Нийслэлийн орон сууцны корпораци буюу НОСК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхантай ярилцлаа. НОСК-ийн сүүлийн үед төвлөрөн ажиллаж буй томоохон төслүүд болоод гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд төр, хувийн хэвшил хэрхэн амжилттай хамтран ажиллаж буй талаар ярилцсанаа хүргэе.
-Нийслэлийн орон сууцны корпораци ямар томоохон ажилд төвлөрөн ажиллаж байгаа тухай яриагаа эхэлье.
-Нийслэлийн орон сууцны корпораци Улаанбаатар хотын орон сууцны бодлогыг хэрэгжүүлдэг байгууллага. Гэр хорооллын дахин төлөвлөлт гацсан, үүнээс болж иргэд хохирсон төслүүдэд дахин менежмент хийж хэрэгжүүлдэг. Мөн Улаанбаатар хотод суурьшлын шинэ бүс тэлэх ажилд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төсөл хэрэгжүүлэх, дэд төвүүдийг хөгжүүлэх, иргэдийг орон сууцжуулах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Сүүлийн үед Улаанбаатар хотод ногоон орон сууцны технологийг нэвтрүүлэх, нутагшуулах чиглэлд түлхүү анхаарч байгаа. Түүнчлэн манайх ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг дахин төлөвлөн барилгажуулах ажлыг хариуцдаг.
Өнөөдрийн байдлаар НОСК Баянхошуу, Дамбадаржаа, Шар хад дэд төвийн хүрээнд газар чөлөөлөлт болон орон сууцжуулах төслүүдийг хариуцан хэрэгжүүлж байна. Түүнчлэн нийслэл, Засгийн Газраас хэрэгжүүлж байгаа 24 мега төслийн нэг болох орон сууцны төслийг хариуцан хэрэгжүүлж байна. Тодруулбал, СХД-ийн 5 дугаар хороонд байршилтай Ханын материалын 3 мянган айлын орон сууцны төсөл юм. Мөн ипотекийн зээлийн өөр нэг хувилбар болох түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны төсөл хөтөлбөрийг хариуцаж байна. Үүнд төрийн албан хаагч болон Улаанбаатар хотын иргэд хамрагдах боломжтой. Яг одоогоор Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилготой алсын 3 дүүрэг рүү чиглэсэн, тэнд амьдарч байгаа төрийн албан хаагчдад зориулсан ажил үргэлжилж байна. Тодруулбал, Багахангай дүүрэгт төрийн албан хаагчдад зориулсан түрээслээд өмчлөх эрхийн орон сууцны төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Мөн Налайх дүүрэгт эхлүүлсэн байна.
-Сүүлийн жилүүдэд гэр хорооллын дахин төлөвлөлт нэлээн хийгдлээ. Хохирсон айл өрх ч цөөнгүй байдаг. Одоо иргэд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хэр итгэл үнэмшилтэй ханддаг болсон бэ?
-Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлт удаашралтай, хэрэгжилт нь 12-13 хувьтай явсан. Зорилгодоо хүрч чадаагүй учраас дунд нь иргэд хохирсон. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, гэр хорооллын дахин төлөвлөлтийг Нийслэлээс барилгын компанийг сонгон шалгаруулаад иргэдтэй өөрсдөө учраа ол гээд орхичихдог байсан. Ингээд шалгарсан компани тухайн байршил дээр төсөл хэрэгжүүлэх санхүүжилтээ олохоос эхлээд газар чөлөөлөхтэй холбоотой үүссэн асуудал зэргээс болж ажил нь удааширдаг. Үүнээс болж иргэд түрээсийн төлбөрөө авч чадахгүй байх, тухайн төсөл хэрэгжүүлэгч нь солигдох, бусдад дамжуулснаас үүдэн анхны төлөвлөлт нь өөрчлөгдөх, анх захиалсан байр, сонгосон байршил өөрчлөгддөг гэх мэт асуудал гардаг байсан. Дээрээс нь нийслэлээс тавигддаг дэд бүтцийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт удаашралтайгаас болоод тухайн төсөл бас гацах тохиолдлууд бий. Тийм учраас төслийн нэгж талбарт хамрагдсан иргэд үл хөдлөх хөрөнгөө хөдөлгөөнд оруулах, шилжилт хийх боломжгүй болдог. Амьдрах орчин нөхцөлөө сайжруулаад байшин барья гэхлээр хүлээлт үүсдэг тохиолдлууд байсан. Амжилттай хэрэгжсэн төслүүд ч бас байгаа. Гэхдээ амжилттайгаас илүү амжилтгүй нь давамгайлсан учраас иргэдийн гэр хорооллын дахин төлөвлөлтөд итгэх итгэл нь алдарсан байсан. Ингээд сүүлийн 4 жилийн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтөд бодлогын шинэчлэлт хийж, гацсан царцсан төслүүдийг хөдөлгөж эхэлсэн. Дахин төлөвлөлтийг дэмждэг иргэд ч олширсон.
