UBLife Logo
Longreads

Ухаарч амьдрах хорвоо

Ухаарч амьдрах хорвоо

Оюутнуудын авьяас чадварыг хөгжүүлэх, чадварлаг сэтгүүлчдийг бэлтгэх, дэмжих зорилготой шилдэг бүтээл шалгаруулах “Алтан үзэг” улсын наадмын шилдгүүдийг жил бүрийн 12-р сард тодруулдаг билээ. Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль, МУБИС, МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхим хамтран зохион байгуулдаг тус наадам энэ жил 15 дахь удаагаа болж, өнгөрсөн бямба гараг буюу 12-р сарын 6-нд шилдгүүдээ тодрууллаа.

“Алтан үзэг” наадамд оюутнууд нийтлэл, теле нэвтрүүлэг, радио нэвтрүүлэг, мултьмедиа нийтлэл, нийгмийн реклам гэсэн таван төрөлд өөрсдийн бүтээлээрээ оролцох боломжтой байдаг. Өнгөрсөн жилийн нийтлэлийн төрөлд шилдэгт багтсан 10 бүтээлийг цувралаар хүргэж байна. Энэ удаад өнгөрсөн жил нийтлэлийн төрөлд Тэрүүн байр эзэлсэн МУИС-ийн оюутан М.Дэлэгийн “Ухаарч амьдрах хорвоо” нийтлэлийг хүргэж байна.


Гадаа намар иржээ. Навчсын шуурга зүрх сэтгэлд хуйсагнаж, хөндүүр шархыг илбэнэ. Энэ удаад хэний насны намар ирээ бол... Хорвоод намар ирдгийг мартсан хонгор хүүгийнх ч юм уу...

Хан Хэнтий чуулгын хаалгаар цагаан ороолт, ковбой малгай өмсөж, солгой гартаа гитар барьсаар орж ирэх цэмцгэр эр бол Намдагийн Төмөрхуяг. Тэртээ 1959 оны намар Хэнтий аймгийн Өндөрхөөн хотод Хэрлэн мөрний хөвөөнөө Намдаг болон М.Цэндсүрэн нарын ууган хүү болон мэндэлсэн. Аав Намдаг нь Хэнтий аймгийн Баянмөнх сумын гаралтай аймгийнхаа аравдугаар баазад насаараа жолоо мушгисан. Ажилсаг гэдэг дэндүү, ачаа тээвэр, машин тэрэг, аливаа нэг төлөвлөгөө нормоо үргэлж давуулан биелүүлж, дандаа л шагнал урамшуулал авч, тэргүүн эгнээнд явдаг сайн жолооч. Харин ээж М.Цэндсүрэн нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын гаралтай, “Хан Хэнтий” чуулгын гал голомтыг асаалцсан дуучин билээ. “Нохой Намдаг” бас дууг сөхөрч сууж байгаад л тун чиг сайхан дуулна. Буриад дуу, ардын, уртын гээд дуулахгүй төрөл үгүй. Түүний талаар Сэсэржаагийн Дамчаа гэж агуу уртын дууч “Намдаг шиг Дарьгангын Жаахан шаргыг дуулдаг хүнийг үзээгүй” гэж ярьсан байдаг. Тэр ч байтугай Хан Хэнтийн гургалдай, Монгол улсын Ардын жүжигчин Ч. Шархүүхэнд анх удаа “Жаахан шарга” уртын дуугаа зааж байсан. Хэнтийн театрт анх “Учиртай гурван толгой” дуурь тавигдахад худалдаачинд дуулсан гэдэг.

Н.Төмөрхуягийн дотны найз болох, МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр “Энэ бол ерөөсөө л миний судлаад, хэрэгжүүлэхийг зориод байгаа “Монгол хүний ургийн боловсрол” юм. Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдсэн цагаасаа л хүмүүжиж эхэлдэг. Төмөрхуягийн авьяасын нууц ч ерөөсөө л энэ. Аав, ээж хоёрыг нь таньдаг хүн болгон агуу дуучин хүмүүс байсан гэж ярьдаг юм билээ. Агуу дуучдын дуу хоолойг хэвлийд байхаасаа сонссон болохоороо л манай Төмөрөө тийм агуу дуулж байгаа хэрэг” хэмээн дурслаа.

