Алдарт “Game of Thrones” цувралын ертөнц анх удаа бүрэн хэмжээний кино болж өргөжихөөр боллоо. Warner Bros. компани CinemaCon арга хэмжээний үеэр шинэ төслийн нэрийг “Game of Thrones: Aegon’s Conquest” хэмээн албан ёсоор танилцуулсан байна.

Энэхүү киног зохиолч Жорж Мартины “A Song of Ice and Fire” ертөнцөөс сэдэвлэх бөгөөд Таргариены угсааны анхны хаан болох Аэгон I Таргариены түүхийг өгүүлэх юм.
Тэрээр Вестеросын долоон хаант улсыг нэгтгэсэн, луу хөлөглөгч Таргариен удмыг эхлүүлсэн, дайснуудынхаа зэвсгийг хайлуулж “Төмөр сэнтий”-г бүтээсэн гэдгээрээ тус ертөнцийн хамгийн чухал дүрүүдийн нэг юм.

Киноны үйл явдал нь Fire & Blood номд өгүүлэгдсэн Таргариенуудын эхэн үеийн түүх дээр тулгуурлана. Энэ нь өмнө нь дэлгэцнээ гарсан “House of the Dragon”, “A Knight of the Seven Kingdoms” зэрэг төслүүдтэй нэг ертөнцөд өрнөх ч, илүү эрт үеийг харуулах онцлогтой.

Киноны зохиолыг Бо Уиллимон бичихээр болсон байна. Тэрээр “House of Cards” цувралын шоураннер, “Andor” цувралын зохиолч гэдгээрээ танигдсан туршлагатай уран бүтээлч юм.
Албан ёсны нээлтийн огноо хараахан зарлагдаагүй ч уг төсөл нь Warner Bros.-ын “2027 оноос хойших” томоохон кинонуудын төлөвлөгөөнд багтсан байна. Энэ нь фенүүдэд хүлээлт үүсгэж байгаа ч, бүтээл гарахад нэлээд хугацаа шаардлагатайг илтгэж байна.
