Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар “Хариуцлагын гэрээ” зөрчсөн тул Шадар сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь огцруулж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдлээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Бид Үндсэн хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Зорилго буруу, өс хонзонгийн сэдэлтэй, хууль бус аргаар төрийн эрхийг авах санаатай хүмүүстэй манай зарим нэг сайд нар гарын үсэг зурж, уриалж, гишүүдийг дарамталж ажилласан. Тийм учраас би Шадар сайд С.Амарсайханыг ажлаас чөлөөлж байгаагаа өнөөдөр мэдэгдэж байна. Шатахууны хомсдолыг шийдчихээд байхад “шатахууны хомсдолтой” гэж нийгмийг өдөөн турхирч буй мэт зүйл ярьж байна. Бид нар өдөр шөнөгүй ажиллаж байж шатахууны хомсдолыг бүрэн шийдвэрлэлээ. Танхимаасаа зөрсөн байр суурь, зарчмыг илэрхийлж байгаа нь “Хариуцлагын гэрээ”-нд нийцэхгүй байна. Тийм учраас өчигдөр шийдвэр гаргаж, бичгээ явуулан чөлөөлөх болсныг хамт олныхоо өмнө мэдэгдэж байна” гэлээ.