Маргааш Италид эхлэх “Милан Кортина 2026” наадамд өвлийн спортын бараг бүх од цугларна. Олимп, дэлхийн аварга гэсэн давхар цолтой 40 тамирчин Миланд ирээд байна. Энэ олимпын үеэр дэлхийн бүх хэвлэл онцлох нь тодорхой арван одыг танилцуулья. Гэхдээ улс орон, спортын төрөл нь ч давхардахгүй байхаар сонголоо.
Эйлин Гу
Улс: Хятад
Нас: 22
Спорт: фристайл (хафпайп, биг-эйр, слоупстайл)

Цол, хэргэм: олимпын хошой аварга (2022: биг-эйр, хафпайп), слоупстайлаар 2022 оны олимпын мөнгөн медальтай, дэлхийн аварга (2021: хафпайп, слоупстайл), Дэлхийн Цом, X-Games наадмын олон удаагийн аварга.
Өвлийн спортын гол оддын нэг тэрээр АНУ-д төрж, өссөн. Тэндээ ч амьдарч байгаа, гэхдээ 2019 онд түүхэн эх орныхоо нэрийн өмнөөс уралдах шийдвэр гаргасан юм. Эйлин цэвэрхэн техникийг эрсдэлтэй дасгалуудтай хоршин гүйцэтгэдэг. Спортын талбайн гадна Гу топ-модель, Стэнфорд их сургуулийн оюутан (улс төр, нийгэм судалдаг). Экологийн төлөө цогтой тэмцэгч, хэд хэдэн киноны туслах дүрд тоглоод үзсэн. Олон нийтийн сүлжээний од, олон том брэндтэй хамтран ажилладаг. Италид тэр дахин аварга болох магадлал маш өндөр. Гэхдээ өрсөлдөгч нар гарч ирсээр байна. АНУ-ын Мэгги Войсин, Хейли Лэнгленд нар маш хүнд дасгал хийдэг болсон. Гу 2024 оны эхээр өвдгөө гэмтээж, дахин сэргэлтэд их хугацаа зарцуулсан. Эрсдэл өндөр энэ спортын төрөлд тэр дахин түрүүлэх юм бол лидер гэдгээ баталсан хэрэг болох юм.
Жордан Штольц
Улс: АНУ
Нас: 21
Спорт: тэшүүр
Цол, хэргэм: олон төрөлтийн дэлхийн аварга (2024), 6 удаагийн дэлхийн аварга (2023, 2024: 500 м, 1000 м, 1500 м), Дэлхийн Цомын эзэн (2025).

“Милан-2026” наадмын гол баатрын нэг болох нь дамжиггүй залуу. Америкийн шигшээ багт илүү алдартай, нэртэй аваргууд (Микаэла Шифрин, Линдси Вонн, Илья Малинин) бий ч америкчууд Жорданд хамгийн их найдвар тавьж байгаа юм. Тэр доод тал нь 3 алтан медаль хүртэх ёстой. Олимпын бүтэн цикл 4 жилийн турш тэр дэлхийд ноёлсон. Жордан Милуокид мөсөн талбайн эзний гэрт төржээ. Тиймээс хар багаасаа л өдрийн ихэнхийг мөсөн дээр өнгөрөөдөг байв. Бяр чадал, тэсвэр хатуужлаар түүнтэй тэнцэх тэшүүрчин бараг үгүй. Маш хүчтэй гарч, хурдаа удаан хугацаанд хадгалж чаддаг нь түүний онцлог. 2022 оны олимпод тэр 17 настайдаа оролцсон. Харин одоо Миланд тэр туршлагатай тамирчин болоод ирсэн. Жорданыг түрүүлнэ гэж олон хүн итгэж байгаа ч түүний зайд Нидерландын Томас Крол, Кьелд Нейс, Өмнөд Солонгосын И Жу Хо, Ким Мин Сок нар уралдахаар ирээд байгаа. Чөлөөт цагаараа тэр машин засах, янзлах дуртай. Пикап машинаа бараг өөрөө угсарсан.
Йоханнес Клебо
Улс: Норвег
Нас: 29
Спорт: гүйлтийн цана
Цол, хэргэм: Олимпын таван удаагийн аварга (2018, 2022), ДАШТ-ий 15 алтан медальтай (2019, 2021, 2023, 2025), Дэлхийн Цомын 5 удаагийн эзэн.

