UBLife Logo
Ярилцлага

Ё.Мөнхдэмбэрэл: Эцэс сүүлд нь өөр байя, өөртөө ганц удаа үнэнч байж үзье гэж шийдсэн

Ё.Мөнхдэмбэрэл: Эцэс сүүлд нь өөр байя, өөртөө ганц удаа үнэнч байж үзье гэж шийдсэн

“Munkhdemberel Multiplier” нэрээр нь сошиалд түүнийг танихгүй хүн ховор байх. Бизнес эрхэлж, фитнесээр хичээллэхийн зэрэгцээ комеди ч хийдэг түүнийг олон нийт таньдаг болоод чамгүй хугацаа өнгөрчээ. Сошиал орчинд хаанаас ч юм гэнэт гоё биетэй, бийлэгжүү хэрнээ ганц бие залуу гараад ирсэнд олзуурхах, сонирхох байтугай булли хийх хүмүүс цөөнгүй байжээ. Амьдралаараа дэнчин тавьж, архинд орж, алдаж, бүтэлгүйтэж явсан он жилүүд нь өнөөдрийн Ё.Мөнхдэмбэрэлийг бүтээсэн гэлээ. Түүнтэй өөрчлөлтийн тухай, амьдралын үнэ цэн, алдаагаа амжилт болгосон туршлагынх нь талаар ярилцлаа.


-Хүмүүс болж бүтэхгүй зүйлсээ ардаа үлдээе, амьдралаа өөрчилье гэвэл юунаас эхлэх хэрэгтэй вэ. Таны өөрчлөлтийн эхлэл юу байсан бэ?

-Намайг таньдаг хүмүүс миний ярьсан зүйлс үнэн гэдгийг мэднэ. Мэдэхгүй хүмүүс бол сайхан залж байна даа л гэж боддог байх. Хүнд өөрчлөгдөх бүх нөөц бололцоо нь байдаг. Ганцхан зүйлээс л эхэлнэ. Энэ бол шийдвэр. Яаж тэвчээртэй, няцахгүй байх вэ гэсэн асуулттай тулгарна. Эдгээр асуудал бол үр дагавар. Ямар нэгэн зүйлийн үр дагавар биш шалтгаантай нь л тэмцэх ёстой. Шантарч, няцаж байгаа бол та шийдвэр гаргаагүй л гэсэн үг. Шийдсэн хүн андашгүй. Хүн алдаж онож, унаж босох үедээ өөртэйгөө л ярилцдаг. Би яг л тэгсэн. Бүх зүйлс санаанд нийцэхгүй төвөгтэй болчихдог юм. Би өөр байх ёстойгоо мэдрээд байгаа хэрнээ яах ёстой, юунаас эхлэхээ мэддэггүй. Ийм байдалд орохоороо хүн архи ууна, өөрийгөө хаяна, хүнд бурууг тохно, азгүйгээ гайхна гэхчлэн янз бүрийн нөхцөл байдалд ордог. Ингэж явахдаа амьдралынхаа 10-аад жилийг алдсан байх тохиолдол цөөнгүй. Бүх зүйл энэ хугацаанд чөтгөрийн тойрог мэт давтагддаг. Эцэс сүүлд нь өөр байж үзье, өөртөө ганц удаа үнэнч байж үзье гэж шийднэ. Тэр шийдвэр жижиг зүйл ч байж болно шүү дээ. Би 10 жил шахам тамхи татаж байгаад нэг л өдөр гарсан. Тамхинаас гарах амар байгаагүй ч нэгэнт шийдчихвэл амархан болчихдог. Ямар нэгэн зүйл хэцүү байвал чиний шийдвэр жижигхэн байна л гэсэн үг. Хүн шийддэг л байхгүй юу. Би олон жил амжилтгүй амьдарсан. Амжилтгүй байх, фэйлдэх, хүмүүст буллидүүлэх нь сайн хэрэг. Эдгээр нь чамайг маш хүчтэй шийдвэр гаргахад нөлөөлж, түлхэц болдог. Шийдвэр хүнийг өөр түвшинд аваачдаг.

