“Би чамтай оюун бодлоо бас бие оршихуйгаа хуваалцсан ч энэ бүхэн одоо дууссан” хэмээн эхлэх Лана Дел Рейн студийн хоёр дахь цомог “Ultraviolence” гарснаас хойш хэдийн 11 жил өнгөрчээ. Эд баялаг, мансууруулах бодис, өөрөөс нь насаар ахимаг эрчүүд, хүчирхийлэл, хортой харилцаа гээд тэр бүр эмэгтэй дуучдын хөнддөггүй адармаатай сэдвүүдийг уянгалаг өгүүлэх тус цомог нэг төрлийн соёлын бэлэг тэмдэг болсон гэхэд хилсдэхгүй.
“Born To Die” цомог Ланад алдар нэрийг авчирсан ч багагүй шүүмжлэл дагуулсан бол “Ultraviolence” түүнийг тааварлашгүй, этгээд ертөнцтэй уран бүтээлч гэдгийг дахин баталсан. Эл цомог сонссон бүхний сонирхлыг татаж, шаналмаар, өрөвдөж гомдмоор янз бүрийн жигтэй мэдрэмж төрүүлдэг гол шалтгаан нь Лана өгүүлэмжийн жолоог илт атгасан явдал. Тэрээр өмнөх цомогт нь зонхилох поп элементүүдээс ялгаатай рок, жазз, блюз хэмнэлүүдийг “Ultraviolence”-д шингээхийг зорьсон юм. Дуу бүрийн өгүүлэмжид 60-70-аад оны рок, психеделик, джаз, блюз элементүүд орсон. Цомгийн нэрний хувьд “hydrangea” буюу хортензия цэцгийн цэнхэр ба ягаан өнгөний эсрэгцлийн уур амьсгалыг төсөөлж оноосон бөгөөд гүн гүнзгий гуниг шаналалын мэдрэмжүүдийг төлөөлжээ.

Анхнаасаа л “Ultraviolence” их борлуулалт, алдар нэр, амжилтын төлөө бус Лана өөрийн амьдрал, дотоод ертөнцөд нь буй мэдрэмжүүдээ уран сайхны хүрээнд илэрхийлэх орон зай болох зорилготой байв. Цомгийн гол цөм нь эрх мэдлийн тэнцвэргүй харилцаа. Лана энд хайр дурлалыг романтик, гэгээн байдлаар бус донтолт, хүчин мөхөсдөл, өөрийгөө үгүйсгэх хэлбэрээр дүрсэлдэг. Нэрнээсээ эхлээд л Лана хүчирхийлэл гэх үгийг зөвхөн бие махбодийн бус сэтгэл зүйн, ёс суртахууны түвшинд олон дурддаг.

15 дуунаас бүрдэх, 69 минут үргэлжлэх тус цомог “Cruel World” дуугаар эхэлнэ. Эмх замбараагүй атлаа гунигт автуулам зураглалыг илтгэх шүлэгтэй, сонсмогц элдэв сөрөг бодрол төрүүлэм хөгжмийн найруулга нь “Ultraviolence”-ийн кино мэт төсөөлөгдөх харанхуй орон зай руу хөтөлнө. Энд Лана “Born to Die”-ийн аврал эрсэн эмэгтэйн дүрээс холдож, хортой харилцаанд цэг тавих зоримог мөчүүдийнхээ нэгийг харуулдаг. Бурхан, мөнгө, бэлгийн харилцаа, донтолт гэх мэт өмнө Ланагийн уран бүтээлүүдэд дурдагддаг байсан сэдвүүд хэвээр ч энэ дуунд тэдгээрийг хянах хүч нь түүнд байв. Энэ хүч чадлын өөр нэгэн жишээ бол “Money, Power, Glory”. Христийн шашны ариун гурвалын ёжлол болсон энэ дуу анхны цомгийнхоо дараа олон нийтээс авсан шүүмжлэл, хэвлэл мэдээллээс авсан дайралтуудад өгсөн хариу юм. Лана “The Guardian” сэтгүүлд 2014 онд өгсөн ярилцлагадаа “Нэр хүнд, эд баялаг, эрх мэдэлтэй байснаар л тэд намайг хүлээн зөвшөөрөх юм шиг санагдсан” гэж хэлсэн байдаг. Хэтэрхий материалист, эрх мэдэл алдар нэрд донтсон гэж олон нийтийн Ланад оноосон дүрийг тэр үгүйсгэхийг оронд хүлээн зөвшөөрч, бүр магтан дуулсан нь энэ. Өгүүлэмжийнхээ жолоог дахин өөртөө татсан хэрэг.

