Гэрэл зургийг Э.Харцага
"Милан Кортина-2026" Өвлийн олимпын XXV наадамд гүйлтийн цанын төрөлд оролцож буй манай хоёр цаначин энэ сарын 10-нд спринт буюу ойрын зайн уралдаанд хурд сорилоо. Спринт классик буюу 1 км 585 метр зайд классик төрөл уралдаан эхлээд бүх цаначид уралдаж, дараа нь амжилтаар нь шилдэг 30 шөвгөрч, тэгээд хагас шигшээд 12, шигшээд 6 тамирчин уралдаж, медалийн төлөө өрсөлддөг журамтай.

"Милан Кортина 2026" олимпын гүйлтийн цанын спринт уралдаанд эмэгтэй, эрэгтэй цаначид адилхан нэг замд уралдлаа. Tesero Cross country stadium-д эмэгтэйчүүдийн спринт төрөлд нийт 89 цаначин хурд сорьсноос манай Энхбаярын АРИУНТУНГАЛАГ 4:15.19 амжилтаар 68 дугаар байр эзэллээ. Манай цаначин БНХАУ, Латви, Казахстан, Бразил, Болгар, Хорват, Унгар,Украин, Аргентин, Румын, Серб, Литва, БНСУ гээд 13 орны 21 тамирчныг ардаа орхив.
Харин энэ зайд бүх медалийг Шведийн цаначид хамсан. Линн Сван 4:03.05 -аар алт, Йонна Сундлин 4:04.64-өөр мөнгө, Майя Далквист 4:07.88-аар хүрэл медаль зүүлээ.

Эрэгтэйчүүдийн спринтэд нийт 95 цаначин уралдлаа. "Милан Кортина 2026" олимпод хоёр дахь зайдаа хурд сорьж буй манай Батмөнхийн АЧБАДРАХ 1,5 км (1585м) зайг 3:40.75 -д туулж, 81 дүгээр байрыг эзэллээ. Манай цаначны цасанд Хайти, Колумб, Литва,Казахстан,Чили, Серб, Венесуэл, Македон, Унгар, Португал,Грек,Боливи,Кыргызстан, Ирландын цаначид "дарагджээ".
Энэ зайд Норвегийн супер од Йоханнес Клэбо 3:39.74 дүүлж, Олимпийн наадмын долоо дахь алтан медалиа зүүлээ. АНУ-ын Бен Огден 3:40.61 амжилтаар мөнгө, Норвегийн Оскар Вике 3:46.55 амжилтаар хүрэл медаль хүртлээ. Өвлийн олимпийн түүхэнд хамгийн олон буюу найман алтан медаль хүртсэн ердөө гуравхан тамирчин бий. Бүгд Норвегийнх.
Бьорн Дэли (гүйлтийн цана, эрэгтэй), Марит Бьорген (гүйлтийн цана, эмэгтэй), Уле Эйнар Бьордален (биатлон, эрэгтэй) гээд. Энэ гурвын ард энэ олимпоос хоёр дахь алтаа (скиатлон, спринт) авсан Клэбо "шил даран" бичигдэж байна. Түүний уралдаан дуусах болоогүй бөгөөд 10 км (чөлөөт), 4х7,5 км -ийн багийн буухиа, багийн спринт, 50 км (бөөн гараа) гээд дахиад дөрвөн зай бий. Бүх цаг үеийн Өвлийн олимпын хамгийн олон алтан медальтай болох алтан боломж дүүрэн байна даа.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
