UBLife Logo
Спорт

Ютта Лердам, Жейк Пол хоёрын хайрын түүх

Ютта Лердам, Жейк Пол хоёрын хайрын түүх

“Милан Кортина 2026” олимпын наадмын хамгийн сэтгэл хөдөлгөсөн мөчийн нэг нь Нидерландын тэшүүрчин Ютта Лердам түүхэн амжилтаар олимпын аварга болж, түүний сүйт залуу, блогчин, боксчин Жейк Пол үзэгчдийн суудалд уйлж суусан явдал байлаа.

Ингэхэд олон нийтийн сүлжээний хоёр том од нэг нэгнээ яаж олсон юм бол?

“Нулимсаа барих гээд чадахгүй байна. Бурхан агуу – чи ч гэсэн агуу” гэж хэлээд л Пол уйлж, алсаас зүрх илгээн, дараа нь хайртаа гар дээрээ өргөөд явсан билээ.

Лердам 1000 метр зайд түрүүлэхдээ олимпын рекорд тогтоосон. Энэ нь голландчуудын Милан дахь анхны медаль байлаа.

Ютта Олимпын наадамд оролцож чадахгүй байж тун магадгүй байсан. Учир нь тэр дотоодын өрсөлдөөнд ялагдаад шууд эрхээ авч чадаагүй юм. Ингээд Лердам зохион байгуулах хорооны шийдвэрийг хүлээх хэрэгтэй болсон.

Олимпод очихоосоо эхлээд Юттаг хэрүүл шуугиан дагасан. Багийнхантайгаа хамт явалгүй, хувийн онгоцоор найзуудтайгаа хамт ниссэнийг нь Нидерландад ихэд шүүмжилсэн. Инфлюнсер хүн яалтай билээ.

Энэ бүх үед Пол түүнийг дэмжиж, гэр бүлийнхнээ дагуулан Италид очиж, бэлтгэл, тэмцээн болгоныг нь үзэж суулаа. Пол бол мэргэжлийн боксын тулаанд нэртэй олон тамирчныг ялсан, хэт алдартай блогчин. Тэр уралдааны өмнө олон нийтийн сүлжээнд “Өнөөдөр чиний өдөр шүү, хайрт минь. Чи энд түрүүлэхийн төлөө маш их ажилласан. Бид бүгд чамд хайртай, дэмжиж байгаа шүү. Урагшаа, аварга аа” гэж бичсэн байлаа.  

Хайртыгаа түрүүлэхэд шууд л уйлаад эхэлсэн.

Тэмцээний дараа Лердамаас сүйт залуугийн дэмжлэг хэр чухал байв гэж асуухад “Би түүний тулаануудад бараг очиж үзээгүй болохоор надад их эвгүй байна. Бэлтгэл гээд дандаа завгүй таардаг байлаа. Надаас илүү Пол миний тэмцээнийг үздэг. Өнөөдөр энд Пол, миний гэр бүл байсан минь надад их хүч болсон” гэж хариулжээ.

Полын сэтгэл хөдлөл удаан дарагдаагүй. Олон нийтийн сүлжээнд “Уйлахаа зогсох гээд чадахгүй байна. Чи чадлаа, хайрт минь. Олимпын алтан медаль шүү дээ. Чи агуу юм. Бид спортын түүхэн дэх агуу үйл явдлын гэрч боллоо. Чамаар яаж бахархаж байгаагаа үгээр илэрхийлэх арга алга” гэж бичсээр л.

Тэд үерхээд 3 жил болсон

Ютта, Жейк хоёрын инстаграм дагагчдыг нийлүүлбэл 34 сая болно. Тэд 2022 онд танилцсан. Пол Юттаг инстаграмд нь бичиж, подкастдаа урьж байжээ. Гэхдээ эхлээд бүсгүй огт хүлээж авсангүй.

“Надад мэссэж бичихэд нь би “Үгүй. Надад чи хүссэн бүхнээ авч чадна гэж боддог, их зантай амьтан шиг харагддаг” гэж хариулсан. Би түүнтэй уулзахыг хүсээгүй. Түүний тухай бараг мэддэггүй байлаа. Полын инстаграм хуудсыг үзээд ийм л хүн юм байна гэж бодсон. Гэтэл тэр огт өөр хүн байсан” Ютта

Пол түүний анхаарлыг татах гэж оролдсоор л байв. Ингээд 2023 онд уулзаж эхэлжээ. Тэр үед Жейк хамт авхуулсан зургаа оруулаад “Одоо би голланд хүн болсон” гэж бичиж байлаа.

2025 оны гуравдугаар сарын 22-нд Пол түүнд гэрлэх санал тавьж, Ютта зөвшөөрсөн.

“Бид сүй тавьсан. Үүрд мөнх хамт байх цагаа тэсэн ядан хүлээж байна” Жейк Пол

“Лердам ээжийг минь санагдуулдаг. Маш сайн хоол хийдэг, хөөрхөн. Ухаантай, юмыг сайн дүгнэж, цэгнэдэг. Түүнтэй харилцахад, дурдахад үнэхээр гайхамшигтай. Сайн зүйлийг нь тоочоод байвал барагдахгүй. Тэр энэ дэлхийд хамгийн гоё биетэй, би түүнд ухаангүй хайртай” Жейк Пол

Одоо тэд үргэлж хамтдаа байгаа. Цаашдаа ч үүрд мөнх хамт байх биз ээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна