аас авахаар гэрээ хэлцэл хийгээд явж байна. Бидний гол нийлүүлэлтийг хангадаг Ангарскийн үйлдвэр нь төлөвлөгөөт засвараа саяхан хийж, энэ сарын 15-нд дуусгасан. Тиймээс бидэнд нийлүүлж буй бүтээгдэхүүний хэмжээ багассан. Энэ асуудлаар Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхий сайдтай холбогдож байгаа. Миний хувьд ОХУ-ын Эрчим хүчний яамтай холбогдсон. Энэ дагуу тээвэрлэлт нийлүүлэлтийг гэрээний дагуу биелүүлж өгөөч гэх асуудлыг тавьж байгаа.

АИ-92 шатахууны нийлүүлэлт ердийн хэрэглээний түвшинд байгаа. Олон нийтэд уриалахад сандарч тэвдэлгүй ердийн хэмжээндээ авахыг хүсье. Хэрэглээ хоёр дахин өссөн учир Улаанбаатарт 2000 тонныг нийлүүлээд тэр дороо дуусч байна. Иймд, Улаанбаатар хотын хэмжээнд бага зэрэг хязгаарлалт хийж байна. Ард иргэд маань тайван амгалан байж, хэвийн хэмжээнд хэрэглээд явах юм бол тогтворжино.

БНХАУ-аас сардаа 3000 гаруй тонн евро-5 стандартын АИ-92 бензин авдаг. Энэ сард 7000 тонныг захиалсан боловч шокноос болж хүрэлцэхгүй болж байгаа тул 14 мянган тонн болгон нэмэгдүүлж, гэрээ хэлцлээ хийгээд ажиллаж байна. Энэ асуудлаар АҮЭБ-ийн яамныхан болон аж ахуй нэгжүүд БНХАУ-д ажиллаж байна.

БНХАУ-ын Элчин сайдтай өчигдөр уулзахад тээвэр ложистик болон худалдах асуудал дээр “Петрочайна” компанитай хэлцэл хийх дээр бүрэн дэмжлэг үзүүлнэ гэж хэлсэн. ОХУ-ын Элчин сайдтай өнөөдөр уулзаж ярилцахаар боллоо” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.