Ирээдүйд монголын уянгын дууны ханхүү болох залуу хөвүүн зураач болох мөрөөдөлтэй байлаа. Хэнтий аймгийн үлгэр жишээ дөрвөн жилийн бага сургуульд долдугаар ангиа төгсөж, тэр даруйдаа буюу 1973 онд Дүрслэх урлагийн дунд сургуульд шалгалт өгч тэнцээд, намар хүсэн хүлээсэн зургийн сургуульдаа явна даа гэж байтал аав нь “Чамайг хотод аваачиж хог дээр гаргаад яахав дээ” гэж ширүүхэн дуугарлаа. Ингээд л Өндөрхаан хотын ХАА-н Техник мэргэжлийн сургуульд хичээл есөн сард эхэлдэг байтал 11 дүгээр сард, малчин механизаторын ангид элсэн суралцав. Тэр үед техник мэргэжлийн сургуулиуд хангамж сайтай, 165 төгрөгийн стипент өгч, хувцас хунараар ч хангадаг байлаа. Төмөрөө өгсөн мөнгийг нь авч халаасалчихаад, алга болж өгнө. Хичээлдээ суулаа гэхэд ширээн дээрээ элдэв янзын зураг зураад, тэнэж явснаасаа дор юм болно. Багш нар нь хараад загнавал тэр чигтээ гараад явчихна. Заримдаа бүр аавынхаа машиныг унаж ирээд сургуулийнхныгаа элдэж хөөдөг байсан гэж байгаа. Найзуудтайгаа явж байхыг нь хүмүүс харуутаа шууд буцаад зугтаадаг, тийм л золигийн хулигаан эр байж.

Төмөрөө аюулын мэдрэмжтэй хутга шиднэ. Найзуудыгаа хашааны урд талд модон сандал дээр суулгачихаад хоёр гартаа барьсан найман төмөр тонгорогоо шидэхэд л чихнийх нь хоёр талд зоогддог. Дррр гээд л. Яасан ч зоригтой байсан юм. “Хутга шидэж хулигаандахдаа гол нь биш, мэдрэмж гэж агуу зүйл байдаг” хэмээн Хутга Төмөрөө өөрөө хэлж байв. Үнэхээр л тэр хутга шидэхдээ хэнд ч хар буруу санаж, хор хүргэж байсан удаагүй юм. Нас ахисан хойноо хөл нь мэдээ алдаж, таяг тулдаг боллоо. Таяг нь эрэгдэж салаад, дотроос нь харин дөрвөн талдаа иртэй жад гарч ирнэ дээ. Сүүлд Б.Бямбабаяртай цуг хөлөө тойглон, сувилалд хэвтэж байв. Тэнд байхдаа уйдхаараа хутга шиддэг, эмнэлгийн модон цонх салхинд савалж байхад л алдалгүй онодог байж.

Эмээгийнхээ өвөр дээр эрхэлж өссөн Төмөрхуяг багадаа нүдээрээ инээсэн, тун сахилгагүй байрын, орондоо чихэр зөөлгөж, боов боорцог идсэн танхайдуухан амьтан явлаа. “Хан Хэнтий” чуулгын архан талд нүүрний эгнээнд байх тэдний хашаанд Урлагийн Гавьяат зүтгэлтэн “Жонон хонгор”-ын хэмээн алдаршсан Лүндэгийн Дашням, тэдний хадам Алдарт дуучин Сэсэржаагийн Дамчаагийнх гэсэн гурван айл аж төрнө. Тэр үед Төрийн шагналт яруу найрагч Н.Нямдорж, Р.Чойном, бүжиг дэглээч Д.Санжаасүрэн нар ирж нийлж архидан, бөөн л найр наадам болдог байв. Нэг шил архи 26 төгрөг байсан үе. Тэд Төмөрөөд 30 төгрөг атгуулаад архиндаа явуулна. Мань хүн үлдсэн мөнгийг нь хувьдаа урвуулж хатсан алим, молоко энэ тэрхэнд балчир ходоодоо баярлуулж явж. Мөнгө олохдоо ч гол нь биш, ердөө л тэр “том”хүмүүсийн яриа хөөрөө, дуу хуур, шүлэг найраг чинь аймгийн төвийн атаман хүүд гайхамшиг байлгүй яахав. Төмөрөө Л.Дашням багшийнхаа эхнэр Н.Даариймаатай сүрхий найз. Гэрт нь гүйж ороод салахгүй. Нэг удаа орохдоо “Би том болоод дуучин болно. Одоо би “Маамуу нааш ир” дуулахаа больсон. “Элэг зүрх” дуулж байгаа” хэмээн их л том хүн маадайж зогссон гэдэг.

