Гренландын уугуул иргэд инуит (эскимос) нар хэдэн зуун жилийн турш дэлхийн хамгийн хүйтэн газарт амьдарч байна. Инуит гэдэг нь инуктитут хэлээр хүн гэсэн утгатай. Тэдний амьдралын хэв маяг, соёлын ёс заншил хатуу ширүүн өвөл, цас, мөсний нөлөөн дор бүрэлдэн тогтсон юм. Даяарчлал, орчин үеийн нөлөөнд авталгүй тэд өв уламжлалаа хадгалан үлдэж чадсан. Гэхдээ техникийн хөгжил, цаг уурын өөрчлөлт тэдний өмнө шинэ шинэ дуудлага, сорилт авчирсаар.

Инуит нарын амьдрал байгаль дэлхийтэй салшгүй холбоотой. Тэд ан хийж, загасчилна. Далайн хав, халим загас агнаж, хүнс, хувцас, бусад хэрэглээгээ хангадаг.

Байгаль орчин, уламжлалт аж ахуй, амьд гарах ухаан гээд л бүгдийг тэд ам дамжин ярьж, хойч үедээ үлдээдэг.

Инуит нарын соёлын чухал хэсгийг урлаг эзэлдэг. Тэдний ясан эдлэл, сийлбэр алдартай. Ардын дуу, бүжиг нь сонирхолтой.

Инуктитут хэлийг өдөр тутмын амьдрал, хичээл сургуульдаа хэрэглэнэ.

2006 оны 11 дүгээр сарын 7-нд НҮБ-ын Ерөнхий чуулганаас энэ өдрийг Инуит нарын өдөр болгон тунхагласан юм.

11 дүгээр сарын 7 бол инупиат гаралтай америк улстөрч, Барроу хотын анхны захирагч, Инуитын зөвлөлийн үүсгэн байгуулагч Эбен Хопсоны төрсөн өдөр. Эбен уугуул иргэдийн эрх ашгийн төлөө тууштай тэмцэгч байлаа.

Инуитын зөвлөл нь Чукотк, Канадын хойд хэсэг, Аляскийн уугуул иргэдийг нэгтгэсэн холбоо. Одоо дэлхийд 180 мянган инуит хүн байна.

Сүүлийн арван жилд гарсан цаг агаарын өөрчлөлт тэдний амьдралыг өөрчилжээ.

Арктикийн мөс хайлж, ан амьтдын явдаг маршрут өөрчлөгдсөн нь ан ав хийхэд хүндрэл учруулжээ.

Орчин үеийн технологи өдөр тутмын амьдралд нэвтэрсээр. Интернет, гар утсаар холбоо барьж, боловсрол эзэмшинэ.

Хүүхэд залуус олон нийтийн сүлжээ ашиглана.

Алс хязгаар газарт сүлжээ холбогдохгүй тул нийгмийн тэгш бус байдал үүсэж байна.

Данийн багш эмэгтэй Ванилла Матиассен 13 дахь жилээ Гренландад ажиллаж байна. Түүний ажигласнаар нутгийн иргэд юуны өмнө маргааш хоол олдох уу, үгүй юу гэдгийг боддог гэнэ. Хэрэв хөргөгч дүүрэн бол сайхан амарна, хүнс байхгүй бол ямар ч хүйтэнд буугаа үүрээд анд гардаг байна.

Тэд эртний уламжлал, орчин үеийн өөрчлөгдөж байгаа дэлхийн хооронд тэнцвэрээ барин амьдарч байна.

