UBLife Logo
Longreads
Урт чацтай хотод зорчсон тэмдэглэл: Нью-Йорк юунд тэгтлээ яарнам

Урт чацтай хотод зорчсон тэмдэглэл: Нью-Йорк юунд тэгтлээ яарнам

Л.Түдэв гуайн 1987 онд бичсэн “Нью-Йорк. Урт чацтай хот’’ нийтлэлийг эрэл сурал болон олж, шимтэн уншсанаас гурван сарын дараа дэлхийн нийслэл гэгддэг хотыг өөрийн нүдээр тольдох хувь тохиосон билээ. “Их хотын секс” /Sex and the City/ киноноос эчнээ мэдэх энэ хотын амин сүнс нь чухам юу болохыг мэдэх хүслээ өвөртлөн, жил бүр зорих 65 сая жуулчны нэг нь болж,  долоо хоног амсхийх сөхөөгүй өртөөлсөн маань энэ юм. 

Хамгийн эхний нислэгт суусан тул нарны туяа шилэн барилгуудын хана цонхонд тусан, нүд гялбуулахтай зэрэгцэн их хотноо хөл тавив. Өглөөний найман цагт хотын төв хэсэг болох Манхэттэнд очиход аль хэдийн амьдрал буцалж байлаа. Нэг гартаа кофе, нөгөө гартаа нөүтбүкээ бариад яаран сандран алхах ганган хослолтой оффисын ажилчид, өглөөний дасгал, гүйлтээ хийж буй хүмүүс, дээр нь нэмээд жуулчид гээд хүний хөл тасарна гэж харин ч нэг байхгүй шүү. Одоо хэр нь тэдний хурдан алхах нь чихэнд сонстоно. 

Нью-Йоркийг хэзээ ч унтдаггүй хот гэдэг. Арга ч үгүй биз. Эндхийн хүмүүс унтах цаггүй, ядарснаа умартах завгүй ажилчин шоргоолж шиг зүтгэнэ. Чардайж зүтгэхгүй л бол тэсэж үлдэхгүй. Амьдрахад хамгийн өртөг өндөртэй хотуудын нэг гэдэг нь ч үнэн. Хямд гээд хэлчих зүйл барагтаа олдохгүй. Монголд 10000 төгрөг буюу гурван доллароор авч идэж болох КФС-г эндээс 10 доллароор авна. Нью-Йоркчууд ургахын улаан нарнаас үдшийн бүрий хүртэл цаг минуттай уралдан, хуруу хумсаа хугалах нь холгүй хөдөлмөрлөдөг аж. Гэртээ аяга цай ууж, тухлан суух завгүй тэдэнд зориулсан мэт булан тохой бүрт нь балга кофе ууж түр саатах кофе шоп, бор ходоодоо баярлуулах түргэн хоолны газрууд бий. Метро хүлээх, элдэв дараалалд зогсох зуураа тэд ном сонин эргүүлнэ, хөгжим сонсоно, мухлагт өрөгдсөн сэтгүүл, сонины тэргүүн нүүрнээс шинэ соргог мэдээлэлтэй ч танилцаад авна. Хотын метро өдөртөө 5.5 сая зорчигч тээвэрлэдэг болохоор хөл хөдөлгөөн тасрахгүй гээд яахав.

Зурагт үзэж, буйданд тухлах цаг тэдэнд барагтаа гарахгүй тул Таймс Скүэрийн том дэлгэцүүд, гудамж бүрт буй гэрэлт самбараас кино ший, шоу нэвтрүүлгийг ч үзээд амжина. Таймс Скүэрт мөнгө олох арга замыг олж дөнгөсөн хүмүүс элдэв зүйл худалдаална, хөзрийн мэргэ хийнэ, хүүхэлдэйн баатрын багтай хүмүүс олны хайрыг татаж цуг зураг татуулсныхаа хариуд тав арван ногоон нэхэж, алгандаа наасан “тип” гэх бичгээ сарвайна. Нүцгэн гунхах гуалиг хүүхнүүд харчуулын нүд хужирлаж мөн л овоо хэдэн доллар халааслачихна. Энэ мэтчилэн мөнөөх яаруу хүмүүс чинь амьдрахын төлөө эрвийх дэрвийхээрээ л зүтгэнэ дээ. Тэд юунд ингэтлээ яардаг юм бол? Хөгжил цэцэглэлтээрээ биднийг хэдэнтээ олон зуун жилээр хол орхиж. Гэлээ ч тэд яарсаар л.