Солгой гараараа гитар тоглодог алдарт дуучин гэвэл дэлхийд The Beatles-ийн Paul McCartney , Монголд “Солгой Төмөрхуяг” байна. Төмөрөөгийн багийн найз “Есөн хуруу” Ганбаа хэмээн хочилдог Дамдиндоржийн Ганбаатар нь Хөгжим бүжгийн дунд сургуулийн морин хуурын ангид суралцаж байгаад хаяад ирсэн. Хөгжимд авьяастай, гитар тоглодог хүү байлаа. Б.Энхболд гэдэг найзтайгаа хоёулаа тэр үеийн “Соёл-Эрдэнэ” гэх мэт том хамтлагуудын гоё аянуудыг хоёр гитар дээрээ зэрэг тоглоод л. Төмөрхуяг алмайрах, атаархахын завсарт нэг оройжин яаж тоглохыг нь харж суулаа. Нөгөө хоёртоо заагаад өг гэж нэг хэлээд үзтэл “Чи солгой юм чинь гитар тоглож чадахгүй” л гэж байна. Тэгэхээр нь хүүхэд болсон хойно хор шар нь хөдлөөд, 35-ын гитар аваад гэртээ тавьчихлаа. Өдөржин тэдний тоглохыг харж, солгой гараар тогловол аль хуруугаа аль утсан дээр тавихаар байна гэдгийг цээжилж байгаа юм. Харин шөнө нь гэртээ нууцаар сургуулилна. Ингэсээр яваад Дарамзагд гуайн “Өргөн сэлэнгэ” дууны аккордыг цээжлээд авчихлаа даа. Өнөөдүүлдээ хэлэхгүй л. Тэгтэл Энхболдод нэг өдөр ажил гараад Ганбаатар хамтарч тоглох хүнгүй болчихсон сууж байна. Мань хүн соль гитараа тоглоод “Өргөн Сэлэнгэ минь холын замдаа...” гээд дуулангуут нь Төмөрхуяг нөгөө гитарыг нь аваад шууд л “Ой дундуур шуугин урсанаа ...” гээд дагалаа. Ингэж “Тээвэрчин” хамтлаг байгуулагдаад Эвлэлийн төв хорооноос цахилгаан хөгжим шагналд авч байв. Автотээврийн 39 дүгээр бааз гэж тухайн үедээ л томд тооцогдох 300 хүнтэй баазад Т.Цамбалхүндэв хэмээх сүүлд МУСТА болох дуучинтай ээлжлэн төмөр хүлгийнхээ жолоог мушгиж, орцны хэмээн алдаршсан уянгын дуунуудыг хангинуулж явлаа.

1979 онд болж Төмөрхуяг 20 нас хүрэв. Армийн торгуулийн батальон 072 дугаар ангид хуваарилагдан, тэндээ гурван жил цэргийн алба хаалаа. Энэ анги нь Сэлэнгэ аймгийн Түнхэл суманд байрладаг, сахилга алдсан офицерийн цолыг хурааж аваад байлдагч болгочихдог. Чанга дэглэмтэй шорон л гэсэн үг. Залуу насандаа жаахан сахилга алдаад л энэ ангид хуваарилагдчихсан хэрэг. Цэрэгт хамт байсан “он жав”-ууд, дарга нар нь түүнд их сайн, халагдсаных нь дараа ч насаараа дуу хуурыг нь сонсон уярч явсан хүмүүс. Урлаг гэдэг чинь хатуу мөсийг ч зөөллөчих чадалтай эд юм шүү дээ. Нэг удаа Н.Төмөрхуяг найз Б.Бямбабаяртайгаа он жав Н.Түвдэнгийндээ очих хүлгийн жолоо залж л дээ. Очиж сархад хүртээд байж байтал цэргийн дарга нь гэртээ урив гэнэ. Давхиад очлоо. Ярьж хөөрөөд нэлээн ч суулаа. Ердөө архи гаргадаггүй. Төмөрхуяг ч тэр үед архи дарс уудаггүй байж. Бямбабаяр харин нэлээн халамцчихсан хүн чинь зоригондоо “Юм хумаа гаргаач ээ” л гэж. Өнөөх дарга харин ханан пийшин дээрээ архинуудаа өрөөд тавьчихсан. Халааж байгаа юм гэнэ ээ. Манай Төмөрөө чинь халааж уудаг шүү дээ гээд л. Тийм л сахилгагүй цэрэг байж дээ. Ангийн даргаараа архи халаалгаж, шанагаар уудаг. Энэ бол ерөөсөө л урлагийн ач гавьяа юм. Банзан гитараа бариад суухаараа л армийн сахилгажуулах батальоны даргыг хүртэл уяраачихдаг цагийг эзэлсэн их дуучинд л оногдох ховорхон тавилан.