-Та нэг ярилцлагадаа 2010 он таны амьдралын эргэлтийн цэг байсан тухай дурдсан. Тэр үед яг юу тохиолдсон бэ. Хуучин амьдралдаа цэг тавихад юу нөлөөлөв?

-Би Өвөрхангай аймгийн хүн. Манай аймагт нэг гоё хөшөө бий. Аюуш баатрын сум нь дуусаад бууныхаа бөгсөөр дайсан руугаа далайж байгаа дүрслэлтэй хөшөө. Хөшөөг хараад би цэргүүд дайнд амь үрэгдсэн ч ядаж буугаа далайгаад, дайсныхаа өмнөөс сөрөөд ч болов үхэхэд дурсагдах байдал нь өөр юм байна гэж бодсон.

Би 2007 онд ШУТИС-ийн КТМС-ийг хүний нөөцийн чиглэлээр төгсөөд нэг газар ажилд ороод 6 сар болсон. Тэнд би дасаагүй, тэнцээгүй болохоороо гарсан. Тэгээд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд багшаар орсон. Хөдөөнөөс ирсэн болохоор гэр орон ч байхгүй. Эхнэр хүүхдээ хөдөө аав ээж рүүгээ явуулчихсан. Өөрөө оюутны байрны нэг өрөөнд амьдарсан болж, авсан цалингаараа ууж идээд гурван жил болсон. Тэр үеэс л энэ миний хүссэн амьдрал биш гэдгийг мэдэрсэн. Тэгсэн хэрнээ хүссэнээрээ амьдрахын тулд яах ёстойгоо ойлгохгүй, мэдэхгүй байсан үе л дээ. Тэгж яваад мэргэжлийн үнэ цэнээ илүү ойлгосон уу, яасан хүнийг судалж эхэлсэн. Хүн юуны тулд амьдардаг юм бэ, яагаад сэтгэл ханамжгүй амьдарч байгаа юм бол гээд л боддог, уншдаг боллоо. Нэг л өдөр зөв, буруу нь хамаагүй өөртөө зориулаад нэг шийдвэр гаргая гэж бодсон. Тэр үеэс л би өөрчлөгдөж эхэлсэн дээ. Өөртөө ганц л удаа үнэнч байгаад үзье гэж шийдсэн, шийдэмгий ч байж чадсан. Нэг зүйлийн ард гарахаараа хүн дараагийн зорилго тавьж эхэлнэ. Ингэж амьдралын дадал өөрчлөгдөхөд амьдрал өөрчлөгддөг. Одоо бодоход амьдрал бол миний гаргасан шийдвэр, миний хийсэн үйлдлийн үр дүн л байсан юм билээ. Би өөрчлөгдөхөд амьдрал, намайг хүрээлдэг хүмүүс гээд бүгд өөрчлөгдөж эхэлсэн. Миний хүссэн бүхэн надад ирсэн. Урам орсон. Одоо би манлайлагч байдал руу шилжсэн байна. Өөрчлөгдөж эхлээд гурван жил болоход хэн ч надад шаардлага тавихаа больдог юм билээ. Манлайлагч хүн өөртөө л шаардлага тавина. Бусад нь алга ташина. Тийм болохоор 2013 оноос дандаа өөртөө шаардлага тавьж, өөрийнхөө хүрэх боломжтой гэж үзсэн зүйлсэд зорилго тавьдаг дадалтай болсон.

-Таныг алдаатай оноотой нь хамт хайрласан, дэмжсэн хэн байсан бэ. Таны дэргэд үлдсэн болон танаас урвасан бүхнийг одоо бодоход ямар санагддаг вэ?

-Намайг сураггүй байхад ч, сурагтай болоход ч дэргэд ганц зүйл л байсан. Гэр бүл минь. Аав ээж, эгч, дүү минь л байсан. Архи уухад ээж минь л хажууд ноцолдоод, зууралдаад л байж байсан. Дүү минь хүртэл ахыгаа биш болсныг хэлж, сануулдаг байлаа. Мэдээж зарим хамаатан садан санаа тавина. Алдаатай нь хамт байсан хүмүүс адилхан зовдгийг хэзээ хойно ойлгодог юм билээ. Хүн нэг зүйлээс айж, нөгөөхөөс нь хэзээ ч айхгүй байх хэрэгтэй.

