UBLife Logo
Спорт

СIAO! "Милан Кортина 2026", BONJOUR! "Францын Альп 2030"

СIAO! "Милан Кортина 2026", BONJOUR! "Францын Альп 2030"

"Милан Кортина 2026" Өвлийн олимпын XXV наадам өндөрлөж, түүх болон үлдлээ. 92 орны 2871 тамирчин (1533 эрэгтэй, 1338 эмэгтэй) 8 спортын 16 төрлөөр 116 цогц медалийн төлөө 16 хоногийн турш өрсөлдлөө. Дэлхийн рекорд нэг, Олимпын рекорд 10 удаа шинэчлэгдэв.

Монгол Улсаа төлөөлөн гүйлтийн цанаар хоёр (Э.Ариунтунгалаг, Б.Ачбадрах), уулын цанаар нэг (А.Ариунбат), нийт гурван тамирчин амжилттай оролцлоо.

Йоханнес Хөсфлот Клэбогийн зургаан алт, Илья Малинин, Эбба Андерссоны уналт, Арианна Фонтанагийн 14 дэх медаль, Бразил болон Өмнөд Америк тивд анхны Өвлийн олимпийн медалийг авчирсан Лукас Пиньеро Бротен, "Мөсөн дээрх гайхамшиг-2"-ын гол баатар Хеллибакын хаалт, Линдси Вонн, Фредерика Бриньонегийн эр зориг, тэсвэр тэвчээр, Мексикийн ээж, хүү уулын цаначид, олимпын медаль хамтдаа авсан олон олон ахан дүүс, орос тамирчдын эзгүйрсэн орон зай (ялангуяа уран гулгалт, хоккей) гээд л "Милан Кортина 2026" Олимпын тодотгол, дараагийн олимп хүртэл яригдах, дурсагдах  баатрууд, тэдний гайхамшигт амжилтууд тодхон санагдаж байгаа байх.

Тэгсэн хэдий ч та бүхнийг Италид, "Милан Кортина 2026"-д дахин нэг "аваачиж", эргэн нэг олимпын "базаагаа" толилуулья!

БИАТЛОН

Эрэгтэйд Норвегийн "буутай цаначид" энэ төрөлд шилдэг гэдгээ нотолсон. Тэд 2 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн. Гэхдээ багийн буухиад францчууд аваргалсан. Францын Кантен Фийон Майе 3 алт, 1 хүрэл, Норвегийн Стурла Холм Лэгрейд 3 мөнгө, 2 хүрэл, Шведийн Мартин Понсилоума алт, хүрэл медаль хүртэж, аргагүй супер одууд гэдгээ нотоллоо. Эмэгтэйчүүдэд Францын бүсгүйчүүд багаараа түрүүлж, 3 алт, 3 мөнгө, 1 хүрэл медалийг хүртсэн. Францын Жулиа Симон 3 алт, нэг мөнгө, Осеан Мишлон 2 алт, нэг мөнгө, Лу Жанмонно 2 алт, мөнгө, хүрэл , Норвегийн Марен Киркеэйде мөн алт, мөнгө, хүрэл медалийн иж бүрдэлтэй Италиас буцлаа. Италийн од Лиза Витоцци нутгийн замд Олимпын анхны алтан медалиа зүүлээ.

БОБСЛЕЙ, ЧАРГА, СКЕЛЕТОН

Бобслей, чарга, скелетон бол Германы "үндэсний спорт" гэхэд бараг болно доо. Бобслейн дөрвөн төрлийн гуравт нь германчууд алт авч, боломжит 12 медалийн 7-г нь зүүсэн, тэд. Чарганы таван төрлөөс гуравт бас Германы чаргачид алт авч, нийт 5 медаль хүртлээ. Чарганд Германаас гадна Итали (2 алт, 2 хүрэл), Австри (3 мөнгө, 1 хүрэл) амжилттай оролцлоо.

Скелетонд Их Британи хоёр алт авсан бол Германы "түрүүлгээ харж, толгойгоороо тоглодог" энэ төрлөөс 9 медалийн зургааг нь (3 мөнгө, 3 хүрэл) хамсан.

Германы баг тамирчдын "Милан Кортина 2026" олимпоос хүртсэн 8 алтын зургааг нь, нийт 25 медалийн 18-ыг нь бобслей, чарга, скелетон гээд энэ гурван төрлийн тамирчид хүртжээ.