Халагдаж ирээд аймгийн баазад ажилд орлоо. Тэгтэл өнөөх эсэргүү Төмөрөө чинь даргатайгаа таарч тохирохгүй болоод, төмөртэй ноцолдож амьдарч чадахгүй нь гэсээр байгаад ажлаасаа халагдчихав. Гурав дөрвөн сар Бэрхийн уурхайд жоншны тэрэг барьж яваад гэртээ ирж. Ирсэн даруйд аав нь “Аймгийн чуулгын Дашням багш, Гомбо багш хоёр чамайг хоёр гурван удаа сураглаж ирлээ. Чи тэд нарт тийм л их хэрэгтэй байгаа юм байх аа. Нэг очиж уулз даа” гэж байна. Очтол Ардын Дуу Бүжгийн Хан Хэнтий чуулга дөнгөж байгуулагдаад, шинээр дуучин авч байна. Төмөрөөг Д.Гомбо багш хөгжмийн ангид авна, Л.Дашням багш дууны ангид авна гэж булаацалдаад... Эцэст нь Л.Дашням багш дийлж Намдагийн хүү Төмөрхуяг, Хан хэнтий чуулгын дуучин Төмөрхуяг болов.

Зун аймгийн цэнгэлдэхэд “Эрээн даавууны баяр” гэж одоогийн “Гоёл” наадам шиг арга хэмжээн дээр Төмөрөө очлоо. Тэгтэл Аймгийн Тээврийн удирдах газрын Үйлдэрчний хорооны дарга Дулмаа гэж эмэгтэй гүйж ирээд “Манай байгууллага урлагийн үзүүлбэргүй болчихоод байна аа, чи халагдчихсан ч гэсэн гараад нэг дуу дуулаач” гэхээр нь нөгөө 35-ын гитараа бариад л дууллаа. Дуу нь аймаг даяараа хангинаж байна аа. Өмнө нь ямар тийм юм үзсэн биш. Урамшаад л хоёр, гурван дуу дуулчихав. Тэгэхэд л Дашням багш нь олж хараад, заавал дуучин болгоно хэмээн зорьсон нь энэ юм билээ. Төмөрхуяг сүүлд нэг ярилцлагадаа “Багшийнхаа буянаар л би хэд гурван дуу дуулж, монголын ард түмэнд танигдсан даа” хэмээн дурссан байдаг.

***

Төмөрхуягийг хайрлах шалтгаан мундахгүй л олон байна. Амьдралд учрах олон сайн нөхдийнх нь нэг Чүлтэмсүрэнгийн Ганбаатар гэж яруу найрагчийг ямар ч үед Төмөрхуяг хаяагүй, хажуудаа авч явсан юм. Өнөөх нь байж байгаад л шоронд орчихно, эсвэл шарлаад халдвартад хэвтчихнэ. Араас нь өнөөх Төмөрөө нь л ар гэр, хамаатан садан шиг нь явдаг байсан.

“Зураг зурж, хөгжим тоглох нь солгой

Зусаргүй хатуу үг нь халгай

Намдаг гуайгаас өвлөсөн хоолой нь намбалаг

Нанжид өргөдгүйг нь бодохоор ямбалаг

Архинд халамцуу явахад минь сургаараа намайг айлгасан сахалтай бурхан

Аавыг минь оронд аав болж сураар намайг ороолгосон гэзэгтэй мангаа” гэж яг л Төмөрхуягийг нүдэнд харагдтал бичсэн. Энэ бол нөхөрлөл юм. Мань Ганбаа архи ууна, архины мөнгөгүй болохоороо хулгай хийнэ. Гэхдээ зориуд цагдаа сэргийлэхийн том том офицеруудын гэрийг очиж ухдаг, одон медалийг нь хамж аваад Хэрлэнгийн ус руу чулууддаг “хачин” хүн байсан. Ч.Ганбаатар 1992 онд хэрэг хийж Багануурын хориход ороод, оргож явахдаа хянагч нарт баригдаж, зодуулаад шоронгийн эмнэлэгт хэвтлээ. Бие нь муу хэд хонож байгаад муу найзыгаа эргэж очиход нь сүүлийн амьсгалаа татсан гэдэг.

Ард түмний хайртай дуучин болсныхоо дараа Төмөрхуяг гурван том мөрөөдөл тээж явсны нэг нь хайртай найз Доён хэмээх Чүлтэмжамцын Ганбаатарынхаа шүлгийн номыг эмхэтгэж хэвлүүлэх явдал байсан. “Эзэн нь уншихгүй номын тавилан” хэмээн том дэвтэр дээрээ гарчиглаж байгаад шүлгүүдийг нь энд тэндээс олж, ном хэвлүүлэхээр хандив, тусламж цуглуулж байсан ч хэвлэгдэх хувьгүй л байсных уу, үйл хэргээ гүйцээж амжаагүй юм.