-Бодлогын ямар шинэчлэлт хийсэн бэ. Үр дүн нь хэр гарч байгаа вэ?
-Төр хүлээсэн үүргээ биелүүлж, дэд бүтцийн ажлаа нэн тэргүүнд хийвэл төсөл амжилттай болох нөхцөл бүрдэх юм байна. Ер нь дэд бүтэц шинээр тавихаас илүү дэд бүтцийг нь шийдсэн газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийг зарлахаар шийдсэн. Яагаад гэвэл, Улаанбаатар хотод байгаа 6 дэд төв нь түгжрэлийг бууруулах, төвлөрөл сааруулах, агаарын бохирдлыг багасгах зорилготой хийгдсэн. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд эдгээр дэд төвийн ашиглалт бага байсан учраас үүнийг түшиглэсэн байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхээр болсон. Үүний тод жишээ нь, “Сэлбэ-20 минутын хот” юм. НОСК газар чөлөөлөлт болон зураг төслийн ажлыг бэлдэж, эхлэлийг тавьж өгсөн. Хоёрдугаарт, газар чөлөөлөлт хамгийн их цаг авдаг, удаашралтай асуудал байсан. Хувийн хэвшлүүдэд барилга барих санхүүжилтээс илүү газар чөлөөлөхөд хөрөнгө оруулалт шаардлагатай болсон. Энэ нь дараагийн үйл ажиллагааг хөдөлгөх хөрөнгө, санхүүгийн хүндрэлд орох нөхцөл болсон юм. Тийм учраас нийслэлээс газар чөлөөлөлт хийж, дэд бүтцийг нь тавьж өгөх, тодорхой байршлуудад зураг төслийг нь хийсний дараа хувийн хэвшлийг урьж оролцуулах бодлого баримталж эхэлсэн. Мөн сонгон шалгаруулалтын шаардлагаа өөрчилсөн. Тодруулбал, манай НОСК-ийн зүгээс хотод хэрэгжиж байгаа ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны дахин төлөвлөлт болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдэд менежментийн хувьд нэг л өөрчлөлт хийсэн.
Бидний эхний шалгуур хөрөнгө, санхүүгийн чадамжтай төсөл хэрэгжүүлэгч компанийг сонгож байна. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй хэр нийцэж байгаа вэ гэдгийг харж байна. Гуравт нь, тухайн компанийн үндсэн суурь үйл ажиллагаа ямар байна, өмнө нь хийж хэрэгжүүлсэн ажлуудын туршлага ямар байна вэ гэдэг үндсэн шалгуур тавьж байна. Эдгээрийн дараа барилгын гүйцэтгэгч компани, зураг төслийн компанитай гэрээ хийсэн, эсэхийг нь шалгуур болгож байгаа.
