Өнгөрч буй энэ 7 хоногт дэлхий дахинд юу болж өнгөрөв?
“Анзаар!” булангаараа бид магадгүй таны анзаараагүй өнгөрсөн байж болох мэдээллийг хүргэж байх юм. Дэлхий ертөнц, улс төр, урлаг спорт, шинэ технологи гээд салбар бүрийн мэдээлэл таныг хүлээж байна. ТА анзаараад үзээрэй!
Онцлох үйл явдлууд
Ким Кардашьян хүнд өвчтэй гэдгээ хэллээ

АНУ-ын реалити-шоуны од, чамгүй сайн бизнес эрхлэгч, 1,7$ тэрбумтан, ер нь зүгээр л олон нийтийн сүлжээний од Ким Кардашьян энэ сарын 21-нд 45 нас хүрлээ. Мэдээж түүний амьдрал зав зайгүй, шуугиантай, олны нүдний өмнө үргэлжилсэн хэвээр байгаа. Хэд хоногийн өмнө Америкийн Кино академийн уламжлалт үдэшлэгт тэр улаан хивсэн дээр гарахдаа “нүүргүй” гарч ирсэн. Өөрөөр хэлбэл нүүрээ бүрэн тагласан, биеийн өнгөтэй хаалттай, үнэт чулуун хүзүүний зүүлт, бор даашинзтай байлаа. Удахгүй “Кардашьяны гэр бүл” шоуны шинэ бүлэг удахгүй гарах гэж байна. Бүлгийн хэсгээс харахад тэрээр МРТ шинжилгээнд орж байна. Эмч нар түүнд Тархины судасны цүлхэн хэмээх өвчин илэрснийг хэлж, архаг стрессийн улмаас тархины судсанд эмгэг үүсчээ гэж тайлбарлаж байна. Ким “Би итгэхгүй байна. Яагаад, яагаад, яагаад? Яагаад би гэж” хэмээн оношдоо итгэхгүй байна. Эцэст нь тэрээр энэ бүхэн нөхөр асан Канье Уэстийн хэцүү зан ааш, хамтын амьдрал, гэр бүл салалтаас хуримтлагдсан стресс өвчин тусах нөхцөл болжээ гэж дүгнэж байна. Уэсттэй хамт амьдарсан үед Ким "стокгольм синдром" буюу хүчирхийлэгчдээ дасах синдромтой болсноо хүлээн зөвшөөрч байна. “Надад маш хэцүү байсан ч би түүнийг дандаа хамгаалдаг байсан” гэж тэр дурссан юм. Ким Кардашьян, Канье Уэст хоёр 5 жил хамт амьдраад 2022 онд салсан. Тэд дөрвөн хүүхэдтэй.
“The Mongolz”, Senzu хоёрын салалт дэлхийг шуугиулав
Монголын цахим спортын түүхийг шинэчлэн бичиж байгаа “The MongolZ” баг шилдэг тоглогч Senzu-г сэлгээнд шилжүүлснээ зарласан нь өнгөрч буй долоо хоногийн гол анзаарах мэдээ байсан. Энэ мэдээ Монгол төдийгүй дэлхий даяар цацагдаж, шуугиан тарилаа.

Дэлхийг дэлдийлгэн, бужигнуулдаг цахим тамирчид, багтай болсондоо нэг талаас баярлав ч нөгөө талаас ирэх сард болох мейжор тэмцээний өмнө багийн хүч суларсан нь харамсалтай. Senzu өөрөө энэ талаар “Ийм шийдвэр гарахыг мэдэж байсан. Зүгээр л бүгдэд нь баярлалаа, бүх зүйлд уучлаарай гэж хэлмээр байна" гэсэн нь хямрал байсныг илэрхийллээ. Юу ч болсон бай, ямар ч гэсэн манай баг орны тоглогчоо тэр дор нь зарласан. 2017 онд “The MongolZ” багт тоглож байсан Өнөдэлгэр “controlez” Баасанжаргал Хятадын Чендуд болох тэмцээнд Senzu-г орлоно.
Исланд шумуултай болж, Антарктид ганцаардлаа
Энэ жил Исландад маш халуун хавар болж өнгөрсөн билээ. Энэ дулаарал Исландын түүхэнд нэгэн гоц үзэгдэл авчирлаа. Исландад анх удаа шумуул харсан байна. Үүнээс өмнө дэлхийд шумуулгүй хоёрхон газар байсан нь Исланд, Антарктид байлаа. Харин Исланд шумуултай болсноор ард иргэд нь ихэд баярлаж байгаа сурагтай.