Нөгөө хоёр мөрөөдөл нь “Дууныхаа цомгийг хэвлүүлэх”, “Бие даасан тоглолтоо хийх” байж, хоёулаа биелсэн билээ. Н.Төмөрхуяг 1993 онд Соёлын гавьяат зүтгэлтэн “Дэрэнгийн хар азарга” хэмээн алдаршсан Ч.Чимиддорж агсан, “Баянмонгол” симфони найрал хөгжимтэй хамтарч “Морьтой дуу” тоглолтоо хийсэн. Мөн 1996 онд “Амьдрал хайр дээр тогтдог” дууны аяыг зохиосон дуучин С.Цэрэнчимэд, “Чандмань эрдэнэ” дууг дуулсан Г.Мөнхбаяр нартай хамтарч “Уянгын дууны гурван уулзвар” тоглолтоо Соёлын төв өргөөнд тоглов.

Харин уран бүтээлийн анхны бөгөөд сүүлчийн бие даасан тоглолтоо 2014 онд “Хорвоод ганцхан ээждээ” дуугаараа нэрлэсэн. Нутгийн дуучин дүү Балдан нь энэхүү тоглолтыг нь зохион байгуулж, тоглолтон дээрээ Төмөрөө монголын ард түмнээсээ байрны түлхүүр гардаж авсан билээ. Үүний дараа 2015 онд тэрээр “Солгой Төмөрхуяг” нэртэй цомгоо гаргаж, түмний хүртээл болгосон.

Тэр дуулна, ая зохионо. Яруу найргийг ойлгож мэдрэх нь ямар тансаг... Ардын уран зохиолч Д. Пүрэвдоржийн “Сумын наадам” шүлгийг олж таашаагаад ая хийж, өөрөө дуулсан нь бас л олон сумын наадмын чимэг болсон дуу.

***

Төмөрхуягийн монголын ард түмний хайртай дуучин болох замнал Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Бавуугийн Лхагвасүрэнтэй салшгүй холбоотой. Б.Лхагвасүрэнг Монголын радиогийн хөгжмийн редакцид редактораар ажиллаж байхад сайн найз Дүгэржавын Амгалан нь Хэнтий аймгаас ажлаар ирлээ. Тэр үеийн нарийхан хальстай дуу хураагчаараа муухан бичлэгтэй гурав, дөрвөн дуу авчирсан нь Төмөрхуягийн дуунууд байж. “Тэр дууг сонсоод би их сонин, хүчтэй биш мөртлөө сэтгэлд ойрхон санагдсан” гэж Б.Лхагвасүрэн “Төмөрхуяг нэвтрүүлэг”-т орохдоо дурссан байдаг. Дараа нь тэрбээр УГЗ П.Хаянхярвааг Хэнтий аймаг руу томилолтоор явахад нь “Чамд их олон сайхан дуунууд байдаг. Тэр дуунаасаа гурван дуу ямар ч байсан бичүүлээд явуулна шүү” гэж конвертгүй, нугалсан цаасан дээр бичээд илгээж. Түүнийг нь уншсан Төмөрхуяг мотоциклтой давхиж гитараа авчраад Хаянхярваад дуугаа сонсгосон байна. Ингэж л монголын радиогоор Төмөрхуягийн дуу эгшиглэж, монголын ард түмэн түүний дуулахыг чихээрээ амссан түүхтэй юм.

Төмөрөө 1991 онд Улаанбаатар хотын захиргааны дэргэдэх эстрад дуу бүжгийн Варьете чуулгад дуучнаар ажиллах урилга өвөртлөн хотод ирлээ. Улаанбаатар хэмээх их айлд Төмөрхуягийн гэр бүлд унтах газар олдохгүй явтал Лхагвасүрэн “Чи манай Дэнжийн мянгын хашаанд буу. Манайх тэнд 26 жил амьдарсан. Ээлтэй газар байгаа юм. Том хүү Равжаа маань одоо амьдарч байгаа” гэж хэлснээр тэнд анхлан хотын амьдралаа төвхнүүлжээ.

***

Халин халин нисээд ирсэн шувууд

Харзны усанд элгээ жиндээн ганганах юм

Харын хар нүдэн чамайгаа

Харж л суух минь хэзээ л юм бол доо

1987 оны намар Цэргийн ансамблийн баян хуурч Бадарчийн Магсаржав, Намдагийн Төмөрхуяг нар албан ёсоор биесээ мэдэлцэж, “ажил эхэллээ”. Тухайн жилийнхээ 12 дугаар сард залуус “Зүүдэн бороо” дуугаа монголын радиод бичүүлж, 1988 оны “Морин хуур” наадамд Б.Магсаржав тэргүүн шагналын эзэн болов. Энэхүү дууны шүлгийг Б.Лхагвасүрэн галт тэрэгний цайны газар харсан хар нүдэн эмч бүсгүйг харж бичээд, харин Б.Магсаржав нэгдүгээр купенээс есдүгээр купен хүртэлх замд зохиосон. Ингэж бүтэн дуу ердөө 30 минутын дотор бүтсэн түүхтэй.

