Өнөөдөр Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 105 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан эрчүүдээсээ “Хэн нэгнээс санаандгүй сонсоод өөрөөрөө бахархсан, дотоод галыг тань өрдсөн ямар үгс байсан бэ?” гэсэн асуултад хэрхэн хариулсныг нь хүргэж байна.
Эхнэрээсээ л хаа нэг “Чи минь мундаг шүү. Сайн аав, сайн хань шүү, их хичээдэг шүү” гэсэн сайхан үг сонсдог доо. Хэлсэн үгэнд нь урамшаад сайхан хүч тэнхээ орох шиг л болдог.
Ж.Жамсранжав, 38 настай
***
Ингээд уулзаад харсан чинь амьдаараа бүр царайлаг юм аа.
Т.Анар, 21 настай
***
Шударга, хөдөлмөрч гэж сонссон нь юмуу даа.
Г.Батсайхан, 27 настай
***

Манай маш дотно 2 найз хоорондоо намайг нэг асуудалтай байгаа талаар ярьж байхад нь яг сонсож таарсан юм. Тэгсэн нэг нь “Гэхдээ гайгүй байх өө, цаадах чинь Төвшөө шүү дээ” гэхэд нөгөөх нь “За тийм дээ” гэж хэлж байсан. Тэгэхэд л энэ хүмүүс надад хэр их итгэлтэй байдаг гэдгийг мэдээд дотор оч асаад л явчих шиг болсон доо.
Н.Энхтүвшин, 21 настай
***
Нямбай. За мэдэхгүй ээ, тийм үг сонсож байгаагүй юм байна.
Н.Гомбодорж, 38 настай
***
Кино, дуу гээд бүхий л сэдвээр ярилцдагт баярлалаа. Бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг хүн. Яг л цагаан цаас шиг цэвэр сэтгэлтэй хүн. Дотно болоод шүлэг бичдэг гэдгийг ч мэдээд аливаа зүйлийг гүн гүнзгий мэдэрч чаддаг хүн шиг санагдах болсон.
М.Тэмүүлэн, 21 настай
***

За тэгээд “Ажлаа сайн хийж байна шүү, сайн шүү” л гэдэг үгс мотиваци болж байсан юмуу даа. Онц гойд урам авахаар сонссон үг байхгүй дээ.
Б.Мөнхтулга, 30 настай
***
Ээжийн ажил нь хэцүү байна гэхээр нь “Ажлаасаа гарчихгүй юу даа” гээд хэлтэл ээж бодож байгаад ажлаасаа гарч, гадагшаа явахаар болсон. Тэгээд “Миний хүү л их түшиг тулгууртай байгаа болохоор бүх юмаа найдаад үлдээхэд сэтгэлд амар байна” гэсэн. Энэ хэлсэн үг нь яг шантрах гээд явж байхад хичээх шалтгаан болсон доо.
Г.Тамир, 22 настай
***
“Миний ханьд, миний аавд, миний ахад чадахгүй юм байхгүй юм даа. Байшин барилга барина, хувцас хунар оёно, маркетинг менежмент ч хийчихнэ. Хийсэн бүхэн нь төгс болдог” гэсэн үгс их сонсдог. Үүнээсээ урам авч, илүү сайхан зүйлс хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлтэй болдог.
Ж.Ганболд, 60 настай

***
Таныг орж ирэхээр ажил хийгээгүй юм шиг инээж өнгөрдөг. Хэцүү өдрийг ч инээж дуусгадаг, өөдрөг өнгөрөөдөг чакратай хүн.
О.Оюунболд, 26 настай
***
Нэг удаа хажуугийн орцонд гал гарч, дэлбэрэх мэт хүчтэй чимээнээр сэрсэн юм. Хүмүүс угаартаж болзошгүй гэж бодоод тэр орцны айлуудын хаалгыг нэг бүрчлэн тогшиж, сэрээж гаргаж байлаа. Тухайн үедээ юу ч бодолгүй, зүгээр л амжиж туслахыг хичээсэн.
Хожим нь гадаа явж байхад тэр айлуудын нэгтэй нь таарахад, нялх хүүхдээ дагуулсан байсан. Тэр хүн “Тэр өдөр хэлж амжаагүй ч маш их баярласан шүү” гэж хэлэхийг нь сонсоод сэтгэл үнэхээр их хөдөлсөн.
М.Улсболд, 25 настай