Нийслэл Рейкьявик хотоос баруун өмнөд зүгт орших Кьёс хэмээх мөсөн хөндийд шумуул гарч иржээ. Эрдэмтэд тэр шумуулыг “Culiseta annulata” төрлийн шумуул болохыг баталсан байна. Гэхдээ зарим хэвлэлд шумуул энэ өвлийг даван гарах уу, Исландад амьдарч, үржиж чадах эсэхийг харсныхаа дараа баярлах хэрэгтэй гэж шүүмжилсэн байна. “World Population Review” сэтгүүлд бичсэнээр цаг агаар хүйтэн, үржих, өндөг үлдээх тогтмол ус байхгүйн улмаас Исландад шумуул хэзээ ч амьдарч байгаагүй гэж тэмдэглэсэн байна. Харин энэ жил Исландад тавдугаар сард 20 хэм дулаан өдөр арав хоног үргэлжилсэн. Эйильсстадир нисэх буудалд 26,6 °C хэм хүрсэн нь Исландын түүхэнд хамгийн халуун өдөр болон тэмдэглэгдсэн юм. Энэ бүхний ачаар исландчууд амьдралдаа анх удаа шумуул харан баярлаж байна.
Бусад мэдээ
-АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын Унгарт хийх уулзалт цуцлагдаж, Украины дайн өндөрлөх нэгэн итгэл найдвар унтарлаа. Уулзалт цуцлагдах болсон шалтгаан нь талууд гал зогсоох тохиролцоонд хүрээгүй асуудал ч ОХУ, Унгар хил залгаа биш нь бага ч гэсэн нөлөөлсөн. Энэ удаад Турк улс нэрээ дэвшүүлж, Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан Истанбул хотыг санал болгосон байна.

-БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцохоор БНСУ-д энэ сарын 30-нд очно. Тэрээр Кэнжуд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах гэнэ.
- Энэтхэгийн Андхра-Прадеш мужид өнөөдөр автобус, мотоцикл мөргөлдсөн осол гарлаа. Ослоор 20 хүн амиа алдаж, хэд хэдэн хүн хүнд гэмтжээ. Энэ олон хүн амиа алдсан учир нь ослоор автобусанд гал гарч, 42 зорчигч шахцалдан, гарах хаалга дарагдсанаас болжээ.

-Шүүхээс эмэгтэйчүүдийг биеэ үнэлүүлсэн, зөөж тээвэрлэсэн хэргээр 4 жил, 2 сарын ял сонссон рэп-дуучин Шон Комбс шоронд халдлагад өртжээ. Тэрээр Бруклинд хоригдож байгаа бөгөөд түүнийг унтаж байхад нь нэгэн хоригдол хоолойд нь хутга тулгаж, сүрдүүлсэн байна.
- Их Британийн хөгжимчин, продюсер, “Soft Cell” хамтлагийн дуучин, электорн хөгжмийн эцэг Дэвид Болл хүнд өвчний улмаас 67 настайдаа энэ сарын 22-нд амьсгал хураажээ. “Soft Cell” хамтлаг 1979 онд байгуулагдсан. 1981 онд ”Tainted Love” дуугаа гаргаад дэлхий дахинд алдаршсан юм.

- Трамп дэлхийн хамгийн том крипто бирж Binance-г үүсгэн байгуулагч Чанпэн Чжаог өршөөлөө. Чжао өнгөрсөн дөрөвдүгээр сард мөнгө угаасан, залилан хийсэн хэргээр 4 сарын хорих ял сонсоод байсан билээ.

- АНУ-ын НБА лигийн “Portland Trail Blazers” багийн дасгалжуулагч Чонси Биллапс, “Miami Heat” багийн хамгаалагч Терри Розье нар мөрийтэй тоглоом, спортын тэмцээнд хууль бус бооцоо тавьсан хэргээр Холбооны мөрдөх товчоонд баричвлагдсан байна.
Бонус
Миллениалуудын ажлын орчин | Урам зориг, эрч хүчээр дүүрэн Капитроны залуус
Өглөөд ажилдаа урамтай зорьж, өдрийг бүтээмжтэй өнгөрүүлээд, хайртай хүмүүс рүүгээ яаран харих нь миллениал үеийн залуусын амьдралын хэмнэл болжээ. “Миллениалуудын ажлын орчин” булангийн энэ удаагийн дугаараар бид Капитрон банкны залуусын ажлын орчинтой танилцлаа.

