UBLife Logo
Сэтгэл судлал

Дотоод эдгэрлийн тухай хүүхдүүдээс сурч болох 11 чухал сургамж

Дотоод эдгэрлийн тухай хүүхдүүдээс сурч болох 11 чухал сургамж

Өдөр бүр бидэнд шинэ баяр баясал, амьдралыг дахин шинээр эхлэх боломжийг авчирдаг. Хүүхдүүд үүнийг төрөлхөөсөө мэддэг мэт, үргэлж шинээр амьдарч, хайрлаж чаддаг нь гайхалтай.


1. “Уучлаарай” гэдэг үг асар их нөлөөтэй байдаг

Хоёр хүүхэд нэг тоглоомоос болж маргалдаж байгааг ажиглаарай. Тоглоомыг нь булаахад нэг нь уйлж, уурлаж, бүр сэтгэлээр унаж магадгүй. Гэвч тоглоомоо буцааж өгөөд, уучлалт гуйх төдийд тэд буцаад л сайхан харилцаж эхэлдэг. Хэдийгээр хүүхэд тэр үгийг маш их утга, гүн чанар шингээж хэлээгүй байлаа ч, уучлалт гуйх нь бухимдлыг намжааж, амьдрал цааш үргэлжлэхэд чухал гэдгийг бүрэн ойлгодог.

2. Маргааш бол шинэ өдөр

Хүүхдүүдийн амьдралд томчуудын л адилаар сайхан өдрүүд ч бий, бас нулимстай, ууртай, гомдолтой өдрүүд ч бий. Өдөр бүр олон хүчин зүйлээс шалтгаалж өөр өөр өнгөтэй байдаг. Гэхдээ муу өдөр өнгөрсний дараа ч хүүхэд маргааш өглөө нь инээмсэглэсэн царайтай сэрж, өчигдрийн бухимдлыг ардаа үлдээж чаддаг. Өдөр бүр шинэ аз жаргал, шинээр эхлэх боломж авчирдаг.

3. Хуваалцах нь эдгэрэл

Бид хуваалцах үедээ эдгэрч эхэлдэг. Амттаныхаа талыг, тоглоомоо, цуглуулсан зүйлийнхээ ч талыг гээд хүүхдийн хуваалцах сэтгэл гэгээн байдаг. Хүүхдүүд үүнийг дотроо мэддэг ч, мэдээж заримдаа хуваалцахад бэрхшээлтэй тулгарна. Томчууд бид хуваалцахад үргэлж бэрхшээлтэй тулдаг шүү дээ. Гэхдээ хүүхдүүдийн цэвэрхэн, гэнэн ухаанаар ойлгодог нэг зүйл нь хуваалцах нь тэдний хувьд хийж болох хамгийн гоё, эелдэг зүйл гэдгийг ойлгож байдаг. Хуваалцах нь биднийг бодсоноос ч илүү эдгээдэг. Энэ нь биднийг ойртуулж, зүрхийг эмчилж, бид ганцаараа биш гэдгийг сануулдаг. Мөн мэдээж, хамт тоглох нэгнийг бий болгодог. Хүүхэд чамтай ямар нэг зүйлээ хуваалцаж байвал чи түүний хувьд ямар чухал вэ гэдгээ ойлгодог шүү дээ.

4. Уучлал асар их хүчтэй

Хүүхдүүд өнгөрснийг тавьж явуулж чаддаг. Тэд гомдол хадгалдаггүй. Өмнөх уур хилэн, гомдол, хорсол зэргийг санаж, муугаар бодож явдаггүй. Харин тэд тоглоом руугаа буцаж, бүр дуртай машинаа булаалгасан, өвсөн дээр түлхүүлсэн хүүхэдтэйгээ ч хамт тоглох, уучлах чадалтай байдаг. Хүүхдүүд бидний насанд хүрээд мартчихдаг зүйлийг мэддэг. Уучлал бол асар их хүчтэй.

