Нью-Йорк хотын Камер клубын “BAXTER ST“-д есдүгээр сарын 10-нд Монголын гэрэл зурагчин Б.Долгорсүрэн (Suniko)-ийн уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдээд буй. “Where would we find you if we need to find you?” нэртэй тус үзэсгэлэн энэ оны 11-р сарын 12-ныг дуустал олон нийтэд толилуулагдах юм.

Шилжилт хөдөлгөөн, ой санамжийг бүрдүүлдэг сэтгэл зүй, орон зайн болон хүнд суртлын хурцадмал байдлыг илүү гүн харахаар хувийн болон архивын бүтээлүүдийг нэгтгэн бүтээсэн түүний үзэсгэлэн заавал зорин үзэх онцгой туршлага, мэдрэмж байх болно.

Бостон, Сингапур, Бангкок болон Монголд нүүдэллэн өссөн өөрийн шилжилт хөдөлгөөнөөр дүүрэн бага наснаасаа сэдэвлэн, бүтээлдээ ойр дотно байдал ба хол зайн эсрэгцлийг харуулдаг.



Хальс болон дижитал гэрэл зурагнуудыг паспортууд, үнэмлэхний зураг, тамга гэх мэт бичиг баримттай хослуулсан нь танд нэгийг мэдрүүлнэ. Үүний зэрэгцээ шилжилт хөдөлгөөний сэтгэл зүйн болон сүнслэг байдлыг, явах хүслэн, буцах ганьхрал, эх орондоо зочин мэт буцаж ирэхийн ер бусын мэдрэмжийг тусгажээ. Энэ бүх аяллууд нь өөрчлөгдөн хувьсах агаад нүүдэл, дурсамж, байгаль, өв уламжлалын огтлолцооны өвөрмөц талуудыг танд мэдрүүлнэ.



Where would we find you if we need to find you? буюу “Бидэнд таныг хайх хэрэг гарвал хаанаас олох вэ?” хэмээх үзэсгэлэнгийн нэр нь хил дээр ажилладаг албан хаагчийн түүнээс асуусан бодит асуултаас үүдэлтэй. Энэ асуулт нь нэг талаас практик утгатай боловч, нөгөө талаас танихуй, хяналт, харьяалал гэсэн гүнзгий асуудлуудыг сөхөж буй. Ингэснээр тэрээр бүтээлүүдээрээ нэг газартаа үлдэн суурьшихгүй байхын тухай бөгөөд “Эзгүйрэл ба эргэн ирэлт” гэсэн сэдвийг ихэд гүнд нь ухан, судалсан юм.

Үзэсгэлэнд Монгол орны уудам тал нутаг, тэнгэрийн хаяа, хээр тал гэх мэт дүрслэлүүд онцгой байр суурь эзэлнэ. Эдгээр зургийн цаана тайвшрал, бодрол, мөн өөрийгөө дахин таних орон зай анзаарагдана.


Харин үүнтэй зэрэгцэн паспортын хуудсууд, олон хэл дээрх тэмдэглэгээ, хотын жижиг дүрслэлүүд харагдах нь биеийн болон сэтгэлийн хил хязгаар хоорондын зөрчлийг илэрхийлж буй мэт.


Хэрэв та энэхүү үзэсгэлэнг буухаас өмнө очиж үзэх боломжтой байвал, энэхүү боломжийг битгий алдаасай гэж хүсэх байна. Монгол уран бүтээлчийн Нью-Йорк дахь үзэсгэлэн танд танил дотно мэдрэмжийг, өөрийгөө эрэн хайхуйн тухай гүн эргэцүүллийг төрүүлэх нь гарцаагүй. Бас та Сүникотой таарч гэмээн, миний өмнөөс нэг сайн тэвэрч өгөөрэй. Мөр зэрэгцэн ажиллаж, үргэлж гэр бүлийн гишүүн хэвээр байх түүхийг бий болгосонд нь, бас үзэсгэлэнд нь баяр хүргэж, мэндийг минь дамжуулаарай хэмээн уншигч танаас хүсье.





