АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон Конгресст Эпштиний хэргийн талаар мэдүүлэг өглөө. Хиллари мэдүүлгийнхээ эхэнд Эпштиний гэмт хэргийн талаар юу ч мэдэхгүй гэдгээ хэлээд Дональд Трампыг дуудан мэдүүлэг авахыг Конгресст уриалав.
Хиллари Клинтон “Би ноён Эпштинтэй уулзаж байснаа огт санахгүй байна. Би хэзээ ч түүний онгоцоор нисэж, хэзээ ч арал, гэр, ажлын байранд нь очиж байгаагүй. Нэмж хэлэх зүйл алга” гээд “Хэрэв та бүхэн Эпштиний хүний наймаатай холбоотой гэмт хэргийн талаар үнэхээр мэдэхийг хүсэж байвал манай одоогийн Ерөнхийлөгчийг дуудаж ирүүлэн, тангараг өргүүлэн, асуух хэрэгтэй. Яагаад Трампын нэр Эпштиний хэрэгт арван мянган удаа гарч байгаа юм бэ” гэж хэлжээ.
Мөн Конгрессын Төлөөлөгчдийн танхимын хяналтын хороог ил тод бус ажиллаж байгааг шүүмжилж, яагаад Бүгд Найрамдах Намын гишүүдээс мэдүүлэг авахгүй байгааг асуусан байна.

Билл Клинтон, Хиллари Клинтон нар эхлээд Конгресст очихоос татгалзаж байсан ч Шүүхээс Конгресст хүндэтгэлгүй хандсан гэж хэрэг үүсгэнэ гэж зарласны дараа зөвшөөрсөн. Хилларигийн нөхөр, Ерөнхийлөгч асан Билл Клинтон Эпштинийг хувийн шугамаар таньдаг ч түүний гэмт хэргийн талаар юу ч мэдэхгүй, сонсоогүй гэж мэдэгдээд байгаа. Түүний хэлснээр Эпштинтэй 20 жилийн өмнө харилцаагаа тасалсан гэжээ. Билл Клинтоны нэр хэргийн баримт бичигт олон удаа дурдагдсан, гэрэл зураг нь ч хэрэгт хавсрагдсан байгаа билээ.
Билл Клинтоноос өмнө АНУ-ын Ерөнхийлөгч асан хүн Конгресст мэдүүлэг өгсөн нь 1983 оны Жеральд Форд байлаа.




