Швейцарийн хүнсний тэргүүлэх Nestlé компанийн үйлдвэрлэдэг KitKat шоколадны 12 тонн ачаа Европт тээвэрлэлтийн үеэр хулгайлагдсан хэрэг гарчээ.
Компанийн мэдээлснээр нийт 413,793 ширхэг шоколад ачсан ачааны машин Италийн төв хэсгээс хөдөлж, Польш руу хүргэгдэх замдаа өнгөрсөн долоо хоногт сураггүй болсон байна.

Одоогоор ачааны машин болон бараа олж тогтоогдоогүй хэвээр байна. Nestlé-ийн төлөөлөгч хошигнон, “KitKat идэхийн тулд завсарлага ав гэж бид үргэлж уриалдаг. Харин хулгайчид үүнийг хэтэрхий шууд утгаар нь ойлгосон бололтой” гэж мэдэгджээ.
Анх компани Улаан өндөгний баярын өмнө дэлгүүрүүдэд хомсдол үүсч болзошгүй гэж анхааруулсан боловч дараа нь гаргасан мэдэгдэлдээ, “Нийлүүлэлтэд томоохон нөлөө байхгүй. Хэрэглэгчдийн аюулгүй байдалд эрсдэл үүсэхгүй” гэж тодруулжээ.
Хулгайлагдсан бүтээгдэхүүн Европын зах зээлд албан бус сувгаар зарагдах магадлалтай гэв. Гэхдээ компани бүтээгдэхүүн бүр дээрх batch code-оор хянах боломжтой гэдгийг онцолсон байна. Nestlé орон нутгийн хууль сахиулах байгууллагуудтай хамтран хэргийг шалгаж байгаа бөгөөд ачааны машин, хулгайд оролцсон этгээдүүд одоо хүртэл тогтоогдоогүй байна.

