UBLife Logo
Newsfeed

Монголчуудад 2025 онд тохиосон ХАЙР ТАТАМ, ГАЙХАЛТАЙ 13 үйл явдал

Монголчуудад 2025 онд тохиосон ХАЙР ТАТАМ, ГАЙХАЛТАЙ 13 үйл явдал

2025 оны отгон өдрийн мэнд хүргэе. Энэ хүртэл та, бид бүгдээрээ хамгийн сайнаараа хичээлээ, чармайлаа. Нийгэм, эдийн засгийн хувьд чамгүй хүнд сорилттой тулгарсан жил байсан ч эерэг, сайхан үйл явдал ч цөөнгүй тохиолоо. Та бүхэн шинэ оноо сайхан угтаарай. Үргэлж бидэнтэй хамт байдаг уншигчдадаа баярлалаа!


1.

Залуучуудын улс төрийн оролцоо сул байгаа тухай сонгууль болгоноор онцлон ярилцдаг боловч өнгөрсөн хавар болсон “Огцрох амархан” жагсаал, цуглаанаар улс төрд залуус бодит нөлөө үзүүлж, засгийн газрыг огцрох үйл явцад нөлөөлж чадахаа харуулсан.

2.

Дэлхийн алдартай стример, youtube хуудаснаа 38.5 сая дагагчтай IShowSpeed буюу Даррен Жэйсон Уоткинс Жуниор өнгөрсөн хавар Улаанбаатар хотын төв талбай, Чингисийн музей, Бөхийн өргөө гэх мэт газруудаар явж стрим хийлээ. Харин энэ үеэр IShowSpeed-д эмээгийнхээ гарын цуйванг идүүлэхийг хүсэж, машиных нь цонхоор үсэрч ороод сэтгэгдлээ илэрхийлсэн хүү олны анхаарлыг татав. Түүнийг Б.Эзэнтулга гэдэг бөгөөд 11 дүгээр ангийн сурагч аж.

3.

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж түүх бүтээв.

4.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар 2025 оны 07 дугаар сарын 06-13-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

5.

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зодоглосон хүчит 512 бөхөөс Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Аймгийн арслан Н.Өсөхбаяр, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Улсын начин Э.Батмагнай нар түрүү булаалдлаа. Улсын начин Э.Батмагнай гар ачиж, Улсын наадамд түрүүллээ. Баянхонгор аймгаас 72 жилийн дараа наадмын түрүү аварга төрж байгаа нь энэ юм.

6.

Хөвсгөл аймгийн “Мөрөн” олон улсын нисэх буудалд "Чонжү-Мөрөн" чиглэлийн олон улсын анхны нислэг долоодугаар сарын 29-нд болов. Тус нислэгээр БНСУ-ын 97 аялагч хоймор нутагт газардсан байна.

7.

Netflix-ын “Physical Asia” шоунд азийн 8 орны хүчтэй баг өрсөлдөж, манай Монголын баг үзүүр түрүүнд үлдсэн. Монголчууд дэд байрт орсон ч дэлхий даяар үзэгчдийн хайрыг татаж, сошиал “сэдэв” болсон юм.

8.

NBC-н сонгодог бүтээл болох “The Tonight Show”-г Монголд албан ёсны эрхтэйгээр “Central TV” цацаж эхэллээ. Тодруулбал, "The Tonight Show Starring Jimmy Fallon" албан ёсны эрхийг Азиас анх удаа “Central TV” авсан байна.

9.

Монгол түүх, соёл, өв уламжлалыг өвлөн тээгч номинацид шалгарч, энэ оны онцлох хүүхдээр тодорсон Ховд аймгийн Зэрэг сумын сургуулийн сурагч Ариунтунгалагийн Наранцолмон эмээдээ очиж, баяраа хуваалцсан нь олны хайрыг татжээ.

10.

Монгол Улсын Хилийн боомтын захиргаа болон БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны Боомтын захиргааны алба хоорондын 2025.12.09-ний өдрийн ажлын хэсгийн хуралд Эрчим хүчний яам, “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн төлөөллийг оролцуулж, Монгол Улсын “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК болон БНХАУ-ын “Хами-Энержи групп” ХХК-ийн хооронд 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг хил дамнуулан холбож, цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг хэлэлцэхээр харилцан тохиролцоонд хүрсэн байна. Үүний дагуу Алтай сумыг Хятадын эрчим хүчний системд холбох ёслол 2025.12.25-нд боллоо.

11.

Азийн “One” холбооны чансаанд дөрөвдүгээрт эрэмбэтэй тулаанч Б.Энх-Оргил 66 кг-ын жингийн аваргын бүсний төлөө Бразилын тамирчин Фабрицио Андражийг гуравдугаар үед боолтоор буулган авлаа. Ийнхүү тэрбээр холбооны дэлхийн аварга болж байна. Одоогоос 10 жилийн өмнө түүний багш Ж.Нарантунгалаг “One” холбооны анхны монгол аваргаар тодорч байсан. Тэгвэл түүний шавь Б.Энх-Оргил 10 жилийн дараа багшийнхаа амжилтад хүрч, энэхүү холбооны дэлхийн аваргын бүс эзэмшсэн хоёр дахь монгол тулаанч боллоо.

12.

Хэнтий аймгийн Мөрөн сумын харьяат малчин Б.Чулуунбаатар орон нутагтаа өвлийн өвгөний үйлчилгээ үзүүлэхээр ийнхүү тэмээн хөсгөө бэлджээ.

13.

“Гэрэг” сэтгүүл дэлхийн шилдэг хэвлэл Нью-Йорк Таймстай хамтран гаргадаг “Turning Points оны онцлох дугаараа зургаа дахь жилдээ гаргаж, уншигчдадаа хүргэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.