“Ираны хүний эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн Энх тайвны шагналт (2023) Наргес Мохаммадид Шүүхээс 7,5 жилийн хорих ял оноолоо” гэж “Associated Press” агентлаг мэдээллээ.
Мохаммадиг 2025 оны 12 дугаар сарын 12-нд өмгөөлөгч Хосрова Аликордигийн оршуулах ёслолын үеэр баривчилсан юм. Хоёрдугаар сарын 2-нд тэрээр өлсгөлөн зарлаад байлаа. Өчигдөр Шүүхээс түүнд гэмт хэрэг үйлдэх зорилгоор хурал, цуглаан зохион байгуулсан хэргээр 6 жил, төрийн эсрэг сурталчилгаа хийсэн хэргээр 1,5 жил, нийт 7,5 жилийн хорих ял оноосон байна. Мөн ялаа эдэлж дуусаад 2 жил Хусф хотоос гарах эрхгүй гэрийн хорионд орох болжээ.
Түүний өмгөөлөгч Мустафа Нилигийн мэдэгдсэнээр Мохаммади өлсгөлөн зарлаад бие нь муудсан тул эмнэлэгт хэвтүүлсэн ч 3 өдрийн өмнө дахин хорьжээ.
Наргез Мохаммади Ираны Хүний эрхийг хамгаалах байгууллагын дэд ерөнхийлөгч. Сүүлийн 20 жилд засгийн газраа шүүмжилсэн хэргээр 13 удаа баривчлагдаж, нийт 31 жилийн ял сонсож байсныхаа арван жилийг нь эдлээд гарч ирсэн хүн юм. 2021 онд төрийн эсрэг сурталчилгаа хийсэн хэргээр 80 удаа ташуурдуулах шийтгэл хүлээж байлаа. Өмнө нь хоригдож байхдаа хэд хэдэн удаа зүрхний шигдээс болж, 2022 онд хагалгаанд орж байжээ.