Манхэттэнийг Нью-Йоркийн зүрх гэж нэрлэдэг нь учиртай. Энд л дэлхийн хамгийн үнэтэй оффисууд, тансаг брэндийн дэлгүүрүүд эгнэхийн сацуу дэлхийн мөнгө санхүүгийн гол цэг Уолл Стрийт, медиа салбарын өлгий Нью-Йорк Таймс, Эн Би Си телевиз ч зэрэгцэн оршино. Жаахан хүүхэд харсан болгоноо сониучирхан хардаг шиг үүргэвчээ үүрээд алхаж буй аялагч миний нүдэнд өртөж, харцанд тусаагүй ширхэг ч зүйл Манхэттэнд байсангүй. Харсан зүг бүрт нэртэй, зартай олон зүйлс байсныг оч ассан нүдээр сонирхон харж, баясаж явлаа.

Эн Би Си телевизийн студид очиж, алдартай шоу нэвтрүүлгүүд хийгддэг газартай танилцаж явахад сэтгүүлч хүний хувьд ховорхон тохиох аз таарсан юм. Цэнхэр дүрэмт хувцастай телевизийн ажилтан бүсгүй бидэн дээр ирж “Жимми Фэллоны шоуг дэргэдээс нь үзмээр байна уу?” гэж асуухыг анх сонсоод чихэндээ итгээгүй. Тэр өдөр Жимми Фэллоны ток шоуны тусгай дугаар шууд бичигдэх байсан бөгөөд шууд дамжуулалтыг эфирээс үзэх боломж олдсон нь энэ. Хурц гэрлүүд гялалзаж, арын албаныхан шаагилдаж, телевизийн шууд эфирийн уур амьсгалыг биеэр мэдэрч өнгөрүүлсэн цаг мөч бүр яг л кино шиг байсан. “Чи Нью-Йоркт байгаа л бол санаанд оромгүй явдалтай таарах нь ер гэнэтийн зүйл биш” гэж гудамжны мухлагаас хотдог авахаар оочерлож зогсохдоо танилцсан цагаач эмэгтэйн хэлснийг санан, дараагийн зогсоол руугаа хөдөллөө. 

Амсхийх ч завдал үгүй алдарт хотын амьдрал дунд уусаад орох нь урамтай ч амрах чөлөө эрэлхийлэн хотын зүрхэнд орших Централ Паркаар алхахад амар амгаланг олох мэт санагдана. Өндөр барилгуудын завсар зай бүрээр нь өртөөлж, өнцөг булан бүр лүү нь шагайж өнгийж явахдаа ядрах, цангахаа умартсан надад л энэ цэцэрлэгт хүрээлэн их тайван санагдсан бололтой. Чимээ шуугиан багатай, нүд булаам цэлгэр ногоон атал тэнд тайван гэгч нь налайн суугаа хүн олон харагдсангүй шүү. Дугуй жийсэн, хөлсөө дуслуулж аахилан гүйсэн, нохой муураа салхилуулсан, тоглож наадсан хүмүүс харин ч нэг эрчилдэж байв. Бүхэл бүтэн 341га талбай газарт барилга байшин чигжчихээгүй, амарч зугаалах талбай хэвээр үлдсэн нь гайхалтай. Централ Парк талбайгаараа Монакогийн Гүнт Улсаас даруй хоёр дахин том ажээ.

