Эдгээр хүйтэн өдрүүдэд юу хийхээр төлөвлөж байна даа? Энэ долоо хоногт Улаанбаатар хотод жүжиг, балет, жазз тоглолт зэрэг “сонгодог” үдшүүд олон байх нь.

"CARMEN" contemporary ballet

Суут хөгжмийн зохиолч Ж.Бизегийн “Кармен” дуурийг мэдэхгүй хүн цөөн биз ээ. “Номадик” балет продакшн 2024 онд уг дуурийн хөгжим дээр Монголд анх удаа бүрэн хэмжээний контемпарори балетийг толилуулж байв. Энэхүү контемпарори балет залуу уран бүтээлч Э.Эрдэнэтөгсийн хөгжмийн найруулга, Э.Эрдэнэжаргалын дэглэлтээр энэ жил дахин тайзнаа тоглогдох гэж байна.
Хэзээ: 11-р сарын 22-нд
Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
Үргэлжлэх хугацаа: 90 минут
"ГЭМ ЗЭМ" постдрамын жүжиг

Хүний амьдралын мөн чанар, сэтгэлзүйн ертөнцийн талаар хамгийн өргөн өнцгөөс харж, гүн гүнзгий эргэцүүлэлд хөтлөх зохиолч Ф.Достоевскийн бүтээл Монголын тайзнаа дахин тоглогдох гэж байна. Ф.М Достоевскийн хамгийн алдартай роман болох "Гэм зэм"-ийг "Орфей" театрын хамт олон жүжгийн төрөл зүйлд хувиргаж, постдрамын шинэлэг шийдлээр тайзнаа амилуулсан юм. Жүжигт хүний үйлдэл, түүнээс гарах үр дагавар, эгэл жирийн харилцаанаас эхлээд хууль цаазын шүүлтийн өмнө бие хүн хэрхэн хувьсаж, тэмцэж буйг үзүүлнэ.
Хэзээ: 11-р сарын 20-30-ны өдрүүдэд
Хаана: Тусгаар тогтнолын ордон
Үргэлжлэх хугацаа: 150 минут
“Хайрыг хайрла” уянгын драмын жүжиг

Хүүхэд залуучуудын театрын нэрийн хуудас гэгддэг "Хайрыг хайрла" жүжиг төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглогдох гэж байна. Хосын харилцаа, хайрын үнэ цэн, нөхөрлөл зэрэг хайрын олон өнгийг харуулах уг жүжгийг шинэ найруулга, тавилтаар шинэтгэн Хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчид толилуулна.
Хэзээ: 11-р сарын 22-нд
Хаана: Улсын Хүүхэд Залуучуудын Театр
Үргэлжлэх хугацаа: 130 минут
“Үгүйлэгдсэн хайр” уянгын драм

Улсын Драмын Эрдмийн театр 95 дахь үзвэрийн жил Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжгээр эхлэлээ. Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатарын найруулгаар шинэчлэн тавьж буй "Үгүйлэгдсэн хайр" жүжигт нийгмийн хөгжил, амьдралын эргүүлэгт хүн чанар, нинжин сэтгэлээ хадгалан үлдэхийг хичээж буй гэр бүлүүдийн тухай өгүүлнэ.
Хэзээ: 11-р сарын 18-23-ны өдрүүдэд
Хаана: Улсын Драмын Эрдмийн Театр
Үргэлжлэх хугацаа: 120 минут
"Сүүлчийн бороо" /нугасны ан/ мета драмын жүжиг

Александр Вампиловийн эл бүтээлд найз нөхдийн харилцаа, хайр сэтгэл, хувь хүний дотоод зөрчил, амьдралын үнэ цэнийг өгүүлнэ. Гол баатар Виктор Зилов өөрийгөө зүгээр л урсгалаар хөвж яваа, хүсэл тэмүүлэлгүй, утга учиргүй амьдрал дунд гацсан мэтээр мэдэрнэ. Зилов удаан хүлээсэн нугасны андаа явахыг мөрөөддөг ч энэ аялал нь түүний амьдралын утга учиргүй байдлын бэлгэдэл болж хувирна.
Хэзээ: 11-р сарын 21-23-ны өдрүүдэд
Хаана: РЦНК
Үргэлжлэх хугацаа: 150 минут
Chamber feelharmonia - Unico Ensemble

Хөгжмийн зохиолч Franz Danzi, Joe Hisashi болон Т.Жаргалсайхан нарын аялгуу энэ үдэш эгшиглэнэ. Хөгжмийн ертөнцөөр хоёр зууныг дамнан аялах, өнгөрсөн ба өнөө цагийн хөг эгшиг нэгэн тайзнаа уулзана.
Хэзээ: 11-р сарын 18-нд
Хаана: Монголын Уран Зургийн Галерей
Үргэлжлэх хугацаа: 90 минут
Advertiser's Night 2025

Креатив сурталчилгааны наадмуудын шилдгүүдийг танилцуулдаг Advertiser's Night 2025 арга хэмжээ тав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Сурталчилгааны салбарын шилдгүүд энэ жил ямар техник ашиглан ямар стратегийн дагуу санаа гаргасан талаар мэдэж, салбарын шилдгүүдтэй нэгэн оройг өнгөрүүлээрэй.
Хэзээ: 11-р сарын 19-нд
Хаана: Shangri La Mall, Urgoo 3 IMAX танхим 3
Үргэлжлэх хугацаа: 90 минут
Live Jazz: Singer Solongo

Дуучин Солонго энэ долоо хоногт Fat Cat Jazz Club-ын тайзнаа жазз тоглолтоо толилуулах гэж байна.
Хэзээ: 11-р сарын 20-22-ны өдрүүдэд
Хаана: Fat Cat Jazz Club
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН БАРИЛДААН

Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаан.
Хэзээ: 11-р сарын 21-нд
Хаана: Монгол Бөхийн Өргөө
