UBLife Logo
Загвар
Marc Jacobs брэндийн хувь заяа хэрхэх вэ: Нэг тэрбум ам.долларын хэлцэл

Marc Jacobs брэндийн хувь заяа хэрхэх вэ: Нэг тэрбум ам.долларын хэлцэл

Өнгөрсөн долоодугаар сард Францын томоохон тансаг хэрэглээний групп LVMH Моёт Hennessy Louis Vuitton тэдэнд харъяалагддаг загварын брэнд Marc Jacobs-ийг худалдах хэлцэл хийж буй талаар Ройтерс агентлаг мэдээлж байсан билээ. 

Уг хэлцэлд хоёр сарын турш хэд хэдэн боломжит худалдан авагчид үнийн санал хаялцсан бөгөөд үүнд Reebok брэндийн эзэмшигч Authentic Brands Group /ABG/, WHP Global, Bluestar Alliance зэрэг компаниуд багтана. “Wall Street Journal” тухайн үед Marc Jacobs брэндийн үнэлгээ ойролцоогоор нэг тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа талаар мэдээлж байв. Сүүлийн жилүүдэд LVMH хэд хэдэн брэндийнхээ эзэмшлийг өөрчилсөн. Тухайлбал, өнгөрсөн онд Виржил Аблогийн үүсгэн байгуулсан Off-White брэндийг Bluestar Alliance-д худалдсан бол, Stella McCartney энэ оны эхээр LVMH-ийн эзэмшилд байсан цөөн хувийн хувьцаагаа буцаан авчээ. 

Marc Jacobs брэндийн хувьд олон жилийн турш ирээдүй нь тодорхойгүй байсаар ирсэн. 1984 онд дизайнер Marc Jacobs үүсгэн байгуулсан энэхүү брэнд нь өнгөлөг өвөрмөц хэр нь чөлөөт хэв маягийг өндөр зэрэглэлийн тансаг байдалтай уялдуулж танигдсан. 1997 онд LVMH групп  Marc Jacobs-ийг Louis Vuitton брэндийн бүтээлч захирлаар томилж, түүний нэрийн брэндийн тодорхой хувийг худалдан авснаар хамтын ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. 

Authentic Brands компани Marc Jacobs-ийн дараагийн үеийг тодорхойлох уу?

Сүүлийн хэдэн хоногт энэ хэлцэл эцэслэгдэх шинжтэй байна. Америкийн “Oui Speak Fashion” сайтад мэдээлснээр, Marc Jacobs брэндийн ирээдүй Authentic Brands Group-ийн гарт очих магдалал хамгийн өндөр болж байгаа ажээ. Жэми Салтерийн үүсгэн байгуулсан энэхүү компани нь Reebok, Brooks Brothers, Barbra Streisland зэрэг томоохон брэндүүдийг эзэмшдэг бөгөөд загварын салбарт брэндийг сэргээх, дахин амилуулах стратегийн мастер хэмээн үнэлэгддэг. Тэдний энэ туршлага Marc Jacobs брэндийг дахин загварын салбарт байр сууриа ганхахааргүй бэхжүүлэхэд түлхэц болох боломжтой гэж шинжээчид үзэж байна. 

Америкийн “Puck” медиагийн сэтгүүлч Лаурен Шерманий мэдээлснээр, LVMH болон ABG-ийн хооронд итгэлцэл бүхий нээлттэй харилцаа аль хэдийн эхэлсэн бөгөөд хэлцэл амжилттай болбол Marc Jacobs брэнд шинэ эзэмшлийн дор өөрсдийн замналдаа шинэ үе шатыг эхлүүлэх төлөвтэй байна. LVMH-ийн энэ алхам нь зөвхөн Marc Jacobs төдийгүй Fenty Beauty зэрэг бусад брэндийн эзэмшлийн бүтцэд ч өөрчлөлт оруулах магадлалтайг эх сурвалжууд дурдсан. 

Тансаг зах зээл дэх өөрчлөлт, шинэ чиг хандлага

Европын тансаг хэрэглээний зах зээл сүүлийн жилүүдэд эдийн засгийн саармагжилаас үүдсэн ашиг орлогын уналт, АНУ-ын тарифын дарамт, мөн Хятадын зах зээл дэх удаашрал зэрэг олон сорилттой тулгарч байгаа ч хонгилийн үзүүрт гэрэл буйг мэргэжилтнүүд онцлож байна. Deutsche Bank-ны шинжээч Адам Кохрейне “LVMH-ийн хоёрдугаар улирлын үзүүлэлтүүд төгс биш байсан ч сэргэлтийн шинж тод ажиглагдаж байна” хэмээн тайлбарлажээ. 

Шинэ эхлэлд бэлэн үү? 

Хэрэв нэг тэрбум ам.долларын энэхүү хэлцэл албан ёсоор батлагдвал Marc Jacobs брэнд дахин загварын ертөнцөд төдийгүй поп соёлд эзлэдэг байсан тод төрхөө сэргээх боломжтой. Дизайнерийн эгэлгүй мэдрэмж, ABG компанийн оновчтой стратеги хоёр нэгдсэнээр Marc Jacobs-ийн нэр шинэ үеийн загварын ертөнцөд гялалзах төлөвтэй байна. Олон жил ирээдүй нь тодорхойгүй гэгдэж байсан уг брэндийн түүхэнд шинэ хуудас нээгдэх нь цаг хугацааны асуудал боллоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.