Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар эмэгтэйчүүддээ тус бүр 60 манат (3 ам.доллар) бэлэглэх зарлиг гаргалаа. Зарлигт “Улс эх орон цэцэглэн хөгжихөд эмэгтэйчүүдийн оруулсан хувь нэмрийг үнэлж байна” гэж дурджээ.

Засгийн газрын бэлгийг гуравдугаар сарын 2-6-нд олгох юм. Тус улс эмэгтэйчүүддээ долоон жил дараалан 60 манат бэлэглэж байна. Харин энэ хооронд барааны үнэ хоёр дахин өсчээ. Одоогийн байдлаар Туркменистанд үхрийн мах 1 кг нь 110 манат, 1 кг алим 26 манат үнэтэй байна. Туркменистанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1410 манат байдаг.
