Тайландын нийслэл Бангкок хотноо энэ сарын 21-28-нд болсон байт харвааны Азийн цомын (Дэлхийн чансаа олгох) тэмцээнд Монголын байт харвааны баг тамирчид хоёр алтан медаль хүртлээ.
Эмэгтэй ганцаарчилсан (recurve буюу олимпын төрөл) төрөлд 18 настай манай Баасандоржийн ОЮУН-ЭРДЭНЭ Тайванийн Чун Чиа Чанг 6:0, Тайландын Канжанаг 6:2, Малайзийн Ку Рузианиг 6:2-оор тус тус хожин хагас шигшээд шалгарч БНХАУ-ын Шин Льюг 6:2-оор ялж, аваргын төлөө Энэтхэгийн Ридиг мөн 6:2 оноогоор хожин, алтан медалийн эзэн болов.

Мөн recurve холимог багийн төрөлд Азийн наадмын аварга Баатархуягийн ОТГОНБОЛД, Б.ОЮУН-ЭРДЭНЭ нарын бүрэлдэхүүнтэй Монголын баг Хонконгийг 6:2, Малайзийг 5:3, хагас шигшээд Тайванийг 5:3-аар хожин , финалд Сингапурын багийг 6:2 оноогоор хожин аварга боллоо.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
