Өчигдөр болсон биатлоны эрэгтэйчүүдийн уралдаанд Норвегийн Стурла Хольм Лагрейд хүрэл медаль хүртсэн билээ. Уралдааны дараа тэрээр дасгалжуулагч нартайгаа ярьж байхдаа ч уйлаад байгааг нь сэтгүүлчид баярын нулимс гэж бодож байтал үгүй байжээ.
Бээжин олимпын аварга, дэлхийн 7 удаагийн аварга тэрээр завсрын бүст зогсож байхдаа сэтгүүлчдэд 3 сарын өмнө хайртай бүсгүйгээ хуурч, өөр эмэгтэйтэй уулзсанаа нулимс асгаруулан ярив. Тэр эмэгтэйн нэрийг хэлээгүй ч “Бүх амьдралын хайр” гэж нэрлэн, олон нийтийн өмнө буруугаа хүлээснээр эвлэрч чадна гэж найдаж байгаагаа хэлсэн юм.

Лагрейд “Энэ миний анхны хувийн олимпын медаль. Би бүх хүнд баярлалаа гэж хэлмээр байна. Магадгүй, хэн нэг нь өнөөдөр намайг харж байж болох юм. Хагас жилийн өмнө би амьдралынхаа жинхэнэ хайртай учирсан. Дэлхийн хамгийн сайхан бүсгүй. Харин би 3 сарын өмнө амьдралынхаа хамгийн том алдааг хийчихээд байна. Би түүнийг хуурсан. Одоо намайг хүмүүс янз бүрээр хүлээн авах байх. Гэхдээ би зөвхөн түүний тухай л бодож байна” гэж хэлсэн юм.

Мэдээж олон хүн түүнийг шүүмжилсэн. Алдарт Йоханнес Бо “Ёстой гэнэтийн зүйл боллоо. Буруугаа хүлээж байгаа залууг бид харлаа. Харамсалтай нь буруугаа хүлээх цаг, байр, нөхцөл нь огт буруу байлаа. Гэнэт тэсэрсэн байх” гэжээ.
Харин Лагрейд “Энд хэлнэ гэдгээ өчигдөр шийдсэн байсан. Медаль авахаар миний үг илүү хүчтэй байх болно гэж бодоод медаль авахаар зүтгэлээ. Дэлхий дахин намайг буруу зүйл хийснийг мэдэж аваг. Намайг өршөөх шаардлагагүй. Гэхдээ намайг хайртай гэдгийг тэр мэдэж аваг” гэсэн юм.