Алдаанаас хэзээ ч битгий айгаарай. Алдаа чамайг бүтээдэг юм. Алдаа бол хүнийг өвтгөнө, ганцаардуулна, хэн ч биш мэт санагдуулна. Энэ бүх зүйлс сэтгэлгээний өөрчлөлтөд хүргэж, хүнийг бүтээж байдаг. Алд эсвэл амжилт гарга. Алдсан гээд сэтгэлээр унах ямар ч шаардлага байхгүй. Манай байгууллагын соёл ч ийм л байдаг. Би ажилтнуудаа алдахыг зөвшөөрдөг. Бизнес бол тэр чигтээ алдаа. Тэр тусмаа сайжирдаг юм.

Харин чи битгий “бүлээн” буюу нэгэн хэвийн бай. Бүлээн байдал олон хүнийг “үхүүлж” байна. Бүлээн байдал хүнийг хэзээ ч төлөвшүүлдэггүй, өвтгөдөггүй. Хүний цаг хугацаанаас л хулгайлж байдаг. Ийм байдалтай хүн олон байна. Тэр хооронд би зөндөө алдаж, алдаанаасаа олон зүйлийг ухаарч, ойлгоод тэр хүмүүсээс дээшээ гараад л явчихсан байдаг. “Бүлээн” хүмүүс хэзээ ч алдаж үзээгүй болохоор талархаж мэдэхгүй. Юуг чухал, чухал бишийг ч ойлгохгүй. Алдсан хүн бол юуг чухал, юуг үнэн худал гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон байдаг.

Аливаа зүйлийн төлөө тэмүүлж, түүнийхээ төлөө юу ч хамаагүй хийж яваад эд хөрөнгө, баялагтай болох сонин биш. Үүнийг бүтээхийн төлөө унаж бүдэрч, бүтэлгүйтэн явахдаа хамтдаа бүтээсэн дурсамж нь өөрөө амьдралын баялаг юм.

-Багш болж ажлынхаа гарааг эхэлсэн хүн одоо бизнесмэн, фитнесс тамирчин, комедиан тэр ч байтугай нөлөөлөгч, манлайлагч болжээ. Сонирхолтой байна шүү.

-Хийж үзээгүй зүйлсээ хийж, олон салбарт хүчээ сорих сонирхолтой байна. Өмнө нь би ажлаа өргөжүүлж, том бизнесмэн болохыг хүсдэг байлаа. Миний баялаг бол дурсамж гэдгийг сүүлд ойлгосон. Би дүүгээ алдсан. Амьдрах утга учиргүй болох үед дүүтэйгээ хамт өнгөрүүлсэн дурсамж амьдралыг минь эргээд утга учиртай болгосон. Жинхэнэ баялаг гэж юу болохыг дүүгээ нас барахад л ойлгосон нь тэр. Аливаа зүйлийн төлөө тэмүүлж, түүнийхээ төлөө юу ч хамаагүй хийж яваад эд хөрөнгө, баялагтай болох сонин биш. Үүнийг бүтээхийн төлөө унаж бүдэрч, бүтэлгүйтэн явахдаа хамтдаа бүтээсэн дурсамж нь өөрөө амьдралын баялаг юм. Үүнтэй адил комеди хийх, бодибилдингээр хичээллэх гээд бүгд л дурсамж. Гоё байна. Дурсамж бол баялаг. Жишээлбэл, комеди бол хүмүүсийн бүгд мэддэг мэдээллийг хэлбэржүүлээд харилцаж буй хэлбэр. Хэлбэржүүлэхийг нь би хийж, хүмүүст ярьж өгнө. Нөгөө хэд нь сонсох дуртай. Цагийг хамтдаа гоё өнгөрүүлж байгаа л хэрэг.

