УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдэгдэл гаргажээ.
Тэрбээр тус мэдэгдэлдээ “Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан би цаашид Г.Занданшатарын тэргүүлсэн, үүрэг гүйцэтгэгч Засгийн газарт ажиллах боломжгүй гэж үзэн Засгийн газрын хуралдаанд албан ёсоор мэдэгдлээ.
Би ард иргэдийнхээ итгэлийг авч сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд төрт ёс парламентын ардчиллын талд үргэлж бат зогсоно.
Засгийн газрын үйл ажиллагаа, төрийн бодлого нь зөвхөн эрх зүйт төрийн зарчим, иргэд олон нийтийн итгэлцэл, улсын гадаад нэр хүнд дээр тогтдог билээ.
Төр тогтвортой байх ёстой, гэхдээ тогтвортой байдал үнэн дээр, бодит итгэл дээр тулгуурлах ёстой. Хэрвээ итгэлцэл алдагдаж, хамтын шийдвэрийн зарчим унавал, тогтвортой байдал нь нэр төдий зүйл болно.
Өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагаа нь төрт ёсны уламжлал, ардчиллын үндэс, хүний эрх, нийгмийн эрх чөлөө цаашлаад төрийн тогтвортой байдал, эдийн засаг, нийгмийн хөгжил, ил тод засаглалын дархлааг сулруулж, төрийн хариуцлагыг явцуу сонирхолоор үгүй хийж байна.
Мөн Засгийн газрын зарим үйл ажиллагаа хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хяналт тэнцлийг алдагдуулж, ард иргэдийнхээ итгэлийг алдаад зогсохгүй, өдрөөс өдөрт улс орны амьдрал, ирээдүйг хямрал, эрсдэл рүү түлхэж, гаднын нөлөөнд өртөмтгий, дотоод доройтлын эрсдэл бүхий хямралт орчин руу чиглүүлж байна гэж үзэж байна.
Ийм нөхцөл, үйл ажиллагаа миний итгэл үнэмшил, үүрэг, зарчим, үнэт зүйлтэй үл нийцэж байх тул Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдын үүрэгт ажлаас татгалзаж, Г.Занданшатарын Засгийн газраас гарахаар шийдсэн болно.
Улс орны хөгжил, ардчилсан үнэт зүйл, хариуцлагатай, зарчимтай, төрт ёсны бодлогын алтан аргамжыг бэхжүүлэхийн төлөөх миний идвэхтэй үйл хэрэг тасралтгүй үргэлжилнэ.
Монголын заяа өөдөө гэдэгт би итгэдэг.
Сайнбуянгийн Амарсайхан
УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд” гэсэн байна.