UBLife Logo
Дэлхий

Япончууд пандагаа асгартал уйлан гаргаж өглөө

Япончууд пандагаа асгартал уйлан гаргаж өглөө

Өнгөрсөн Ням гарагт Токио хотын Үэно амьтны хүрээлэнд олон мянган хүн цугларсан байлаа. Тэд Японы сүүлийн хоёр пандатай салах ёс гүйцэтгэхээр иржээ. Сяо Сяо, Лэй Лэй хэмээх ихэр хоёр пандаг өнөөдөр буюу Мягмар гарагт эх оронд нь буцааж байгаа юм. Хүмүүс 3,5 цаг дугаарлан зогсож байж, хоёр минут л пандагаа харах эрхтэй байв. Учир нь маш олон хүн ирсэн тул цаг амжихгүй байлаа.  

Сяо Сяо, Лэй Лэй хоёр Токиод 2021 онд төрсөн ч БНХАУ-ын өмч. Дэлхийн бүх панда баавгай Хятадын өмч байдаг. Түрээсэлсэн, бэлэглэсэн, тэр байтугай тэдний бамбарууш ч Хятадын өмч гэж гэрээ байгуулсан байдаг.

Сяо Сяо, Лэй Лэй

1949 онд БНХАУ байгуулагдсанаас хойш Хятад сайн санааны бэлгэ тэмдэг болгож, бусад улс оронд панда өгдөг болсон. Гэхдээ хэзээ ч буцаагаад авах эрхтэй. Ер нь бол гадаад орнууд жилд хос пандад 1 сая ам.доллар төлж байж, түрээсэлдэг. Сяо Сяо, Лэй Лэй хоёр нэг сар карантинд байж байгаад Сычуань муж дахь Панда судлах хүрээлэнд очих гэнэ.

1972 онд хоёр улсын харилцаа тогтвортой болсны дараа Япон орон Хятадаас анхны пандагаа авч байлаа. Японы ард түмэн пандад “дурлаж”, амьтны хүрээлэнд зөвхөн панда үзэх, зургийг нь авах зорилготой “панда фен” ч бий болсон. Түүнээс хойш 50 жилийн дараа Япон улс пандагүй болж байгаа юм. Японы Ерөнхий сайд Санаэ Такаичигийн Тайванийн талаар хэлсэн үгнээс нь болж, хоёр улсын харилцаа муудсан. Токио хотын захиргаанаас дахин панда түрээслүүлэхийг хүссэн ч Хятадын засгийн газар татгалзлаа.

Ням гарагт пандатай салах ёс гүйцэтгэх өдөр амьтны хүрээлэнгээс 4400 тасалбар гаргасан ч 108 мянган хүн хүрээлэнгийн гадна цугларсан байна. Олон хүн уйлж, дахин хэзээ панда харах бол хэмээн харамсаж байв.

Хятад улс сүүлийн жилүүдэд худалдааны том гэрээ байгуулсан түнш орнууддаа л панда өгдөг болоод байгаа. Ихэнх гэрээгээр пандаг 10 жилийн хугацаатай өгдөг ч Хятадын засгийн газар гэрээгээ сунгахгүй байх, хугацаанаас өмнө буцаан авах эрхтэй байдаг.

Япон улс дахин пандатай болох уу? Япон, Хятадын харилцаа муудсан энэ үед хариулахад тун хэцүү асуулт. Ямар ч гэсэн Үэно хүрээлэнгээс панда амьдарч байсан павильоныг тэр чигээр нь хадгалан үлдэхээр шийдсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.