Ирэх 12 дугаар сарын 2-13-нд АНЭУ-д сонирхогчдын боксын ДАШТ явагдана. Энэ тэмцээнийг Умар Кремлёвын тэргүүлдэг IBA холбоо зохион байгуулж байгаа юм. Сүүлийн жилүүдэд сонирхогчдын бокс хоёр хуваагдаад байгаа. IBA холбоо ОУОХ-той түнжин хагарч, олимпын тэмцээн зохион байгуулж чадахгүй болсон. Харин шинээр байгуулагдсан World Boxing холбоог ОУОХ хүлээн зөвшөөрөөд байгаа билээ. Шинэ холбооны сонгууль саяхан явагдаж, алдарт боксчин Геннадий Головкин удирдах болсон.
Одоогийн байдлаар хоёр холбоо тус тусдаа ДАШТ, тивийн тэмцээнүүдээ зохион байгуулж байна. Өнгөрсөн есдүгээр сард World Boxing холбооноос анхны дэлхийн аваргын тэмцээнээ зохион байгуулахад 68 орны тамирчид оролцсон. Харин Дубайд болох энэ удаагийн ДАШТ-д 120 орон оролцоно гэж Умар Кремлёв мэдэгдээд байгаа. Ер нь ихэнх улсын боксын холбоо аль аль холбооны тэмцээнд оролцох тактик баримталж байгаа. Жишээ нь, World Boxing холбооны ДАШТ-д оролцож, медаль авсан Кубын Хулио ла Крус, Азербайжаны Лорен Альфонсо Домингес, Казахстаны Айбек Оролбай нар Дубайд мөн ирээд байгаа юм.
Энэ удаагийн ДАШТ-ий шагналын сан маш өндөр. Нийт 8,32 сая ам.долларын шагналын сангаас тамирчид төдийгүй үндэсний холбоодод хишиг хүртээнэ.
Жин тус бүрийн дэлхийн аваргууд 300 мянга, мөнгөн медаль 150 мянга, хүрэл медальтнууд 75 мянга, шагналт байрны тамирчид 10 мянган долларын шагналтай. Гэхдээ энэ мөнгөний 50 хувийг л тамирчин авна. 25 хувь нь дасгалжуулагчид, 25 хувь нь үндэсний холбоонд очно.

