ДБНХ-ноос энэ сарын 4-нд 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын эрх авах шинэ журмыг танилцууллаа. Олимпын жин болгонд 16 бөх барилдана. Олимпын эрх авах үйл явцыг 4 хэсэгт хувааж байна.
Эхний шат – ДАШТ
Олимпын наадмын өмнөх ДАШТ-д эрх олгодог уламжлалтай. 2027 оны есдүгээр сард Лас-Вегаст болох дэлхийн аваргын тэмцээнээс олимпын жин бүрт 4 эрх өгнө. Тамирчинд биш улсад нь эрх олгох юм. ДАШТ-ий медальт улсууд эрхээ авч байгаа юм.
Хоёр дахь шат – UWW чансаа
Олимпын чансаанд нөлөөлөх 7 тэмцээнийг гаргажээ. Үүнд 2027 оны тивийн АШТ, 2027 оны чансаа олгох 3 тэмцээн, 2027 оны ДАШТ, 2028 оны анхны чансааны тэмцээн, 2028 оны тивийн АШТ-үүд оржээ. Энэ долоон тэмцээний дараа UWW чансааг гаргана. Чансааны шилдэг гуравт эрх өгнө. Тэдний дотор ДАШТ-ээс шууд эрхээ авсан тамирчин байвал доод тамирчин эрх авах маягаар явах юм. Ингээд долоон эрх тодорхой болно. ДАШТ-ий 4, чансааны 3 эрх. Олимпын чансааны тэмцээнд нэг жинд нэг улсаас хоёр бөх оролцоно.
3 дахь шат – Тивийн эрхийн тэмцээн
Чансааны бүх тэмцээн дууссаны дараа тивийн эрхийн тэмцээнүүд явагдана. Энэ тэмцээнд олимпын эрхээ аваагүй орны тамирчид оролцоно. Европ, Ази, Панамерикийн тэмцээнээс жин тус бүрийн 2 бөх эрхээ авна. Африк, Далайн орнуудын бас нэг эрхийн тэмцээнтэй. Финалд шалгарсан бөх эрх авах юм. Ингээд тивээс найман эрх олгосноор олимпод оролцох жин тус бүрийн 16 тамирчны 15 нь тодорч дуусна.
4 дэх шат – Дэлхийн эрхийн тэмцээн
Олимпын эрхээ аваагүй байгаа тамирчдад зориулсан тэмцээн бөгөөд нэг улсаас хоёр бөх л оролцох эрхтэй.