УУЛЫН ЦАНА

Эрэгтэйчүүдэд Швейцарийн цаначид ноёрхсон. Франьо фон Алльман хүү 3 алт цойлсон бол Л.Мейяр алт, мөнгө, хүрэл зүүж, Марко Одерматт 2 мөнгө, нэг хүрэл хүртсэн. Багийн төрөлд алт, мөнгө бас Швейцарийнх болсон. Эмэгтэйчүүдээс Италийн Фредерика Бриньонег онцлохоос, түүгээр бахархахас өөр аргагүй. Жил ч хүрэхгүй хугацааны өмнө маш хүнд бэртэл авч, хөлөө хоёр ч газраар хугалсан Фредерика бүсгүйг уралдааны замд эргэн ирнэ гэдэгт эргэлзэж байсан хүн цөөнгүй. Тэгвэл тэрээр эргэн ирснээр барахгүй хос алтан медаль хүртлээ, гайхамшигтай.

КЁРЛИНГ

Шведүүд эмэгтэй болон холимог хосын төрөлд алтан медаль хүртсэн. Харин Канад эрэгтэйд алт, эмэгтэйд хүрэл зүүлээ. "Мөсний чулуу" төрөлд энэ хоёр орон хүчтэй гэдгээ дахин харууллаа. Холимог хосод алт авсан Шведийн Изабелла болон Расмус Врана нар бол төрсөн эгч дүү хоёр юм.

ГҮЙЛТИЙН ЦАНА

Норвегийн эрэгтэй цаначид зургаан зайд зургууланд нь алт, мөн нэг мөнгө, 4 хүрэл авч бүрэн ноёрхлоо. Йоханнес Хөсфлот Клэбо зургаан алт авч түүхэн рекорд тогтоож, 50 км-ийн зайд Норвегийн гурван цаначин шагналын тавцанд зогсон ховор амжилтыг тамгаллаа.

Харин эмэгтэйчүүдэд Шведийн "зандан хүлэгтнүүд" гангарлаа. "Дээвэр дээр суудаг Карлсон"-ы нутгийн бүсгүйчүүд 5 алт (бараг зургаан алт авах байсан ч багийн буухиад Эбба хальтирч унаж, цанаа алдан "бойтоглож" мөнгө дээр буусан), 4 мөнгө, нэг хүрэл буюу боломжит 18 медалиас 10-ыг нь хамсан. Фрида Карлссон 2 алт, нэг мөнгө, Эбба Андерссон нэг алт, 3 мөнгө, Йонна Сундлинг алт, мөнгө, Мая Дальквист алт,хүрэл медалиар аяны богцоо дүүргээд Швед рүүгээ харилаа даа.

ТРАМПЛИН ХАРАЙЛТ

Словен трамплин харайлтаас 2 алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн нь тус улсын энэ олимпоос хүртсэн бүр медаль нь боллоо. Тэгвэл энэ дөрвөн медалийг дөрвүүлэнг  ах дүү хоёр Превц зүүлээ. Ах дүү хоёр багийн төрөлд Ника Водан, Анже Ланишек нарын хамт түрүүлснээс гадна ах Домен Превц том трамплинд алт, харин дүү охин Ника Превц мөнгө, хүрэл медаль авсан юм.

Эмэгтэйчүүдээс Норвегийн трамплинч Анна Удине Стрём хоёр алт, нэг мөнгөн медаль зүүснийг бас тодоор бичих ёстой

ТЭШҮҮР

Эрэгтэйчүүдээс АНУ-ын Жордан Штольц хос алтан медаль хүртэхдээ хоёуланд нь Олимпын рекордыг шинэчилж, мөн нэг мөнгөн медаль хүртсэн бол Нидерландын хашир "хандгай", 40 настай Бергсма алт, хүрэлтэй зодог тайллаа.

Эмэгтэйчүүдээс Нидерландын Фемке Кок, Ютта Лердам хоёр тус бүр алт, мөнгө, Италийн Франческа Лоллобрижида хоёр алт, Японы Михо Такагии гурван хүрэл, Канадын Валери Мальте алт, хоёр хүрэлтэй Миланы мөсөн замд гялалзлаа.

ЦАНЫН ХОЁР ТӨРӨЛТ

Норвегийн Енс Лурос Офтебру бүх гурван (хувийн хоёр, багийн нэг) төрөлд алтан медаль зүүв. Зөвхөн эрэгтэйчүүд оролцдог, өрсөлдөөн, сонирхол багатай гээд энэ төрөл Өвлийн олимпын хөтөлбөрөөс хасагдаж ч магадгүй болж байгаа.