Нью-Йоркд ирсэн бол заавал үзэх газруудын жагсаалтад Брүклин гүүр зүй ёсоор бичигддэг. Үүний дагуу Манхэттэний дэврүүн хэмнэлээс түр холдож Брүклиний зүг дугуйгаар жирийлгэлээ. Сонирхуулахад, энд замын түгжрэл манай Улаанбаатарынхаас ялгаагүй их бөгөөд хүмүүс түрээсийн дугуй их унадаг юм билээ. Тэднээс юугаараа дутахав гээд дугуй түрээслэсэн нь олон ч замыг дөтлөж, үзсэн зүйлийн маань тоог нэмэхэд ч нэмэр тусаа өгсөн юм. Нар жаргахын алдад дэлхийн анхны хамгийн урт дүүжин гүүрийг үзэхээр ирэв. Энэ гүүрийг 1883 онд Манхэттэн болон Брүклин дүүргийг холбохоор ган утсан татлагаар өлгөсөн нь цагтаа инженерчлэлийн нарийн ухаан хэмээн олныг шагшруулж, дэлхийн найм дахь гайхамшиг гэгдэж байсан түүхтэй. Брүклин дүүрэгт дэлхийн өнцөг булан бүрээс мөрөөдөлдөө хөтлөгдсөн, тэр тусмаа урлагийн авьяас мэдрэмж нь өндөр хөгжсөн хүмүүс цуглажээ. Учир нь хотын төвд байрны түрээс тэнгэрт хадсан өндөр үнэтэй тул үүргэвчтэй хувцас, өвөр дүүрэн мөрөөдлөөс өөр зүйлгүй шахуу Нью- Йоркийн босгыг давсан тэд хямд байр, тайван орон зай руу тэмүүлж Брүклинийг зорьдог гэнэ.

Уиллиамсбург хорооллын байшингуудын хана өнгө алагласан арт, граффити зургаар дүүрэн бөгөөд Брүклинд тав алхаад л галерей, жазз клубтэй тааралдана. Хүрэн улаан тоосгон байшингууд, эгнэн байрлах кофе шопуудын гадаа голцуу мөстэй американо амтлан суух залуус, гудамжны хөгжимчид болон зураачдыг ажихад эндээс урлаг соёлын тод одод төрөн гардаг нь илэрхий. Инди-рок урсгалын томоохон төлөөлөл “The Storkes” хамтлаг 2000-аад оны эхэн үед Брүклиний клубуудэд тоглон танигдаж, алдрын замналд хэдийн мөрөө үлдээснээс хойш 20 жилийн дараа гаргасан цомогтоо “Brooklyn bridge to chorus” гэх дууг оруулсан нь ч бий.

Худалч хүнд бараг бүх л улс энд дүүрэг бууриа засаж, тэр оронд очсон юм шиг мэдрэгдэхүйц тохижин төвхнөж. Дэлхийн нийслэл гэдэг нь ч үнэн юм аа. Угаас энэ хотын хүн амын 40 хувийг цагаачид эзлэх тул ийм цол зүүх нь гарцаагүй. Чайна таунд хүрч очмогц Хятад хоолны хурц үнэр хамар цоргиж, булан тохой бүрт нь ханзаар бичсэн хаяг пайз харагдана. Элдэв идээ ундаа, өнгө алагласан есөн шидийн хувцас эдлэл, арваалж наймаалж гээд эндхийн гудамж захаар зарагдахгүй зүйл гэж ер алга. Эрээн хотыг мэдэх монгол хүнд бол тэндэхийн гудмаар алхаж байгаа мэт танил.  

Хотын баруун хэсэгт орших Күйнс рүү метрогоор явбал зогсоол ойртох тусам метро зүг нэгтэй, танил зүстэй ази хүмүүсээр дүүрнэ. Хятадууд хэдийн өөрсдийн дүүрэгтээ төвхнөөд амжсан бол Күйнсд Нью-Йорк дахь албан бус Ази дүүрэг бий. Алхам тутамд сүши ресторан, солонгос киноноос харж дассан сөжүний мухлаг тааралдана. Мөн энд латинууд, европууд ч олноороо суурьших аж. Англи хэл ус цас биш ч испани хэлтэй бол энд алзахгүй. Арван жилийн сурагч байхдаа өдөр бүр шахуу иддэг байсан пирожки, лаазыг нь цоо хатгаж задлаад бялууртлаа нэг уучихдаг байсан молокогоо ч орос дүүргээс олж дөнгөнө. 