“Fucked My Way Up To The Top” бол түүний тухай хамгийн бүдүүлэг, байж боломгүй цуурхлыг шууд гарчиг болгож, ямар ч тайлбаргүйгээр үлдээдэг. Түүний карьер ахиж, хөгжмийн салбарт алдартай болсон шалтгааныг биеэ үнэлэлт, хөгшин эрх мэдэлтэй эрчүүдтэй нэр холбон тайлбарлах хандлага хэвлэл мэдээлэл, олон нийтийн дунд удаан хугацаанд оршсон. Лана энэ цуурхлыг үгүйсгэхээс илүүтэй “Та нар намайг юу гэж боддогийг мэдэж байна” гэж, дуугүй хүлээн зөвшөөрч байгаа мэт дүр эсгэнэ. Энэ нь дуулиан шуугианаас зугатах, буулт хийх бус хяналтыг гартаа авах оролдлого байв. “Top” буюу оргил нь уран бүтээлийн гавьяа ч биш, алдар нэрийн ялалт ч биш. Харин олон нийтийн ухамсарт орших оргил цэг. Өөрөөр хэлбэл, олон нийт түүнийг юу гэж тодорхойлж, хаана тавина, яг тэр газрыг нь, нэр хочыг нь Лана өөрөө эзэмшиж буйн илэрхийлэл юм. Цомгийн бусад дуунуудад Лана хайр дурлал, донтолт, эрх мэдлийн тэнцвэргүй харилцаанд хэрхэн хүчгүйдэж байгааг харуулдаг бол энэ дуу түүнийг гаднаас нь хэрхэн харж, хэрхэн дүгнэж ирснийг ил гаргана. Хохирогчийн дүрээс алхам ухарч, өөрийнх нь тухай элдэв яриаг өөрийн амнаас унагаж буй мөч нь энэ. “Ultraviolence” дотор Лана хамгийн эмзэг атлаа эрх мэдэлтэйгээр энд л оршдог.

Гэвч цомог цааш өрнөхдөө ийм эрх мэдэлтэй дүрээр хязгаарлагдахгүй. “Ultraviolence” дуу бол Лана өөрийн бүтээсэн эмзэг, романтик дүрийг хамгийн аюултай цэгт нь авчирсан мөч. Энэ дуунд өмнөх бүтээлүүдэд нь олонтаа дүрслэгдэх хайр дурлалаас улбаатай гуниг гутрал, хүсэл тачаал, донтолт зүгээр нэг сэтгэл зүйн асуудал байхаа больж, хүчирхийлэл рүү шилжинэ. Лана энэ харилцаагаа гоё сайхнаар илэрхийлэхгүй, бас шуудхан буруутгахгүй. Харин хүчирхийлэл хэрхэн “хайр” гэх үгийн дор хэвийн мэт болж, эмэгтэй хүний оюун санаанд хүртэл зөвтгөгдөж эхэлдгийг харуулна. Цомгийн ерөнхий консепцоос авч үзвэл энэ дуу “Born to Die”-аас эхлэсэн сохор дурлал, авралд найдах романтик төсөөллийн оргил цэг болоод төгсгөл ч болно. “Гоо үзэсгэлэн, догшин авираар ивээгдсэн” гэх мөр нь уламжлалт “femme fatale” дүрийг илтгэнэ. Гаднаа уян зөөлөн, үзэсгэлэн гоо харагдавч тэр төрхөнд баймгүй хүч, уур хилэнг дотроо агуулдаг эмэгтэйг төлөөлж буй юм. Гэвч энэ удаад тэр хүч дотогшоо чиглэж, хамгаалалт бус өөрийгөө хайр дурлалд золиослох шалтаг болж хувирна.

“Жимийн хэлснээр, тэр намайг цохивол үнсэлт адил мэдрэгдэнэ. Тэр намайг өвтгөсөн ч яг л жинхэнэ хайр мэт мэдрэгдсэн”
Дээрх мөрүүд хүчирхийллийг романтикаар мэдрэн сайшааж буй мэт сонсогдовч үнэн хэрэгтээ хортой харилцаанд сохорч, хөл алдах нь эмэгтэй хүнийг хэрхэн өвдөлт, хүчирхийллийг хүртэл зөвтгөж, зөөлрүүлж хүлээн авахад хүргэдгийг илэрхийлнэ. Хайр дурлалын сохор романтизм, эрх мэдлийн тэнцвэргүй харилцаа, эрэгтэй хүний давуу байдалд автсан сэтгэл зүй нийлж, хүчирхийлэл хүртэл хайр шиг санагдах тэр аймшигтай мөчийг Лана тайлбарлахгүйгээр зүгээр л хэлээд тавьж байна. Иймээс “Ultraviolence” нь хүчирхийллийг гоё сайхнаар илэрхийлэх оролдлого гэхээсээ илүү, тийм гоо зүй хэрхэн бий болдгийг харуулсан дуу юм.