Энэ наадмын хамгийн олон цом, медальтай тамирчин. Өнгөрсөн Бээжингийн олимпод тэрээр Оросын Александр Большуновын сүүдэрт дарагдаад итгэл найдварыг бүрэн хариулж чадаагүй. Харин энэ удаад Клебо ДАШТ-ий медалийн тоогоор рекорд тогтоогоод жинхэнэ ид үедээ, формтой орж ирж байна. Ойрын зайд л түрүүлдэг байснаа больж, одоо бүх зайд медаль авах чадалтай болсон. Түүний барианд орох тэсрэлтийг хүн болгон шүтэн биширдэг. Клебо бол Норвегийн багийн гол од, алтан медалийн баталгаа. Харин ивээн тэтгэгчийн гэрээний улмаас Норвегийн цанын холбоотой муудалцсан. Бэлтгэлдээ кроссфит, дугуйн спортын дасгал хэрэглэдэг нь цаначдын хувьд тун ховор зүйл юм. Том тэмцээний өмнө найз бүсгүйтэйгээ уулзахаа байж, өөртөө хориг тавьдаг. Өнгөрсөн зун гэрлэх санал тавьсан Клебо олимпын дараа хуримаа хийх болно. Миланы олимпын дараа тэр агуу цаначдын эгнээнд албан ёсоор орох ёстой.
Коннор Макдэвид
Улс: Канад
Нас: 29
Спорт: хоккей
Цол, хэргэм: дэлхийн аварга (2016), 4 үндэстний тэмцээний аварга (2025), Стэнлийн цомд 2 удаа үзүүрлэсэн (2024, 2025), НХЛ лигийн 3 удаагийн Шилдэг тоглогч (Харт Трофи), лигийн 5 удаагийн шилдэг мэргэн бууч (Арт Росс Трофи).

Овечкин рекорд тогтоож, Кросби гялалзаж байгаа ч орчин үеийн хоккейн гол од нь “Эдмонтон” багийн Макдэвид юм. Түүний хурд, гэнэтийн шийдвэр, гоол оруулах чадварыг бишрэхгүй байхын аргагүй. Сүүлийн 9 улирал дараалан тогтмол 100-гаас дээш оноо авч байгаа. Харамсалтай нь нэг ч удаа Стэнлийн Цом авч үзээгүй. Олимпод анх удаа оролцох гэж байна. Хоккейн эх орон Канад 2014 оноос хойш олимпод түрүүлээгүй байгаа тул Коннор Макдэвид маш их дарамттай тулгарна. Канадчууд бүгд түүнийг алтан медаль авч өгнө гэдэгт итгэж байгаа. Коннор эргүүлээгүй, шулуун цохиуртай тоглодог цөөхөн тамирчны нэг. Энэ нь тамирчнаас маш их ур чадвар шаарддаг юм. Коннор хэдэн цагаар ч хамаагүй хоккейн бичлэг үзээд суудаг зантай. Өрсөлдөгч багийн хамгаалагч, хаалгач нарыг судалж байгаа нь тэр. Усанд сэлэлт, йогоор хичээллэдэг.
Жюли Симон
Улс: Франц
Нас: 32
Спорт: биатлон
Цол, хэргэм: 2022 оны олимпын холимог буухиан төрлийн мөнгөн медальт, дэлхийн 10 удаагийн аварга (2021, 2023, 2024, 2025), Дэлхийн Цомын эзэн (2023).

2022 оны олимпод нэг ч медаль авч чадаагүй өнгөрснийхөө дараа Симон ДАШТ-ээс 9 алтан медаль авсан. Францын буухиа багийн гол гишүүн. Маш хурдан бууддаг онцлогтой. Симон 16 настайдаа гүйлтийн цанаас биатлонд орж ирсэн. Эхлээд буудахдаа тун тааруу байсан ч сэтгэл зүйчтэй ажиллаад сайжирчээ. Нурууны хүнд гэмтлийн дараа гүйх, тэших техникээ үндсээр нь өөрчилж, дахин дээд түвшинд гарч чадсан. Түүний бэлтгэлийн журам нь цанаар 800 км гулгаж, 15 мянган сум буудах. Дөрвөн жилийн өмнө багийн андуудынхаа банкны картаар онлайн худалдан авалт хийгээд баригдсан. Шүүхээс түүнд 15 мянган еврогийн торгууль, 3 сарын тэнсэн харгалзах ял оноож байлаа.
Домен Превц
Улс: Словак
Нас: 26
Спорт: Трамплин
Цол, хэргэм: дэлхийн хошой аварга (2025)

Хамгийн хол үсрэлтийн рекорд амжилт болох 254,5 метр амжилтыг тэр эзэмшдэг. Өнгөрсөн жилийн ДАШТ, “Four Hills” тэмцээнд түрүүлсний дараа трамплин төрлийн гол од нь болсон. Түүний ах Петер олимпын аварга бол бас нэг ах Цене, эмэгтэй дүү Ника нар нь ч алдартай тамирчид. Үсрэлт болгоноо 3D-ээр судалж, цаг агаарын нөхцөл болгонд тааруулан, цанаа сольдог. Цанын бэхэлгээ, хэрэгслээ өөрийн гараар хийсэн. Уулын цана, дугуйн спортоор хичээллэдэг. Австрийн Штефан Крафт, Превц хоёрын өрсөлдөөн энэ олимпыг чимэх болно.
Лукас Пиньейро Бротен
Уулын цана: Бразил
Нас: 25
Спорт: уулын цана (слалом, гигант слалом)
Цол, хэргэм: Дэлхийн Цомын ялагч