Одоо эхнээсээ ашиглалтад орж, амжилттай хэрэгжиж байгаа төслүүд бол нэгдүгээрт, иргэдийн хохирлыг барагдуулах, хоёрдугаарт захиалга өгч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах явдал болоод байна. Дээрээс нь НОСК тухайн төслийн чанарын шаардлага хэр хангаж байгааг, стандартын норм дүрмээрээ баригдаж байгаа, эсэхийг хянаж, шаардлага тавьж байгаа учраас төслүүд эхнээсээ амжилттай хэрэгжиж байна.
-Энэ хүрээнд амжилттай хэрэгжиж байгаа төслүүдээс дурдвал?
-Амжилттай хэрэгжиж байгаа хэд хэдэн төсөл байна. Тухайлбал, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл дээр амжилттай хэрэгжиж байгаа, иргэдийн хохирлыг барагдуулсан төсөл бол Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд баригдах “Шүншиг Гэгээн” төсөл байна. Тус газар өмнө нь “Ивээлт цамхаг” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгараад 17 айлын газрыг чөлөөлсөн ч компанийн буруутай үйлдлээс болж тус төсөл гацсан. Энэ төсөл дээр бид 45,1 га байршил дээр төслийг 2 үе шаттай 24,7 га дээр дахин төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулсан. Барилгын салбарт амжилттай ажиллаж байгаа “МД Топ” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгараад байна. Тус компани өмнө нь “Шүншиг-1”, “Шүншиг-2” хорооллыг барьж ашиглалтад оруулсан, туршлагатай компани юм. Төслийн хүрээнд 473 нэгж буюу нийтдээ 22,4 га талбарыг чөлөөлнө. Төсөл хэрэгжүүлэгч “МД Топ” компани амьдрах орчин нөхцөлгүй болсон, орон байр, хашаа байшин нь нураагдчихсан, түрээсийн төлбөрөө авч чадахгүй байгаа төслийн хохирогч болсон 17 өрхийн асуудлыг хамгийн түрүүнд шийдвэрлэж, гэрээ байгууллаа. Хоёрдугаарт, айл өрхүүдтэй гэрээ хийж, газар чөлөөлөлтийн ажлыг маш богино хугацаанд шуурхай хийж байна. Өнгөрсөн оны 9, 10 дугаар сард 40 гаруй айл өрхтэй гэрээгээ хийгээд 4 сарын хугацаанд 1,4 га талбарт газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлээд байж байна. Барилгын зураг төсөл болон дэд бүтцийн зураг төслийн ажил эрчимтэй хийгдэж байна. Тэгэхээр энэ төсөл богино хугацаанд амжилттай хэрэгжих зураглалтай байгаа. “Шүншиг гэгээн” төслийн нээлт гуравдугаар сард болох гээд бэлтгэл ажил үргэлжилж байна.
Мөн “24 мега төсөл”-д хамаарч байгаа Ханын материалын төсөл гэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд түрүүний миний хэлдгээр дэд бүтцийг нь нийслэл хариуцаад, газар чөлөөлөлтийг нь хийж өгөөд, НОСК-оос төлөвлөлтийн ерөнхий шаардлагыг нь тавьж, хөрөнгө оруулагч компани зөвхөн барилга барих ажилдаа анхаарч байна. Ер нь цаашдаа ийм маягаар ажил урагшилна. Энэ төсөл 3 мянган айлын эхний шат буюу 1800 айлын төслийг хэрэгжүүлж байна. Төсөл хэрэгжүүлэгчээр дотоодын барилгын салбартаа анхдагчдын нэг “Материал Импекс” ХХК шалгарсан. Эднийх барилгын материал үйлдвэрлэгч, импортлогч бөгөөд барилга ч барьдаг компани. Энэ хавраас барилга угсралтын ажлаа эхэлнэ. Газар чөлөөлөлт нь одоо 98%-тай хийгдчихсэн. Дараагийн нэг төсөл нь 100 айлд байгаа “100 айлын цагаан байрнууд” гэж нэрлэгддэг 1957 онд ашиглалтад орсон байрнуудыг шинэчлэх төсөл 20 гаруй удаа тендэр зарлагдсан ч компани оролгүй 10 гаруй жил гацсан төсөл бий. Энэ төсөл дээр “Мөнх Ариун булга” барилгын гүйцэтгэгч компани хэрэгжүүлэгчээр сонгон шалгараад 2 жилийн хугацаанд эхний 2 блок нь ашиглалтад орж, улсын комисс хүлээн авсан. Одоо дараагийн 4 блок нь улсын комиссыг хүлээн авахад бэлэн болсон. Тэнд 300 гаруй айл өрх буюу 1200 орчим иргэн гаднаа 00-той, халуун усгүй хүндрэлтэй амьдарч байсан. Мөн Нисэхийн цагаан байруудыг шинэчилж, ашиглалтад оруулахаар улсын комисс ажиллаад байна.