Би хүмүүстэй харилцах дуртай. Тийм болохоор салбар бүрийн сонирхолтой зүйл хийж амьдрах нь сайхан байна. Би бол амьдрах үйл явцыг илүү чухалчилдаг. Бизнес хийх нь надад чухал биш. Хэнтэй хийх вэ гэдэг л чухал. Би хамт байхыг хүсдэггүй 300 ажилтантай байснаас ороод ирэхэд үнэ цэнтэй, халуун дулаан санагддаг 50 хүнтэй ажиллах нь илүү гоё. Би баян ах нарыг зөндөө л харсан. Эхнэртэйгээ байж байгаа нь хүртэл нэг л эвгүй. Хажууд нь удаан баймааргүй, зугтчихмаар санагдах шиг. Тэр ахаас баян болсон зорилго нь юу юм бэ гэж асуумаар болдог. Тийм болохоор би үлдэж буй дурсамжаа л боддог болсон.

Миний бүтээсэн амьдрал, босгосон байшинд ороход хүүхдэд маань бүх юм бэлэн, амьдрал амархан мэт санагдаж магадгүй. Үүнд битгий итгээсэй, амьдрал ийм байдаг гэж ойлгочихвий гэж боддог. Амьдрал дээр гараад бүх зүйл амар байх уу, үгүй юу гэдэг нь тэр хүний өөрийх нь шийдвэр, сонголтоос хамаарна.

-Ийм олон зүйлсийг хэрхэн амжуулдаг вэ. Цагаа яаж зохицуулж байна вэ?

-Хэн, хэд наслахаа хэзээ ч мэдэхгүй. Оногдож байгаа цаг хугацаа, өдөр бүрээ үнэлээрэй. Өмнө нь би үнэлж чаддаггүй байсан юм билээ. Одоо бол үнэлдэг болсон. Цаг хугацааг хэн ч өөрчлөх боломжгүй. Цаг хугацааг ихэсгэж чадахгүй болохоор сонгох л боломж үлдэнэ. Ямар нэгэн зүйл хийхийн тулд нөгөөг нь орхих болдог. Хоёуланг нь хийнэ гэж байхгүй. Гэхдээ хүнд зарцуулж, амжуулж болох зөндөө цаг гардаг юм билээ. Хүмүүс хэрэггүй зүйлсэд цагаа үрчихдэг. Би гэхэд фитнессийн тэмцээнд орох үедээ завгүй болчихдог. Тэгсэн хэрнээ дараа нь бодоход бүхнийг амжуулсан л байдаг. Тэмцээн дуусаад бэлтгэл багасангуут хийх юм олдохгүй болох жишээний. Фэйсбүүк ухах ч юмуу, хэн нэгэнтэй дэмий зүйл ярьчихсан сууж ч байх шиг, амьдралд ямар ч хэрэггүй. Хүн ер нь завгүй болоод эхлэхээрээ хэнтэй уулзахаа хүртэл сонгодог болдог юм билээ. Зүгээр л миний амьдралд ач холбогдолгүй, үнэ цэнгүй зүйлсээ “кансэлддэг”. Түүнээс биш цагийн менежментийн тухай ном унших ч юмуу өөр арга барилсаад байх юм надад байхгүй.

-Та хүүхдэдээ цаг гаргаж чадаж байна уу?