Уулын цанаар олимпын медаль авсан анхны Өмнөд Америкийн тамирчин болох зорилготой. Тэрээр аавынхаа төрсөн нутаг Норвегид бэлтгэлээ базаадаг. 2023 онд Норвегийн цанын холбоотой муудалцаад зодог тайлж байсан. Гэвч ганц улирал өнжөөд ирэхдээ Бразилын багийн гишүүн болсон байлаа. Өнгөрсөн оны 11 дүгээр сард түүний ачаар Бразил улс уулсын цанаар Дэлхийн цомоос анх удаа медаль авсан. Бразил улс өвлийн олимпоос нэг ч медаль авч байгаагүйг тэр засах зорилготой. Бразилын жүжигчин Исадора Крузтай үерхдэг. Ямар ч үед эрсдэл гаргах чадвартай, эрэлхэг зоригтой. Мэдрэмж сайтай. Хаданд авиралт, усанд сэлэлтээр хичээллэдэг тул тэсвэр сайтай. Лукас Пиньейро Бротен л Швейцарын Марко Одерматттай өрсөлдөх чадвартай.
Каори Сакамото
Улс: Япон
Нас: 26
Спорт: уран гулгалт
Цол, хэргэм: дэлхийн 3 удаагийн аварга (2022, 2023, 2024), Гран-при финалын аварга (2023)

Залуу охид тэргүүлэн гарч ирж байгаа уран гулгалтын ертөнцийн 26 настай ахмад тамирчин. ОХУ-ын тамирчид хоригт орсны ачаар тэр гурван ДАШТ дараалан түрүүлсэн. 2025 оны ДАШТ болон Гран При тэмцээний финалд АНУ-ын 20 настай Алиса Люд ялагдаад байгаа. Сакамото хүнд хэцүү үсрэлтээрээ биш ямар ч алдаагүй төгс гулгалтаараа оноо авдаг. Цар тахлын үед бэлтгэл хийсэн нь түүнийг тун сахилга баттай болгосон. Чөлөөт хөтөлбөрөө илүү хүнд болгож, техник илүү өрсөлдөгчдөө давах зорилготой. Том тэмцээнд бараг алдаа гаргадаггүй сайн талтай. Сонгодог хөгжимд дуртай. Тэрээр Эдит Пиаф, Патрисии Каас, Сара Брайтман, Андреа Бочелли нарын аянд гулгаж байсан. Хөдөлмөрч, бэлтгэлийг тултал нь хийдэг. Олимпын дараа зодог тайлна гэдгээ зарласан. Англи хэл, балет сонирхдог.
Франческо Фридрих
Улс: Герман
Нас: 35
Спорт: бобслей
Цол, хэргэм: 4 удаагийн олимпын аварга (2018, 2022), 18 удаагийн дэлхийн аварга

Хөнгөн атлетикаар гараагаа эхэлж, 16 настайдаа бобслейд шилжсэн. 2014 оны олимпод зургаадугаар байр эзэлсэн амжилттай. Эхнэр, хоёр хүүхэдтэй. Гэргий нь нөхрөө 2023 онд зодог тайлаач гэж гуйсан ч Фридрих олимп дуустал хүлээхээр шийдсэн. Тэр бол багийнхаа мотор, уураг тархи нь. Уралдааны замын см болгоныг судлан, тэмцээн уралдааны дүгнэлт хийх чадвар гайхамшигтай. Цагдаагийн газарт ажилладаг. Сахилга бат, багаар ажиллах чадвар гэсэн мэргэжлийн онцлог нь спортын өндөр амжилт гаргахад нөлөөлдөг. Гол өрсөлдөгч нь нутаг нэгт Йоханнес Лохнер. Бусад орны баг хүрэл медалийн төлөө өрсөлдөх болно.
Альба Де Сильвестро
Улс: Итали
Нас: 30
Спорт: скиМо
Цол хэргэм: дэлхийн аварга (2021)

Олимпын шинэ төрлийн аварга болох магадлал хамгийн өндөр тамирчин. Уулын цаначин байсан тул оргилоос буух тал дээр өрсөлдөгчдөөсөө илүү. Уралдаан болох уул нуруу түүний төрсөн нутаг тул бараг чулуу болгоныг нь мэднэ гэхэд хилсдэхгүй. Гараанаас эхлээд хамаг хүчээр дайрч, өрсөлдөгчдөө нугалдаг арга барилтай. Альбагийн аав ээж нь Альпийн нуруунд хөтөч хийдэг байсан тул тэрээр бараг бүх амьдралаа ууланд өнгөрөөж байгаа. Бэлтгэлдээ хаданд авирах дасгал ашигладаг. Өндөр ууланпд сэргэлт авахдаа бусдаасаа илүү. СкиМо төрлийн шигшээ багийн анд Микеле Боскаччитай гэрлэсэн. Тэд холимог буухиан төрөлд өрсөлдөх болно.
