Өчигдөр Эстерсундад биатлоны Дэлхийн цомын тэмцээн болж, Италийн Доротея Вирер түрүүллээ. Таван жилийн өмнө ийм мэдээ гарахад хэн ч гайхахгүй, жирийн зүйл мэт хүлээн авах байлаа. Харин одоо бол гэнэтийн мэдээ. Өнгөрсөн жил бараг зодог тайлах шахсан 35 настай итали бүсгүй 2023 оноос хойш анхны цомоо авч байна. Цомоос гадна тэр бүтэн хоёр жил шагналын тавцан дээр ч гараагүй байлаа. Тун удахгүй эх орондоо зохиогдох Өвлийн олимпын наадмын гол од нь тэр байх юм биш биз?
2023/2024 улиралд тэр хувийн дүнгээр шилдэг аравт ч багтахгүй байв. Бүгд түүнийг зодог тайлахаа зарлахыг хүлээж байлаа. Вирер үнэхээр сэтгэл санаа, бие махбодийн хувьд ядаргаанд орж, нойрны эм уухгүй бол унтаж чадахаа больсон байв. Харин 2024 оны гуравдугаар сард Вирер 2026 оны олимпод оролцоно гэдгээ зарлаж, бишрэн шүтэгчдийнхээ сэтгэлийг амраасан билээ.
“Би 2026 оны олимп хүртэл гулгасаар байх болно. Надад хэцүү байх боловч би хичээнэ. Өнөөдрөөс эхлээд би олимпын бэлтгэлдээ гарч, багтайгаа нэгдэнэ” гэж тэр хэлсэн юм.
Дараагийн улирал нь байдал бага зэрэг сайжирсан ч медаль авч чадсангүй. Өвчний улмаас ихэнх уралдаанд оролцсонгүй. Энэ улирал эхлэхэд хэн ч Вирерээс амжилт хүлээхээ больсон байлаа. Ядаж байхад нурууны архаг гэмтэлтэй.

Харин тэр чадлаа. Хүчтэй салхитай байсан тул өрсөлдөгч Пройс, Жанмонно, Виттоцци нар амжилт гаргасангүй. Доротея хоёр алдаж буудсан ч төгс гулгалтаараа түрүүлж чадлаа. Финландын Лейнамогоос 9,4 секунд хоцорч явсан ч сүүлийн тойрогт хамаг хүчээ шавхан нөхсөөр байлаа. Сүүлдээ сэтгэлийн хүч шаардсан тулаан болж, Вирер 0,3 секундээр ялалт байгууллаа. 2023 оны гуравдугаар сарын бөөн гарааны алтан медалиас хойш анхных нь алтан медаль. Гэвч тэр түрүүлснээ мэдээд ид үеийн ээлжит ялалтаа авсан мэт бага зэрэг л инээвхийлсэн. Жинхэнээсээ инээж, баярлах нь Олимпын наадам дээр болох нь.
Вирер “Би аз жаргалтай байна. Намайг дахин шалганлын тавцан дээр гарна гэж хэн ч бодоогүй байх. Уралдааны өмнө хэлсэн бол би өөрөө ч итгэхгүй байсан. Бүгд намайг өрсөлдөгчийн тооноос хассан байсан. 35 настайдаа түрүүлнэ гэж би өөрөө ч бодсонгүй. Шөнө нь унтаж чадаагүй болохоор өнөөдөр гараанд гарах эсэхдээ их эргэлзсэн. Багийнхандаа их баярлаж байна” гэж ярьсан юм.
Дэлхийн цом 2025/26
Эмэгтэй
Нийлбэр дүн (эхний гарааны дараа)
1. Доротея Вирер (Итали) – 90
2. Соня Лейнамо (Финланд) – 75
3. Камиль Бене (Франц) – 65
4. Лу Жанмонно (Франц) – 55
5. Ханна Оберг (Швед) – 50
6. Майя Клутенс (Бельги) – 45
7. Эми Басерга (Швейцар) – 41
8. Эльвира Оберг (Швед) – 37
9. Анна Магнуссон (Швед) – 34
10. Лиза Виттоцци (Италия) – 31