-Хүүхдэдээ цаг гаргалгүй яах вэ. Заримдаа өвөө эмээгийнхрүүгээ явчихдаг юм. Өөрийнх нь л сонголт. Хүү маань өөрийн хүсэлтээр ойрд ажил хийж байгаа. Хүний сонголтыг би хүндэлнэ. Ажил хийж өөрийн олсон мөнгөө хэрэгтэй зүйлдээ зарцуулмаар байх шиг байна лээ. Долоо хоногийн цалин нь зуун хэдэн мянга ч гэл үү. Өмнө энэ мөнгө юу ч биш байсан байх. Одоо бол хөдөлмөрлөөд цалин хөлсөө авахад илүү үнэ цэнтэй, ариг гамтай хэрэглэмээр санагдаж байгаа болов уу. Би юунд анхаарч байна гэхээр, миний босгосон амьдрал дотор хүүхэд минь амьдарч байгаа. Үүнийг аав нь тэгээс нь эхлээд бүтээчихсэн. Энэ амьдрал хүүхдийг минь дагаад явахгүй шүү дээ. Миний бүтээсэн амьдрал, босгосон байшинд ороход хүүхдэд маань бүх юм бэлэн, амьдрал амархан мэт санагдаж магадгүй. Үүнд битгий итгээсэй, амьдрал ийм байдаг гэж ойлгочихвий гэж боддог. Амьдрал дээр гараад бүх зүйл амар байх уу, үгүй юу гэдэг нь тэр хүний өөрийх нь шийдвэр, сонголтоос хамаарна. Хүүдээ би “Эхлээд чи өөрийгөө хүүхэд биш гэдэгт итгэх хэрэгтэй. Тэгж байж чамаас том хүний үйлдэл гарна. Бие физиологи нь бараг ааваасаа том болчихлоо. Дагаад сэтгэхүй чинь ч томрох ёстой” гэж хэлдэг. Нас нь ахиад байхад өөрийгөө хүүхэд гэж бодоод байвал бие нь томроод, шийдвэр нь хүүхдийнх хэвээрээ л байна шүү дээ. Би өөрөө олигтой ч байсан биш. Хүний ямар байх сонин биш. Өрнөл нь ямар байх вэ гэдэгт боломж үргэлж нээлттэй. Эцэг эх нь ямар хүн байхтай өөрийнхөө ирээдүйг холбох нь утгагүй зүйл.

-Гоо сайхан байхад золиос хэрэгтэй гэдэг. Эмэгтэйчүүд бол жижиг гэлтгүй гоо сайхны ямар нэгэн үйлчилгээ авдаг. Харин эрэгтэй хүн тэр тусмаа монгол эр хүн гоо сайхны хагалгаанд орно гэдэг эр зоригийн хэрэг гэж бодож байна. Та өөртөө таалагдахын тулд гоо сайхны хагалгаанд орсон уу, эсвэл өөр шалтгаан бий юу?

-Инфлюнсерийн ажилтай холбоотойгоор Өмнөд Солонгосын эмнэлгийн нүүр царай, модел болооч гэсэн саналын дагуу хүлээж авсан. Түүнээс биш би өөрөө хөөцөлдөж хагалгаанд ороогүй. Үнэндээ тийм санаа ч байгаагүй. Тэртээ тэргүй би өөрийгөө хүлээн зөвшөөрчихсөн хүн шүү дээ. Энэ бол маш эрсдэлтэй алхам. Хагалгаанд ороод жил орчим гам барих хэрэгтэй. Бодоод үз дээ, яс хугарахад ямар байдаг билээ дээ. Гэтэл миний хувьд ясаа хөрөөдүүлж, хадуулж нүүрний хэлбэрээ өөрчилсөн. Үнэнийг хэлэхэд, маш хүнд хагалгаа. Хүний нүүр тэр чигтээ мэдрэлийн эсээс бүрддэг. Мэдрэлийн судаснууд гэмтсэнээр дараа нь толгой тархи өвддөг болохыг үгүйсгэхгүй. Миний хувьд хагалгаа амжилттай болсон. Одоогоор сөрөг нөлөө гарч, толгой тархи өвдсөн зүйлгүй хоёр жил гаруй болчихлоо. Би өөрийнхөө тохиолдлыг мэдэх болохоос бусдад яаж нөлөөлөхийг мэдэхгүй болохоор хүмүүст үүнийг санал болгож чадахгүй. Би бодож байгаад л хагалгаанд орох шийдвэрээ гаргасан. Би өөрчлөгдсөөр ирсэн хүн. Өөрчлөлт гэдэг зүйл миний амьдралд байх ёстой зүйл мэт санагддаг.

Сошиал ертөнц, бүтээсэн контент чинь чамайг амжилтад хүргэдэг зүйл биш. Чиний дотор хүн хэн бэ гэдэг нь л чамайг амжилтад хүргэдэг.

-Одоо таныг гадуур явахад хүмүүс хэрхэн хандаж байна вэ. Сошиал контентоо бүтээж эхлэх үед хүмүүс таныг доромжлох, үгүйсгэх хандлага ажиглагдаж байсан шүү дээ.