Дараа нь Б.Магсаржав, Д.Амгалан нар “Насны намар” гэдэг дуу хийчхээд Төмөрхуягийг дуулахыг гуйжээ. Дуулсаан. Гэхдээ энэ дууг дуулахад өөрийн нь ээж болон аавынх нь ээж хоёр амьд сэрүүн байж. Төмөрхуяг харин тэр хоёр ээжийгээ бурхан болоход хажууд нь байж халуун гарыг нь атгаж чадаагүй юм. Бүр сүүлд аав нь “Чи хоёр ээжийгээ амьд байхад нь айхтар дуу дуулчихсан юм, яг л ёсоороо боллоо” гэж хэлж байсан.

Энэ дууны аяыг хийхдээ Магсаржав ээжийгээ амирласныг сонсоод Увс аймаг руу нисч байх замдаа бичиж, шарил дээр нь аваачаад “Монголын ард түмний хайртай дуу болгоно” хэмээн амласан юм гэнэ. Дууны үгийг бичсэн Д.Амгалан ч мөн л адил ээжтэйгээ уулзаж амжаагүй сэтгэлийн сорвитой эр байсан юм. Уран бүтээлч хүмүүс бие биенийхээ зүрхний нандин юмыг олж мэдэрч, нэгэндээ хань бараа болж буй нь энэ биз ээ.

“Үсний сор минь мөнгөрөх тусмаа

Үгүйлэн санах юм төрсөн нутгаа

Уулзаж амжаагүй ээжээ бодохоор

Уугуул нутаг минь алсраад байх юмаа

Насны намар гадаа ирэхэд

Нартын жамыг ухаарах юм даа хө”

***

“Би авьяастай хүнд л тун их хайртай. Орост сурч байгаад, ирээд байтал радиогоор “Амьдрал хайр дээр тогтдог....” гээд л нэг нөхөр дээд өнгөөр эвтэйхэн дуулаад байна шүү. Би ч овоо муу гар вэ гэж бодоод л... Төмөрөө ч бас намайг мэддэг байсан юм билээ. Анх Багшийн дээдийн урлаг зааланд танилцаад, дараа нь надад нэг шүлэг өгсөн. Чойномын гунигт дуу. Тэрэнд нь би ая хийгээд “Гунигийн дуу” нэр өгч Төмөрөө дуулсан. Дараа нь Цэрэнчимэд, тэгээд Со гитартай монголын радиогоор дуулж ард түмний хүртээл болгосон. АПУ-г хөл дээр нь босгосон хоёр юм байдаг юм. Нэг нь би, нөгөөх нь бид хоёрын хийсэн “Гунигийн дуу”” МУУГЗ, хөгжмийн зохиолч, “Монгол хөгжим” төвийн тэргүүн Б.Бямбабаяр найз нь анх нөхөрлөсөн түүхээ ийн дурсана.

“Төмөрхуяг их хямсгар зантай, муухай ааштай хүн шүү дээ. Ганган ч гэж. Хувцсан дээр нь хялгас наалдчихсан байвал ярвайж авч хаяад л, сүйд болно. Би ч бас тийм сайхан ааштай хүн биш л дээ. Бид хоёр хоёулаа урлагт хайртай, би Төмөрөөгийн дуулахыг биширч сонсдог болохоороо л тийм олон жил нөхөрлөсөн хэрэг. Аа, бас хоёулаа мөнгөтэй хүнд дургүй. Манай Төмөрөө чинь дарга хүнийг үзэхгүй шүү дээ. Маш гоё зурна, бичиг үсгийн чадвар сайтай, нотыг хачин гоё бичнэ. Бид нар хөдөө бригадаар тоглолтоор явахдаа ватум цаас аваад явчихдаг байсан. Очингуутаа Төмөрөө тоглолтынхоо зарыг зурахыг нь зураад бичихийг нь бичээд хадчихдаг байлаа” Бямбабаяр түүний талаар бас ийн өгүүлнэ.