Дуунд олон дурдагдах “Жим” гэх дүр сонсогчдод ганц хүнийг бус, тодорхой төрлийн эрх мэдлийг төлөөлүүлж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг нь санамсаргүй биш. Зарим сурвалжууд, фенүүдийн ам дамжсан ярианд Жим бол Ланагийн Нью-Йоркд танилцсан, underground уран бүтээлчдийн культийн ахлагч гэх нь бий. Энэ нь баримтаар батлагдаагүй ч дууны өгүүлэмжтэй гайхалтай нийцдэг учраас нууцлаг онол, таамаг хэлбэрээр оршсоор ирсэн. Дуунд өгүүлснээр Жим нь хайр дурлалаар дамжуулан нөмөр нөөлөг, хамгаалалт санал болгодог атлаа яг ингэж өөртөө татан, манипуляци хийдэг. “Тэр намайг цохивол үнсэлт адил мэдрэгдэнэ” гэх мөрийг үүнтэй холбон тайлбарлавал, бие махбодын хүчирхийллээс гадна оюун санааг нь хүртэл хяналт, харизмаараа дамжуулан өөрчилж, үнэт зүйлсийг нь эвдэж, хүчирхийллийг хүртэл хайр мэтээр ойлгуулж ирсэн харилцааны талаар өгүүлж байна. Ийм төрлийн харилцаанд хайр, итгэл үнэмшил, эрх мэдлийн хооронд ямар ч хил хязгаар үгүй болдог. Эмэгтэй нь өөрийгөө “үзэсгэлэнтэй агаад догшин” гэж ойлгож эхллэх ч энэ хүч, догшин авир өөрийнх нь бус хосынх нь мэдэлд оршиж байдаг. Тэр өөрийгөө хэн болохыг өөрөө тодорхойлохлоо больж, харин түүнийг Жим хэрхэн харж, ямар байлгамаар байна, түүгээр нь өөрийгөө мэдэрдэг болно. Жим гэх нэр энд бодит хүний нэр гэхээс илүү дүрийн илэрхийлэмж, эрх мэдэл, хүч чадлын бэлгэдэл мэт ажиглагддаг.

Харин намуухан, удаан хэмнэлээр эхлэх ч психоделик темпийн огцом шилжилттэй “Brooklyn Baby” дуунд Лана 2010-аад оны эхэн үеийн Нью Йоркийн урлаг соёлын орон зайг биширч бас ёжлоно. “Old Money” дуунд Ромео ба Жулъетта киноны хөгжмийг сэмпл хийж ашигласан нь романтик хийгээд эмгэнэлтэй харилцааны уур амьсгалыг мэдрүүлэх түлхүүр болсон. Цомгийн гол сингл болох “West Coast” бол сэтгэл зүйн эргэлтийн цэг болсон. Дуу тайван, сул цохилтот хэмнэлээр эхлэх ч дахилт хэсэгт удааширч, дахин хурд авдаг. Энэ огцом өөрчлөлтүүд зүгээр нэг хөгжмийн шийдэл бус Ланагийн тухайн үеийн сэтгэл зүйн тогтворгүй байдлыг илэрхийлнэ. Зүүн эрэг, Баруун эрэг хоёрын хоорондох таталцал энд зүгээр газар зүйн ялгаа биш. Нью-Йоркийн хурдан дэврүүн хэмнэлтэй орон зай болон Калифорнийн тайван, үүлэн дээгүүр хөвж, мансуурсан мэт амьдралын заагт Лана гацсан мэт дүрээр гарч ирдэг. Хайр дурлал түүнийг хаашаа аваачихыг тэр өөрөө ч тааж ядна.

Цомгийн эх хувилбар Нина Симоны “The Other Woman” дууны ковероор төгсөж, эмзэг, зөөлөн эмэгтэйн дүр дахин сэргэнэ. Харин deluxe хувилбарт багтсан “Black Beauty” дууг цомгийн эх хувилбараас хассан нь өнөө хэр тайлбаргүй нууц хэвээр.