5. Заримдаа сайхан уйлах хэрэгтэй

Бид бүгд таагүй зүйлтэй тулгардаг. Дургүй ногоогоо идэх, өрж байсан тоглоом нурах, өвдөг шалбарах, эсвэл насанд хүрсэн хойноо төлж дийлэхгүй төлбөрүүдтэй нүүр тулах гээд. Асуудал том, жижиг байхаас үл хамааран бидэнд нөлөөлж, уурлуулж, заримдаа бүр тэсрэхэд хүргэдэг. Харин хүүхдүүдийн бидэнд зааж өгдөг зүйл бол уйлахын ач тус. Сэтгэлээ гаргаж уйлах нь хуримтлагдсан мэдрэмжийг суллаж, тайвшруулж, хянаж чадахгүй зүйлтэй эвлэрч, өөрчилж чадах зүйлдээ хүч олоход тусалдаг.

6. Анхаарлаа сарниулах нь заримдаа зөв байдаг

Уйлж орилж буй хүүхдийг цонхоор өнгөрөх машинуудыг харуулбал, тэр даруйд уур нь мартагддаг. Заримдаа зүгээр л анхаарлаа өөр зүйлд шилжүүлэх нь биднийг зовоож буй бодлоос салгахад хангалттай байдаг. Тийм ээ, энэ арга томчуудад ч адилхан үйлчилдэг.

7. Тэврэлт бүтэн өдрийг өөрчилж чадна

Хүүхдүүдийн тэврэлт бол хамгийн ариун нандин зүйлсийн нэг. Тэд маш гэнэт, ямар ч болзолгүй, ялгаварлалгүй тэвэрдэг. Баяртай ч, гунигтай ч, ууртай ч, ямар ч үед. Хэрвээ бид хүүхдүүд шиг тэвэрдэг байсан бол дэлхий ямар сайхан байх бол?

8. Бууж өгнө гэж үгүй

Хүүхдүүд хэзээ болихоо мэддэггүй. Өөрсдөө ойлгож чадахгүй, ганцаараа хийж чадахгүй зүйлтэй тулгарах үедээ тэд дахин дахин бүтэлгүйтсэн ч бүх хүч чадлаараа оролдсоор байдаг. Энэ нь заримдаа ядаргаатай, бухимдал төрүүлэм байж болох ч, тэдний гэнэн, тууштай зүтгэл үнэхээр бахархалтай санагддаг.

9. Урагшлах нь өөрөө хангалттай зориг гаргаж буй хэлбэр

Хүүхдийн амьдралд томчуудтай л адил мухардалд орох мөч олон тохиолдоно. Энгийн нэг даалгаврыг хийж чадахгүй байх ч байж болно, эсвэл гэр бүлийн хүчирхийлэл шиг асар том сорилт ч байж болно. Гэсэн ч тэд урагшилсаар байдаг. Заримдаа энэ нь тэд өөр зам мэдэхгүйгээс, харин ихэнхдээ урагшлах л тэдний мэддэг цорын ганц арга учраас. Дараагийн өдөр, дараагийн мөч рүү алхах энэ чадвар нь насанд хүрэгчдэд үнэхээр урам өгөх сургамж болдог.

10. Бухимдал бол үйл явцын нэг хэсэг

Уурлаж, зөрүүдлэх мөчүүд амьдралд байлгүй л яах вэ. Бухимдал бол хэвийн зүйл. Түүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бас тэр уур бухимдлыг удаан дотроо тээлгүй мартаж сурдаг байх хэрэгтэй.

11. “Хайртай шүү” гэдэг үгийг сайн хэлдэг байх хэрэгтэй

Хүүхдүүд хайртай гэдгээ нуухгүй хэлдэг. Хамаатан, найз эсэх нь огт хамаагүй. Өдөржин хамт будсан багш, завсарлагаар хамт тоглосон хүүхэд, замын гарц дээр гараас нь хөтөлсөн зохицуулагч гээд хэн байхаас үл хамааран тэд талархал болон хайраа илэрхийлдэг. Парк дээр ганц тоглоом дээр хамт суугаад л найзаа гээд хөтлөлцөөд гүйж чаддаг. Энэ бол бид хүүхдээс том хүн болж өсөх явцдаа гээчихдэг нэг чухал сургамж. Бусдад хайртай гэдгээ хэлэх нь биднийг эдгээдэг хамгийн гайхалтай зүйл юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.