UBLife Logo
Дэлхий

Forbes: Тэрбумтнуудаар сонин юутай вэ?

Forbes: Тэрбумтнуудаар сонин юутай вэ?

Америкийн “Forbes” сэтгүүлийн газраас энэ сарын 12-26-нд дэлхийн тэрбумтнууд ямар сонинтой байсныг тоймлон хүргэж байна.  

Криштиану Роналду

Португалын од Криштиану Роналду "Herbalife”-ийн охин компанийн хувьцааны 10 хувийг 7,5 сая ам.доллароор худалдан авлаа. Энэхүү компани нь эрүүл амьдралын хэв маяг, эрүүл мэндийн талаар мэдээлэл цуглуулж, дараа нь бүтээгдэхүүн гаргахдаа ашигладаг ажээ. Роналду хувьцаа эзэмшигч болсныг зарласны дараа “Herbalife”-ийн хувьцааны үнэ 15 хувь өссөн байна. Роналду 2015 оноос тус брэндийн зар сурталчилгаанд орж байсан ч анх удаагаа бизнест нь оролцож эхэллээ.

Стивен Спилберг

Калифорни муж тэрбумтнууддаа “Баячуудын татвар” ногдуулах болсон мэдээ гарсны дараа найруулагч Стивен Спилберг нүүж, оршин суух хаягаа өөрчиллөө. Тэрээр эхнэрийн хамт Нью-Йоркт шилжиж, Манхэттен төв хүрээлэнгийн дэргэдэх "Сан-Ремо” барилгад амьдрах болсон. Өмнө нь энд  Стив Жобс, Деми Мур, Мик Жаггер нарын алдартнууд амьдарч байжээ. Спилбергийн “Amblin Entertainment” компани оффисоо Нью-Йоркт нээгээд байна. “Баячуудын татвар”-ын сургаар тэрбумтнууд “Алтан муж”-аас нүүсээр байгаа дотор Марк Цукерберг байна. Гэхдээ Марк Өмнөд Флорида мужийг сонгожээ.

Билл Гейтс

70 настай Билл Гейтс Жеффри Эпштиний хэрэгт нэр нь олон удаа дурдагдаж, гэрэл зураг нь гарч байгаа. Тэрээр компани, сангийн ажилтнуудаасаа нэр холбогдсондоо уучлал гуйсан ч Эпштиний хэрэгтэй холбоогүй гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ яаж зүгээр байх вэ, хоёр орос эмэгтэйтэй нууц амраг байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Эпштиний баримтаас үзэхэд Билл хар тамхи хэрэглэдэг, бэлгийн халдварт өвчинтэй байсан талаар бичсэн байдаг. Ингэхээр Билл хоёр хорноос аль багыг нь гэдэг шиг орос нууц амрагаа хэлээд энэ яриаг хаахаар шийдсэн нь илт гэж шинжээчид үзэж байна.

Жефф Безос

“Amazon”-ы үүсгэн байгуулагч Жефф Безос, түүний гэргий Лорен Санчес хоёр тавдугаар сарын 4-нд Нью-Йоркийн Метрополитен музейд болох загварын Met Gala шоуны гол ивээн тэтгэгч болжээ. Тэд мөн Хүндэт тэргүүнээр сонгогдсон тул ирсэн зочдыг шатан дээр угтан авах, мэндчилэх үүрэг гүйцэтгэнэ. Харин хүмүүст энэ нь таалагдсангүй. Олон нийтийн сүлжээнд шоунд очихгүй эсэргүүцэл үзүүлэх хөдөлгөөн эхлээд байна. Сүлжээнд “Сайхан хувцаслах ямар ч эвсэлгүй хоёр тэрбумтан мөнгөөр манай шоуг авчихлаа. Лорен Санчес өнөө цагийн хамгийн шилдэг стилист Лоу Роучийг хөлслөн авсан байна. Гэхдээ Лоу ч энэ мод шиг авгайг сайхан харагдуулж чадахгүй” гэж бичсэн байлаа.

Марк Цукерберг

Марк Цукерберг Лос-Анжелесийн шүүхэд хүүхдийн сэтгэцэд олон нийтийн сүлжээний үзүүлэх нөлөө хэргээр мэдүүлэг өглөө. Түүний Google, Meta компанийг өсвөр үед муугаар нөлөөлж байна гэсэн гомдол их ирдэг болсон. Энэ удаад Калифорнийн нэгэн эмэгтэй багадаа Instagram, YouTube их ашигладаг байсны гайгаар депресст орж, амиа хорлохыг оролдсон гэж шүүхэд заалдсан байна. Тэр эмэгтэй өмнө нь TikTok, Snapchat-тай заргалдаж, хохирлын мөнгө аваад байсан гэнэ. Харин Цукерберг Instagram сүлжээ хамааралд оруулдаг гэдгийг баримт гарган, няцаасан байна.

Том Притцкер

“Hyatt Hotels” зочид буудлын сүлжээний тэргүүн Том Притцкер Эпштиний хэргийн улмаас огцорлоо. Тэрээр Жеффри Эпштинтэй олон жил анд нөхөд байсан нь цахилгаан шуудангаас нь илэрчээ. Эпштин түүнийг гэр бүлээ гэж үздэг байжээ. Хохирогчдын нэг Виржиния Жуффре Том Притцкерт хүчиндүүлж байснаа хэлсэн байдаг. 75 настай тэрбумтан эрс үгүйсгэсэн ч  арал дээр олон удаа очиж байсан нь батлагдсан.

Лоу Так Квонг

Индонезийн “нүүрсний хаан” Лоу Так Квонг үнэ хаялцуулах худалдаанаас Индонезийн Ерөнхийлөгч асан Сусило Бамбанга Юдойоногийн зурсан зургийг 488254 сингапур доллароор ($385 476) худалдан авлаа. Гал дунд давхиж яваа хөх морь яг нл Гал морь жилийг бэлгэдэж байгаа юм. Зургийн нэр ч “Галт морь”. 77 настай Лоу Так Квонгийн хөрөнгийг Forbes USA $20,4 тэрбум гэж үнэлээд байгаа.

Энди Карри

Их Британийн химийн “аварга загас” Ineos-ийн эздийн нэг Энди Карри супер далбаат хөлөг онгоцоо дуудлага худалдаанд орууллаа. Компани нь дампуурах дөхөж, өр зээлд орсны шинж гэж The Times тэмдэглэжээ. Түүний “Hampshire” нэртэй хөлөг нь 66 метр урттай, дотроо бэлтгэлийн танхим, кино театр, нисдэг тэрэгний зогсоолтой бөгөөд одоо Барселона хотын боомтод зогсож байгаа юм.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...