Үлэмж гэх үг багадам энэ хотод өнгөрүүлсэн өдрүүд, үзэж харсан бүхний дундаас Эрх чөлөөний хөшөөг тольдсон минь сэтгэлд тод үлдэж. Эллис арлаас холгүй орших энэ хөшөөг 1886 онд Францын ард түмэн Америкийн тусгаар тогтнолын 100 жилийн ойд зориулан бэлэглэсэн бөгөөд тэр цаг үеэс хойш сая сая хүний ой тойнд эрх чөлөөний бэлгэдэл болон үлдсэн юм. Үзүүрлээд өрчихсөн харандаа шиг өндөр сүрлэг барилгуудаас хоромхон ч болов холдож, гартаа галт бамбар атгасан Либерти авхайн хөшөө рүү ойртох тусам эрх чөлөө гэх үгийг эд эсээрээ мэдрэх шиг. Нарны гэрэлд хөшөөний ногоон өнгө маргад эрдэнийн адил гялтганан, сүр жавхаа нь улам тодрохын цагт салхи хүртэл илүү зөөлөн сэвэлзээд байна уу гэлтэй. Сүрдэж бахдам хэр нь намуун тайван. Эрх чөлөө ингэж мэдрэгддэг байх нь. 

Эзэнт гүрний сүр хүчийг илтгэн харуулсан, нэгэн зууны дэлхийн хамгийн өндөр барилга болох “Empire State Building”-ийг үзэхгүй бол өөрийгөө Нью-Йоркоор аялсанд бүү тооц гэж “The Guardian” сэтгүүлийн нэгэн нийтлэлээс уншиж байсан юм. ХХ зууны эхэн үеийн Америкийн эдийн засгийн их хямралын үед буюу 1931 онд баригдсан энэ барилгын 86 давхраас доош харахад мөнөөх тэнгэр баганадсан өндөр барилгууд чинь лего шиг жижигхэн харагдах нь тэр. Харц булаам үзэмж харууц нь дэндүү үзэсгэлэнтэй байсан тул золтой л хөл алдаад уначихаагүй. Нью-Йорк яагаад дэлхийн нийслэл, мөрөөдөл биелэх цэг, олон үндэстний хот гээд тоочоод дуусахгүй олон цол гуншинтайн учрыг сая л нэг ойлгох шиг. 

Долоо хоног тавхайгаа эргэтэл хэсүүчилсэн болохоороо Нью-Йоркийг үзээд “барчихлаа” гэж бодсон минь эндүүрэл байж. Үзье гэвэл үнэндээ энд байгаа хором мөч бүрт үзэж харах сонин содон зүйл тааралдсаар л байх шинжтэй. Үлдчихмээр, уусан шингэчихмээр дэндүү увидастай энэ хотыг ховс шидийн гэхэд хилсдэхгүй.  Энд ирсэн хүмүүсийн дийлэнх нь буцаж явмааргүй болж, хорогдох сэтгэл тээдэг гэсэн үнэн бололтой. Гэхдээ түм түжигнэж, бум бужигнасан, завгүй хотын хэмнэлд хэд нь тэсэж үлдэх бол? Урт чацтай энэ хотод урт удаан үлдье гэвэл эд эс бүхнээрээ мөнхийн хурдлах эргүүлэгт хүссэн хүсээгүй яаравчлахыг, тэгээд нэвчихийг шаардана. Тэгж чадсан нь тасралтгүй урагшилна, зогсолтгүй хөгжинө. Яг л Нью Йорк шиг. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энхсүрэн\13.212.107.98
Маш гоё нийтлэл байна баяр хүргье цаашдын ажилд нь амжилт хүсье
ЗОЧИН\18.143.153.102
Сайхан нийтлэл болжээ!🥰
Хиймэл оюун сэтгүүл зүйд хөл тавьлаа | Тэр сэтгүүлчдийг орлох уу, эсвэл сэтгүүлчдэд туслах уу?

Хиймэл оюун сэтгүүл зүйд хөл тавьлаа | Тэр сэтгүүлчдийг орлох уу, эсвэл сэтгүүлчдэд туслах уу?

Өнөөдөр дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд хиймэл оюуныг сэтгүүл зүйн өдөр тутмын үйл ажиллагаандаа өргөнөөр ашиглаж эхэлжээ. “The New York Times” сонины нийтлэлч Бенжамин Муллин болон Кэти Робертсон нарын сэтгүүл зүйн салбар дахь хиймэл оюуны нөлөөллийг шинжилсэн нийтлэлийг уншигчдадаа бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.