Энэ шинэ оныг ганцаараа угтахаар болсон бол та дараах 9 зүйлийг туршаад үзээрэй. Нэг талаар сонирхолтой туршилт, нөгөө талаар өөртэйгөө илүү ойр байж, ирээдүйн өөрийгөө танин мэдэх, илүү итгэлтэй болох, одоогоо мэдрэх боломжуудыг олгох болно.
1. Шөнийн хотыг холоос ажигла
Цонхоороо, эсвэл өндөрлөг газраас хотын гэрлүүдийг болон галт наадмыг хараарай. Айлуудын цонх бүр өөр өөр түүхийг нэвтлэн гэрэлтэж байгаа. Та ч бас энэ хотын нэгэн гэрэл нь шүү дээ. Тиймээс хүйтэн, харанхуй дундах гэрэл гэгээг мэдэрч, хүслээ шивнэн зогсох нь танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

2. Ганцаараа ч байсан хамаагүй Талбай орох
Хүйтнийг үл ажран өчнөөн хүн жил бүр Сүхбаатарын талбайг зорьдог. Танихгүй олон хүнтэй цуг зогсоод, оргилуун дарсаа буудуул. Нэгнээ танихгүй ч бүгд нэг мөчийг хуваалцаж байдаг нь хачирхалтай бас дотно мэдрэмж төрүүлдэг.

3. 12 усан үзэм идэх
Испани уламжлалаар шинэ он солигдох мөчид ширээнийхээ доор ороод 12 усан үзэм иддэг. Жимс бүрийг идэхдээ ирэх жилийнхээ нэг хүслийг бодоорой. 12 усан үзэм таны ирэх 12 сарын хүслийг биелүүлэх ч юм билүү.

4. Таваг хагалах
Дани хүмүүс аз авчирна, муу муухай бүхнийг хөөн зайлуулна гэдэгт итгэж, шинэ ондоо хөрш болон найзынхаа, хайртай хүнийхээ гэрийн үүдэнд таваг хагалдаг. Мэдээж хэрэг араас нь мөн цэвэрлэх хэрэгтэй шүү. Өөр хүн зүсэгдэж бэртэхээс сэргийлж маш сайн боож, скочоор ороож, аюулгүй байдлыг заавал хангаж байж хийгээрэй.

5. Өнгөрсөн жилдээ захиа бич
“2025 ондоо баярлалаа”, эсвэл “2025 онд үлдээх үгс“ гэж бичээд, сурсан зүйлс, гомдол, уучлал бүгдийг нь цаасан дээр үлдээгээрэй. Дараа нь эвхээд хадгалж эсвэл шатааж болно.

6. Өөртөө зориулж жижиг ширээ засаарай
Тансаг байх албагүй. Дуртай хоол, лаа, нэг хундага дарс эсвэл ундаа. Өөрийн дуртай зүйлсийг аваад, кино үзэж, тухтай өнгөрүүлээрэй.

7. 01:01 цаг болоход нэг шийдвэр гаргаарай
Том байх албагүй шүү. Ирэх жил би нэг гадаад хэл сурна, тэжээвэр амьтантай болно гэх мэт ямар ч байж болно. Хэт их дарамт болголгүй, бүр хөгжилтэй шийдвэр байсан ч болох юм.

8. Өнгөрсөн жилд дуу сонго
“Энэ дуу бол миний 2025” гээд нэг дуу тодорхойл. Дараа жил сонсоход тэр бүх мөч эргээд ирнэ. Яг үүн шиг ирэх оны эхлэл болгож нэг дууг сонгон сонсоорой.

9. Хүсвэл сонирхолтой арга хэмжээ, тоглолт руу яваарай
Он солигдох мөчид тоглолт, үдэшлэг болох үеүд олно байдаг шүү дээ. Харж, хайж байгаад сонирхолтой арга хэмжээ олбол яагаад зүглэж болохгүй гэж?

