Сүүлийн үед хиймэл оюун ухаанаар бүтээсэн богино хэмжээний “амьтдын драм” сошиал сүлжээгээр нэг тархаж, олон сая хандалт авч байна. Богинохон хэмжээтэй ийм бичлэгүүдэд муур, нохой, тоть зэрэг амьтад савангийн дуурийн маягийн үйл явдалд оролцож буйг харуулдаг.
Хятадад анх тархсан энэ төрлийн бичлэгүүдийг хиймэл оюун ухаанаар бүтээдэг. AI технологи нь амьтдын дүр, хөдөлгөөн, орчныг бүхэлд нь хиймлээр дахин үүсгэж, хүний оролцоогүйгээр богино хэмжээний түүх өрнүүлдэг болоод удаж байна.
Хамгийн инээдтэй нь үзэгчдийн ихэнх нь бичлэг дээр ярьж байгаа хэлийг ойлгодоггүй, үйл явдлуудыг нь бүрэн мэддэггүй ч ийм видеонууд асар их хандалт авч байна.
Эдгээр AI “амьтдын драм” эхэндээ Хятадын сошиал орчинд түгээмэл байсан ч одоо дэлхий даяарх платформууд руу тархаж, олон улсын хэрэглэгчдийн анхаарлыг татаад байна.
Мэргэжилтнүүдийн хэлснээр, ийм төрлийн контент олноор үйлдвэрлэгдэх нь хиймэл оюун ухааны тооцооллын хэрэгцээг улам нэмэгдүүлж байна. Өөрөөр хэлбэл, энгийн мэт харагдах хэдхэн секундын бичлэгийн цаана асар их хэмжээний AI тооцоолол, серверийн нөөц ашиглагддаг байна.
Ингэснээр сошиал сүлжээнд шинэ төрлийн “дижитал драм” бий болж, контент бүтээх арга барилыг ч өөрчилж эхэллээ. AI ашиглан хурдан, хямд өртгөөр сонирхолтой бичлэгүүд үйлдвэрлэх боломж нэмэгдсэн нь ирээдүйд ийм төрлийн контент улам олширно гэсэн таамгийг ч төрүүлж байна.