-Хариуцлага алдсан компаниас болж иргэд олон жилийн хугацаанд хохирсон жишээ олон бий. Эдгээр компанид оногдуулдаг шийтгэл байдаг уу. Ямар арга хэмжээ авдаг вэ?
-Ер нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслөөс болж хохирсон иргэд иргэний хэргийн шүүхэд хандаж, хохирлоо барагдуулах боломжтой. Нийслэлийн хувьд удаа дараа хариуцлага алдсан компаниудыг хар жагсаалтад оруулах ажлыг хэрэгжүүлэхээр ярьж байна. НОСК-ийн хувьд ч гэсэн төсөл хэрэгжүүлэхдээ тухайн компани иргэдийг хохироосон байна уу, үгүй юү гэдгийг судалж байж сонгон шалгаруулалтаа хийхийг зорьж байгаа.
-Сонгон шалгаруулалтад оролцож байгаа дотоодын компниудын чадвар, туршлага хэр байдаг вэ. Танайхаас тавьж байгаа шаардлагын босгыг компаниуд давж чадаж байна уу?
-Монгол Улсын хувьд барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа. Санхүүжилтийн асуудал шийдвэрлэгдсэн тохиолдолд монголчууд ямар ч барилгыг богино хугацаанд, чанартай барьдаг болчихсон. Барилгын компаниуд санхүүгийн хувьд ч, туршлагын хувьд ч гэсэн чадамжтай болсон. Гагцхүү улс, нийслэлийн ажилд эдгээр компанийг сонгож оруулах асуудал нь дутагдалтай байгаа. Тийм учраас бидний тавьж байгаа шаардлага, босго шалгуур маань тухайн төслийн хөрөнгө оруулалт, хүчин чадлаас хамаараад харилцан адилгүй тавигддаг. Манай талаас компаниуд орох боломжгүй өндөр шаардлага тавихаас илүү ирээдүйд орох хөрөнгө оруулалтынх нь хэмжээтэй уялдуулж босго шаардлагаа тавьж байна. Ингэснээр НОСК-ийн зүгээс зарласан сонгон шалгаруулалтад дандаа дотоодын компаниуд шалгарч байгаа.
-Нөгөө талаасаа төртэй хамтарч ажиллахдаа хувийн хэвшлийнхэн ихэвчлэн ямар хүсэлт, шаардлага тавьж байна вэ?