-Гадуур намайг танихгүй хүн бараг байхгүй болжээ. Хүмүүс надад лав сайн байдаг, хөөрхөн. Хүмүүсээс би хайр, хүндлэлийг мэдэрсэн. Хайрыг нь дааж амьдрах юмсан л гэж боддог. Хүмүүс юунд сайн байдгийг бас ойлгосон. Тэд нар боловсрол, тодорхой өөрчлөлт, хөдөлмөрлөж байгаа хүнд дуртай. Хулгай, шударга бус зүйлд үнэхээр дургүй юм билээ. Өмнө нь намайг буллиддэг л байсан. Би тоодоггүй. Намайг мэдэхгүй юм чинь аргагүй шүү дээ. Одоо бол янз бүрийн байдлаар намайг мэдэж эхэлж байгаа болохоор өөрсдийнхөөрөө дүгнээд л явж байгаа. Энд тэнд явж байхад бизнесийнхэн, олон нийт гээд аль ч түвшинд намайг таньдаг болжээ.

-Сүүлийн жилүүдэд та эрчимтэй контент бүтээж байна. Контент бүтээгч болохыг хүсдэг, эрмэлзэж байгаа хүмүүст яаж амжилттай байх тухайд зөвлөгөө өгөөч. Юунд анхаарах ёстой вэ?

-Орчин үед хүмүүсийн харилцаа онлайнд шилжиж байна. Рийлээр харсаар байгаад таньдаг хүн шиг болчихсон байдаг ч юмуу. Хүмүүстэй хөл нийлүүлж алхахын тулд контент бүтээж, рийл хийж эхэлсэн. Сошиал ертөнц, бүтээсэн контент чинь чамайг амжилтад хүргэдэг зүйл биш. Чиний дотор хүн хэн бэ гэдэг нь л чамайг амжилтад хүргэдэг. Контент, рийл бол чамайг бусдад харуулж буй дамжуулалтын л хэрэгсэл. Түүнээс чамайг өөрчилдөг зүйл биш. Сошиалд өөрийгөө лаг хүн болж харагдуулахыг хүсч байвал чи өөрийгөө л хуурч байгаа хэрэг шүү. Миний контентын хувьд зураг, бичлэг хийхэд баг ажилладаг. Санаагаа би өөрөө бодож гаргадаг. Сошиалыг би өөрийгөө илэрхийлэх тохиолдолд эсвэл маркетинг хийх хэрэгслээ болгож л ашиглаж байна.

-Төгсгөлд нь асуухгүй өнгөрч болохгүй байх. Олон хүн сонирхож байгаа. Та ганц бие хэвээрээ юу?

-Ганц бие хэвээрээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Шинээ\13.215.186.181
Үнэн, өөрт тохиолдоод давсан, шийдэж амжилт олсоноо хуваалцаж байгаа учраас бусдад маш тус дэмтэй байгаа юм. Амжилт хүсье
Шинээ\47.129.193.23
Үнэн, өөрт тохиолдоод давсан, шийдэж амжилт олсоноо хуваалцаж байгаа учраас бусдад маш тус дэмтэй байгаа юм. Амжилт хүсье
Шинээ\47.129.199.205
Үнэн, өөрт тохиолдоод давсан, шийдэж амжилт олсоноо хуваалцаж байгаа учраас бусдад маш тус дэмтэй байгаа юм. Амжилт хүсье
Шинээ\47.129.193.23
Үнэн, өөрт тохиолдоод давсан, шийдэж амжилт олсоноо хуваалцаж байгаа учраас бусдад маш тус дэмтэй байгаа юм. Амжилт хүсье
Maison Margiela брэндийн шоунд оролцсон монгол модель Б.Мишээл: Моделийн ажил харахад сайхан ч, түүний цаана “дайн” болж байдаг

Maison Margiela брэндийн шоунд оролцсон монгол модель Б.Мишээл: Моделийн ажил харахад сайхан ч, түүний цаана “дайн” болж байдаг

Өнгөрсөн долоо хоногт Maison Margiela брэндийн хавар зуны шинэ цуглуулгаа танилцуулсан загварын шоунд монгол модель Б.Мишээл /Millie/ оролцов. Монгол модель дэлхийн загварт дүр төрхөөрөө гялалзлаа.