Украины дайны улмаас олон улсын тэмцээн уралдаанд оролцож чадахгүй болсон орос тамирчид иргэншлээ солин, гадаад орны нэрийн өмнөөс өрсөлддөг болоод байгаа билээ. Тэгвэл ОХУ-ын гоо бүсгүйчүүд ч миссийн тэмцээнд гадаад орныг төлөөлдөг болсон. Якутын модель, “Снежная краса” цомын эзэн Елена Егорова 2022 онд Дэлхийн гоо бүсгүйн тэмцээнд Монголын нэрийн өмнөөс оролцсон ч байр эзлээгүй.

Елена тэмцээний өмнө олон нийтийн сүлжээнд “Би “Miss Grand International” уралдаанд Монголыг төлөөлөн, оролцох боллоо. Энэ тэмцээнд оролцохыг дөрвөн жилийн өмнөөс мөрөөдөж байсан юм. Ийм боломж олгосонд баярлалаа” гэж бичсэн бол тэмцээний танилцуулгад тэрээр “Би Оросын хойд хэсэгт, жилийн есөн сар нь өвөл байдаг газар амьдардаг. Манай аав, ээж 40 жилийн өмнө Монголоос Орост ирсэн. Тийм болохоор би уралдаанд Монгол Улсыг төлөөлж байгаа” гэж ярьж байлаа.

Харин Елена энэ жилийн “Miss Universe 2025” тэмцээнд Сербийг төлөөлөн оролцох болсон байна. Тэр 28 нас хүрч, Дубайд амьдардаг болжээ.

Энэ нь Сербид нэлээд шуугиан, маргаан тариад байна. Ард түмэн “Яагаад энэ ази эмэгтэй манай орныг төлөөлдөг билээ? Балканы гоо үзэсгэлэн хаачив? Үзэсгэлэнтэй серби бүсгүйчүүд алга болов уу” гэж бухимджээ.
“Miss Universe 2025” тэмцээн 11 дүгээр сарын 21-нд Тайландад болно.
