Буриадын модель, жүжигчин Нарана Эрдынеева Хонконгийн тэрбумтан Тимоти Фокийн 43 настай хүү Эриктэй болзож байгаа мэдээ цахим ертөнцөөр тарж байна. Саяхан тэднийг Италид хамтдаа зугаалж байхыг олж харжээ. Хятадын “Xiaohongshu” сүлжээний нэгэн хэрэглэгч Флоренцид галерей үзэхээр дугаарлан зогсож байгаа зургийг нь дарсан байна.

Өмнө нь тэд Эрикийн дүүгийн хуриманд хамтдаа очсон нь дуулиан тарьж байлаа. Эрик бол тэрбумтан Тимоти Фокийн (830 сая ам.долларын хөрөнгөтэй) гурав дахь хүү бөгөөд өмнөх эхнэр болох Хонконгийн 1977 оны мисс Лолетта Чугийн хүү. Эрикийн авга ах Генри Фок 3,7 тэрбум ам.долларын хөрөнгөөр Хонконгийн баячуудын жагсаалтын 7-д бичигддэг. Эрик өөрөө одоо гэр бүлийн “Fok Ying Tung Group” компанийн дэд ерөнхийлөгч ажилтай.

Нарана Эрдынеева Улаан-Үүд хотод төрсөн, 29 настай. Дорно Сибирийн Соёлын их сургуульд суралцаж байсан. 16 настайдаа Буриадын нэгэн агентлагт моделийн гараагаа эхлүүлсэн. Түүний дүр төрх олны анхаарлыг татаж, удалгүй Азийн түвшинд гарсан юм. Нарана Япон, Хятад, Өмнөд Солонгост тун алдартай. Vogue, Harper’s Bazaar, Elle, Cosmopolitan сэтгүүлийн нүүрэн дээр морилж байсан. L'Oréal брэндийн нүүр царай. Одоо Бээжинд амьдардаг. Хятадын кино урлагт “Investiture of the Gods” алдарт киноны Дацзигийн дүрээр орж ирсэн.

“Ээж минь орос, аав буриад хүн. Тийм болохоор багаасаа л олон улсын уур амьсгалд өссөн. Багаасаа Хятадыг сонирхдог байлаа. Дунд сургуульд хятад охинтой найзалдаг байсж билээ. Хятадад ирээд хэлийг нь сурч эхлээд энэ улс миний улс гэж ойлгосон” гэж Нарана ярьж байлаа.