-Газар чөлөөлөлтийг нийслэл хариуцан хийж байгаад хувийн хэвшлийнхэн таатай хандаж, талархал илэрхийлж байна. Газар чөлөөлтөөс болж хувийн хэвшлийнхэн маш их хөрөнгө, цаг хугацаагаа алддаг байсан. Үүнийг тусгай зохицуулалттай болгоод дэд төвийн хүрээнд орон сууцжуулах төсөл дээр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль батлагдсан. Энэ хуульд газар чөлөөлөлттэй холбоотой хуулийн зохицуулалтууд орж ирсэн юм. Өмнө нь газар чөлөөлөлтөөс болж тулгардаг байсан асуудал энэ хуулийн зохицуулалтаар шийдэгдэж байгаа. Ингэснээр, агаар, хөрсний бохирдол буурч, амьдрах нөхцөл сайжирч байгаа бол нөгөө талаас тухайн байршлын газрын үнэ цэнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр өгөөжийг нь хүртэж байгаа явдал юм. Мөн хувийн хэвшлийнхэн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлт их тавьдаг. Цахилгаан хангамж, дулаан, шугам сүлжээ гээд дэд бүтцийн ажлыг төрөөс дэмжиж, хэрэгжүүлбэл бид нар өөрсдөө санхүүжилт, хөрөнгө оруулалтаа хариуцаад, төслүүдээ хэрэгжүүлэх боломжтой гэдэг. Ер нь аль болох энэ олон хууль, дүрэм журмаа цомхотгож, тодорхой болговол чөлөөтэй ажиллах боломжтой талаар хүсэлт их ирдэг. Хувийн хэвшлийнхэн чадамжтай, хурдан шуурхай, зах зээлийн судалгаатай ажилладаг болчихсон. Заавал дотоодын банк гээд байхгүйгээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай хамтраад төслөө хэрэгжүүлдэг болжээ. Дээрээс нь хамтын ажиллагааны уялдаа холбоогоо сайжруулах, мэдээллийн хувьд нээлттэй болгож өгөөч гэдэг шаардлага, хүсэлтүүд түлхүү ирдэг.
-Таны ярианаас сонсоход НЗДТГ, НОСК өнгөрсөн арав гаруй жилийн алдаа дутагдлаа залруулаад, чамгүй олон ажлыг урагшлуулж, эрчимжүүлж байгаа юм байна. Та 5, 10 жилийн дараах Улаанбаатар хотын нөхцөл байдлыг ямархуу байдлаар төсөөлж байна вэ?
-Бид зөвхөн утаа яриад байдаг гэвч цаана нь хөрсний бохирдлын асуудал давхар байж байдаг. Дээрээс нь гэр хороололд байшин хорооллынхоос илүү их гэмт хэрэг гардаг статистик бий. Мөн гэр хороололд амьдардаг хүмүүс орон сууцанд амьдардаг хүмүүсээс илүү эрүүл мэндийн салбарт ачаалал үүсгэдгээс гадна эрүүл мэнддээ зарцуулж байгаа мөнгөн дүн нь ч илүү байдаг юм билээ. Тийм учраас бид нар Улаанбаатар хотын гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг нэн тэргүүнд улсын дэмжлэгтэйгээр шийдвэрлэх ажил байна. Хоёрдугаарт, гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулах ажлыг хувийн хэвшилтэй хамтарч хэрэгжүүлэхэд зөв зохион байгуулалт хэрэгтэй. Тэгж байж агаар, хөрсний бохирдолыг арилгах, ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зэрэг Үндсэн хуульд заасан эрхийг хангах боломж бүрдэнэ гэж харж байна. Алхмын зайд амьдрах хэрэгцээгээ бүрэн хангах боломж бүрдсэн “20 минутын хот” гэдэг олон улсын концепцын дагуу төлөвлөсөн хороолол, хотхоныг барих ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа. Өнөөдөр Улаанбаатарт эрчим хүчний салбарын асуудал маш хүндрэлтэй байна. Тийм учраас бид сэргээгдэх эрчим хүч ашиглаж, дулааны алдагдал бага, байгаль орчинд ээлтэй ногоон технологид суурилсан орон сууц болон амины орон сууцны төсөл, хөтөлбөрүүдийг түлхүү хэрэгжүүлэх бодлого баримталж байна. Гэр хорооллын иргэдийн нэг хэсэг нь орон сууцад амьдрах сонирхолтой байдаг бол нөгөө хэсэг нь амины орон сууцад амьдрах хүсэлтэй байдаг. Энэ 2 сонирхлын бүлэгт таарсан амины орон сууцны бүсийг шинэчлэн зохион байгуулах, өндөр болон нам давхрын орон сууц барих байршил тогтоох зэрэг эдийн засгийн хувьд ч солонгоруулах боломжийг бид судалж, хэрэгжүүлэх хэтийн зорилготой байна.