Азийн Казахстан улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан нь энэ бүс нутгийн улсуудын хувьд анхаарал татсан үйл явдал боллоо. Хамгийн гол өөрчлөлт нь Ерөнхийлөгчийн эрх мэдэл, үүргийг нэмэгдүүлсэн заалт байлаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих санал асуулгад сонгогчдын 73,24 хувь нь оролцсон байна. Үүнээс 87,15 хувь нь өөрчлөлтийг дэмжжээ.
Үндсэн хуульд орсон өөрчлөлтүүд
Үг хэлэх эрх чөлөөний талаар
Өмнө нь “Үг, уран бүтээлийн эрх чөлөөг хамгаална. Цензурийг хориглоно” гэж заасан байлаа. Одоо “Үгийн эрх чөлөө, шинжлэх ухаан, техник, уран сайхны уран бүтээлийг хамгаална. Үг хэлэх эрх, мэдээлэл тараах эрх чөлөө нь бусдын нэр хүнд, эрүүл мэндэд халдсан, нийгмийн ёс суртахуун, хэв журмыг зөрчсөн байж болохгүй” гэж өөрчилжээ.
Жагсаал цуглаан
Жагсаал цуглаан хийхийг хориглолоо. Зөвхөн энх тайван, амгалан тайван цуглаан хийж болно. Гэхдээ Үндсэн хуулийн тогтолцоо, хүний эрх, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдал, нийгмийн журам, иргэдийн эрүүл мэнд, нийгмийн ёс суртахууныг хамгаалах зорилгоор цуглааныг хориглож болно гэж тусгажээ.

Хурулдай
Сенат, мажилис гэсэн хоёр танхимтай парламентын оронд намын жагсаалтаар 5 жилийн хугацаатай сонгогдсон 145 депутаттай нэг танхимтай Хурулдайтай болно.
Ардын Зөвлөл
Хууль тогтоомж санаачлах, парламентад хуулийн төсөл өргөн барих эрхтэй Халык Кенес (Ардын зөвлөл) хэмээх шинэ зөвлөх байгууллага байгуулагдана. Зөвлөлийн бүх 164 гишүүнийг Ерөнхийлөгч томилно.
Ерөнхийлөгч
Казахстаны Ерөнхийлөгчөөр 40-өөс дээш насны, төрийн албанд таваас дээш ажилласан хүн томилогдож болно. Өмнө нь ийм шаардлага байгаагүй. Дэд Ерөнхийлөгчийн албан тушаалыг дахин сэргээлээ. Дэд Ерөнхийлөгчийг Ерөнхийлөгч томилно. Хурулдай, Засгийн газар болон бусад төрийн байгууллагуудтай харилцах харилцаанд Ерөнхийлөгчийг төлөөлөх үүрэгтэй.
Олон улсын эрх
Казахстаны Үндсэн хуулиас “Олон улсын эрх зүй нь Казахстаны хуулиас давамгай байх тухай заалт”-ыг хаслаа.
Улс төрийн хандив
Улс төрийн намууд болон үйлдвэрчний эвлэлүүд гадаадын компани эсвэл харьяалалгүй хүмүүсээс санхүүжилт авахыг хориглолоо. Ашгийн бус байгууллагууд гадаадаас хүлээн авсан хандив, хөрөнгийн талаарх мэдээллийг нийтлэх үүрэгтэй.
Гэрлэлт
Гэрлэлт гэдэг ойлголтыг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн холбоо гэж хуульчиллаа.
Орос хэл
Орос хэлийг казах хэлтэй эрх тэгш хэрэглэнэ гэсэн өмнөх заалтыг зэрэг хэрэглэж болно гэж өөрчиллөө.
Ийнхүү Үндсэн хуулийн өдрийг цаашдаа гуравдугаар сарын 15-нд тэмдэглэж байхаар боллоо.