***

Тэр эмэгтэй хүний хайраар бялхаж бас дутасхийж амьдарсан. Ар, өвөр монголгүй бүсгүйчүүдийг хуйлруулдаг, өндөр хамартай царайлаг эр явлаа. Залуудаа хүүхнүүдийн захианд ёстой л хөвөнгөө даахгүй бөхийсөн улиасны мод шиг дарагдаж явсан цэмцгэрхэн эр шүү дээ. Түүний захианууд есөн шуудай болж байсан гэх үлгэр домог шиг яриа бий. Тэр дотроос Жаргалханд эгчийн захиа хамгийн онцгой нь байсан гэх өв залгамжлагч, дүү Н. Нэргүйн үг ч бий. Төмөрөө хайрлаж дурлаж явсаан. Анхны ханьтайгаа Хэнтий аймагт амьдралын гараагаа эхэлж гурван сайхан хүүгийн ээж, аав бололцов. Гэвч тэр бол ганцхан Намдагийн Төмөрхуяг байхаа нэгэнт болж Монголын Төмөрхуяг болсон дуучин хүн. Гэр бүлээ орхиод гурав дөрвөн сар хот, хөдөөгүй, бригад, сумын төвгүй тэнэж явах энүүхэнд. Ямар сайндаа л Бавуугийн Лхагвасүрэн “Хэрлэн мөрөн хотор урсаад, Хэдэн сарын нүүрийг үзлээ” гэсэн шүлэг хүртэл зохиох билээ. Нэг удаа тэгж яваад гэртээ харьтал эхнэр нь хөл хүндтэй болсон байж. Хэвлийд нь өөр хүний үр бүрэлдэж буй ханиа тавьж явуулах, холоос хайрлана гэдэг... . Дараа нь хамгийн онцгой захианы эзэн Жаргалханд бүсгүйтэй учирсан ч амьдралын тойргоор дахиад л алсарч орхисон юм. Авьяастай хүний хань байна гэдэг...

***

Хан Хэнтий чуулгад байхдаа нэг удаа ажилдаа очилгүй хоёр хонолоо. Дарга нартайгаа таарахгүйгээс тэр. Тэгтэл “Жамбын Батмөнх дарга ирнэ гэнэ, ажилдаа оч гэж байна” гэсэн мэдээ ирэв. Ирсэн хүнд Төмөрөө “Битгий солиор. Жамбын Батмөнх байтугай Ленин багш нь босоод ирлээ гэсэн ч би очихгүй ээ” гэж хэлээд явуулсан байгаа юм. Өнөөх нь энэ хэлснийг яг тэр чигээр нь дамжуулаад зургаан сарын цалин нь улсын мэдлийн боллоо. Амнаасаа болж энэ мэтийн шийтгэл олныг амссан даа. Эсэргүү юм ярьдаг хэрэгтэй аймгийн чуулгын тайзан дээр гоцлол дуулах эрхгүй. Хөдөө бригадаар урлагийн тоглолт хийж явахдаа л гоцолж дуулах завшаан тохиодог байж. Эмээ нь түүний энэ байдалд зовсондоо “За хүү минь дуугүй байсан хүн бүтэж үхдэггүй юм шүү” гэж нэгэнтээ хэлж байжээ.

Ардчиллын салхи сэвэлзэн сэвэлзсээр 1989 онтой золгов. Тухайн жил Залуу уран бүтээлчдийн хоёрдугаар зөвлөгөөн болж Хэнтийгээс яруу найрагч Б.Галсансүх, аймгийн чуулгын н.Авирмэд мэтийн тав, зургаан залуу зорин ирж оролцохдоо Ардчиллыг дэмжиж МоАХ-нд гишүүнээр элсэж байлаа.

Энэ явдлаас ч өмнө 1988 онд Төмөрхуяг хотод тоглолтонд уригдан ирдэг болсон байлаа. Их сургуулийн хоёрдугаар байранд найз Санжаагийн Гантөмөрийндөө ирээд л хэвтчихнэ. Нэг удаа ширээн дээр нь саарал хавтастай юм байхаар аваад үзсэн чинь Баабарын 1988 онд бичсэн нийтлэлүүд дурайж байв. Бүгдийг нь уншиж, гайхаад, тархи толгойгоо цэнэглэж авсан. Дараа нь нэгдүгээр эмнэлэгт хэвтэхдээ дэмий байхаар өнөөхийгөө хуулаад, хадгалаад авъя, цаашаа янз бүрийн хүмүүст уншуулвал хэрэг болох юм байна гэж бодоод том хүрэн дэвтэр дээр бичээд авсан. Үнэхээр л хэрэг болж 1990 оны сүүлээр огт танихгүй хүн ирээд “Би хотоос явж байна, Баабарын бичсэн нийтлэлүүд танд хадгалагдаж үлдсэн байж магадгүй гэж хүн хэлсэн юм” гэж. Хотод ардчилал үүсээд нийтлэлээ хэвлүүлэх болсон чинь Гантөмөрийнд байсан эх гар бичмэл алга болчихож л дээ. Ингэж л ардчиллын гарын авлагыг хадгалан үлдэж, “Алтан хараацай” болсон юм шүү дээ, Төмөрөө чинь.

***

“Дуучин хүн өөрийнхөө амьдралыг л дуулдаг юм болов уу даа. Би урлагийн сургуульд сурсан бол дуучин болж чадахгүй. Харин зураач болсон бол гайгүй хол явах байсан болов уу гэж боддог юм” хэмээн Төмөрхуяг ярьж байлаа. Дуучин биш дуучны монголын ард түмэнд таниулсан Хэрлэн гол намуухан урсана. Хөвөөн дээр нь дууны шүлгийн мастер Д.Амгалангийн үг, Б.Сүхбаатарын аялгуу “Саа мөнгөн Хэрлэн” дууны хөшөө сүндэрлэнэ.