СКИ-АЛЬПИНИЗМ

СкиМО буюу ski mountaineering (цанатай ууланд авиралт) хэмээх шинэ төрөл Өвлийн олимпын хөтөлбөрт анх удаа орсон. Эрэгтэй спринтэд Испанийн Ориоль Кардона, эмэгтэй спринтэд Швейцарийн Марианн Фаттон нар анхны олимпын аваргууд боллоо. Холимог хосод Францын баг түрүүлсэн. Испаний Кардона алт, мөнгө,  Ана Алонсо хоёр хүрэл медаль зүүлээ. Мөн "Төвийг сахисан хувь тамирчин" нэр дээр оролцсон ОХУ-ын тамирчдаас энэ төрөлд Никита Филиппов цорын ганц мөнгөн медалийг хүртсэн билээ.

СНОУБОРД

Японы сноубордчид эрэгтэй төрөлд 2 алт, 2 мөнгө, нэг хүрэл, эмэгтэйд 2 алт, 2 хүрэл медаль хүртэж, энэ төрөлд илүү гэдгээ харууллаа. Австрийн сноубордчид нийтдээ 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл, БНСУ алт, мөнгө, хүрэл, БНХАУ алт, хүрэл медаль авлаа. АНУ-ын од, олимпын хошой алтан медальт Хлоя Ким энэ удаа мөнгөн медальтай буцав.

УРАН ГУЛГАЛТ

Өвлийн олимпын хамгийн үзүүштэй төрлийн нэг. Оросын орон зайг Япончууд эзэгнэв. Нэг алт, гурван мөнгө, хоёр хүрлийг Наран улсын гулгагчид хүртсэн. Баараггүй аварга болно гэгдэж байсан АНУ-ын орос хүү Илья Малинин эрэгтэй ганцаарчилсан төрөлд хоосон хоцорч, Оросын ганц найдвар Аделия охин ганцаараа ультра-си хийсэн ч амжилтгүй болж медальгүй үлдэж, Японы спорт хос, Францын бүжгийн хосыг шүүгчид дэндүү дөвийлгөж, Оросын  эрэгтэй гулгагчийг арай л "дарсан", Алиса Лью гээд "яахав дээ л нэг" гулгагч олимпын алт авсан гээд хэл амтай л өндөрлөлөө, Олимпын уран гулгалт.

ФРИСТАЙЛ

"Ганц таньдаг" нь эмэгтэйд БНХАУ-ын нэр дээр ордог  Америкийн иргэншилтэй "эрлийз бүсгүй" Эйлин Гу, эрэгтэйд Канадын Кингсери юм даа, энэ төрөлд. Хоёулаа л алт авлаа.

ХОККЕЙ

Эрэгтэй, эмэгтэй аль алинд нь алтын төлөө АНУ-Канад тоглож, хоёуланд нь Америкчууд яг адил дүнгээр (2:1 ОТ) хожиж, олимпын хоккейд "давхар цохилт" хийлээ. Америкийн хоккейчид эрэгтэй, эмэгтэй аль алинд нь Олимпын гурван удаагийн аварга боллоо.

ШОРТ -ТРЕК

Нидерландын Йенс ван'т Ваут эрэгтэйчүүдэд гурван алт, нэг хүрэл медаль авсан бол ах Мелле ван'т Ваут нь нэг алт, нэг мөнгөн медаль зүүлээ. Ах дүү хоёр гэр рүүгээ Олимпын зургаан медаль ганзагалаад харих нь.

Эмэгтэйд бас  Нидерландын Ксандра Фелзебур бүсгүй "нисч", хошой алтан медаль хүртлээ.

Италийн домог Арианна Фонтана нэг алт, хоёр мөнгөн медалиар медалийн цуглуулгаа арвижууллаа. Түүний олимпын медалийн тоо 14 хүрсэн юм.

Ийнхүү "Милан Кортина 2026" Өвлийн олимпын ХХV наадмын "базаагаа" өндөрлөж байна. Баяртай, Баярлалаа!

Францад, Альпийн нуруунд 2030 оны хоёрдугаар сарын нэгнээс 17-нд болох Өвлийн олимпын ХХVI наадмын хуанли эргэж эхэллээ.

Наана нь 2028 оны долдугаар сарын 14-30-нд АНУ-ын Лос Анжелес хотноо болох Зуны олимпын XXXIV наадам эхлэхэд  872 хоног үлдлээ.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна