UBLife Logo
Загвар
BTS хамтлагийн гишүүн Жонгүг Calvin Klein брэндийн дэлхийн хэмжээний элч төлөөлөгчөөр тодорлоо

BTS хамтлагийн гишүүн Жонгүг Calvin Klein брэндийн дэлхийн хэмжээний элч төлөөлөгчөөр тодорлоо

Calvin Klein брэнд шинэ жийнсний цуглуулгынхаа сурталчилгааг олон нийтэд танилцууллаа. Энэ удаад тус брэнд BTS хамтлагийн гишүүн Жонгүгтэй дахин хамтран ажиллахын сацуу дэлхийн хэмжээний элч төлөөлөгчөөрөө тодруулсан байна. 

Зураг авалтыг нэрт гэрэл зурагчин Мерт Алас удирдан, Нью Йорк хотод хийсэн аж. Дүрст сурталчилгаандаа The Chemical Brothers хамтлагийн 1997 онд гаргасан “Block Rockin Beats” дууг ашигласан бөгөөд Жонгүгийн эрч хүч, тайзны хөдөлгөөн, харизм бүхий дүр зургийг кампанит ажилдаа шингээхийг зорьсон гэжээ. Нью Йорк хотын шөнийн гудамжинд Жонгүг цээж нүцгэн, мотоцикл унаж буйгаар дүрслэгдэх бөгөөд хар өнгийн жийнс, савхин хүрэм зэргээр 1990-ээд оны дүр төрхийг илэрхийлсэн байна.

Харин GQ сэтгүүлд зориулан авсан зурагт Жонгүг улаан гэрэлтүүлэгтэй хонгилд мөнгөлөг гоёл чимэглэлээр гангарч, үсээ жигд хуваан янзалсан нь илүү халуухан дүр төрх, Calvin Klein брэндийн имижийг бүрдүүлжээ. 

Calvin Klein өнгөрсөн долоо хоногт TikTok хуудсаараа дамжуулан уг кампанит ажлын богино бичлэгийг урьдчилан танилцуулсан бөгөөд Жонгүгийн шүтэн бишрэгчид уг бичлэгийг хэдэн мянган удаа хуваалцаж, ёстой л ТикТокийг дэлбэлэх шиг болсон юм. 

Жонгүг “Фэнүүд маань энэ эргэн ирэлтийг тэсэн ядан хүлээж байсныг мэдэж байна. Calvin Klein брэндийн домогт жийнсэн хувцсыг танилцуулах болсон нь үнэхээр сайхан мэдрэмж байлаа. Зураг авалтын уур амьсгал үргэлж халуун дулаан байдаг бөгөөд энэ удаагийнх ч мөн онцгой байсан. Одоо кампанит ажил бүхэлдээ олон нийтэд хүрэхийг хүлээж тэсэхгүй нь” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна. 

Жонгүг энэ оны зургаадугаар сард 18 сарын хугацаат цэргийн албаа амжилттай дүүргэн ирсэн бөгөөд 2023 онд Calvin Klein брэндийн кампанит ажилд анх оролцож байсан юм. Calvin Klein-ийн жийнс урт хугацааны турш поп соёлын халуун цэгийг тодорхойлж ирсэн билээ. Тиймээс энэхүү хамтын ажиллагаа нь брэндийн өвөрмөц имижийг дахин нэг шинэ түвшинд гаргасан гэж хэлж болно. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.