Төмөрхуягийг монголын төр үнэлэхгүй л байлаа. Ардчиллын найзууд нь гавьяатад тодорхойлох гэж оролдсон боловч “Энэ хүн чинь СТА цолоо ч аваагүй юм байна шүү дээ” гээд халгаасангүй. Харин ард түмэн түүнийг хамаг чадлаараа хайрлаж байв. 2006 онд “Монголын авьяастны төлөө холбоо”-оос Монголын ард түмний дунд санал асуулга явуулж түүнийг “Ард түмний гавьяат” цолоор өргөмжлөв. Дараа нь 2012 оны 12 сарын 21-нд, “Дэлхий сүйрэх өдөр” тэр Соёлын Тэргүүний Ажилтан цолоор энгэрээ мялааж, 2015 онд албан ёсоор Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол хүртсэн юм.

Дуугаа дуулж байхдаа харцаараа бүхнийг энэрч хайрлаж, нүдээрээ л бүхнийг хэлдэг. Аргадаад байгаа юм шиг, учирлаад ухааруулах гээд байгаа юм шиг дуулна. Хүнд дандаа сайн сайхныг хэлж явдаг хүн учир дуу хуур нь тийм сайхан байхаас ч аргагүй дээ. Насныхаа сүүл хэрд архинд халамцах өдрийн тоо ихсээд ирэв. Шүтэн бишрэгчид нь түүнийг хайрлах гэхдээ архиар дайлна. Дууг нь сонсохын тулд архи бариад очно.

Нийгэм солигдох 1990-ээд оны эхээр монголчууд усанд хөл алдаж байгаа юм шиг л холбирч байлаа. Энэ үед Төмөрхуягийн дуунууд хамгийн их дуулагдсан. Түүний дуунд зайлшгүй ямар нэгэн гуниг байдаг болохоор. Гунигаа нимгэлэх гэж дууг нь сонсдог байж, гунигийг нь хуваалцах гэж архиар дайлдаг байж.

“Томоогүй явж боллоо ээжээ

Тогоруу буцаж зэгэс шаргалтлаа

Хорвоод намар ирдгийг мартсан

Хонгор хүүгээ уучлаач ээж ээ”

Төрийн соёрхолт зохиолч Санжаажавын Оюуны шүлэг, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзоригийн аялгуу “Хорвоод ганцхан ээждээ” дууны зөвхөн энэ бадгийг 1990-ээд онд шоронгийн хоригдлууд хоорондоо дамжуулаад, тэмдэглэлийн дэвтэр дээрээ хуулж бичдэг байсан гэдэг.

***

Гадаа дахиад л намар иржээ. Навчсын шуурга зүрх сэтгэлд хуйсагнаж, хөндүүр шархыг илбэнэ. Энэ удаад хэний насны намар ирээ бол... Хорвоод намар ирдгийг мартсан хонгор хүүгийнх ч юм уу...

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Урт чацтай хотод зорчсон тэмдэглэл: Нью-Йорк юунд тэгтлээ яарнам

Урт чацтай хотод зорчсон тэмдэглэл: Нью-Йорк юунд тэгтлээ яарнам

Л.Түдэв гуайн 1987 онд бичсэн “Нью-Йорк. Урт чацтай хот’’ нийтлэлийг эрэл сурал болон олж, шимтэн уншсанаас гурван сарын дараа дэлхийн нийслэл гэгддэг хотыг өөрийн нүдээр тольдох хувь тохиосон билээ. “Их хотын секс” /Sex and the City/ киноноос эчнээ мэдэх энэ хотын амин сүнс нь чухам юу болохыг мэдэх хүслээ өвөртлөн, жил

Хиймэл оюун сэтгүүл зүйд хөл тавьлаа | Тэр сэтгүүлчдийг орлох уу, эсвэл сэтгүүлчдэд туслах уу?

Хиймэл оюун сэтгүүл зүйд хөл тавьлаа | Тэр сэтгүүлчдийг орлох уу, эсвэл сэтгүүлчдэд туслах уу?

Өнөөдөр дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд хиймэл оюуныг сэтгүүл зүйн өдөр тутмын үйл ажиллагаандаа өргөнөөр ашиглаж эхэлжээ. “The New York Times” сонины нийтлэлч Бенжамин Муллин болон Кэти Робертсон нарын сэтгүүл зүйн салбар дахь хиймэл оюуны нөлөөллийг шинжилсэн нийтлэлийг уншигчдадаа бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.