UBLife Logo
Кино

Төрсөн өдөр нь тохиож буй Стивен Сигалын тухай 6 баримт

Төрсөн өдөр нь тохиож буй Стивен Сигалын тухай 6 баримт

Америкийн жүжигчин Стивен Сигал өнөөдөр /2026.04.10/ 74 нас хүрлээ. 1990-өөд оны кино од, тулааны урлагийн тамирчин, Серби, ОХУ-ын иргэн Стивен Сигал 2002 онд Монгол бүсгүй Б.Эрдэнэтуяатай гэрлэж, хосууд Кунзан Жигмэ Рангдрол Сигал нэртэй хүүтэй болсон билээ.

Ингээд төрсөн өдөр нь тохиож буй Стивен Сигалын тухай 6 баримтыг танилцуулья.

Тэр монгол гаралтай юу?

Сигалын гарал угсааны талаар олон цуу яриа бий. Аав нь еврей, ээж нь ирланд гэсэн хувилбар байдаг бол Стивен нэг ярилцлагадаа аавын талын өвөг нь монгол хүн байсан гэж хэлсэн удаатай. Өвөө нь багадаа ОХУ-ын буддын сүмд өсөж, XX зууны эхээр Америкт цагаачилсан гэдэг. Гэхдээ Сигал өвөөгөө дурсан санахдаа монгол, буриад, халимагийн аль нь байсныг яг таг хэлж мэддэггүй. Өөрөө ч энд тэнд очих болгондоо өөр өөрөөр ярьсаар хэлсэн үгэнд нь итгэхэд бэрх болжээ. Кыргызстанд Бүх дэлхийн нүүдэлчдийн наадмаар очихдоо “Миний аав буриад хүн. Харин ээжийн талынхан уугуул индиан гаралтай. Аль аль нь нүүдэлчин удамтай хүмүүс” гэж хэлсэн. Удалгүй Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзахдаа түүнтэй нэгэн цусны хүн хэмээн батлан ярьж байв. ОХУ-ын Приморийн хязгаарт айлчлахдаа Сигал “Аавын талаас манай удмынхан танай нутгаас гаралтай. Би Приморийн хязгаарыг судлаж, аялаж үзмээр байна. Мөн танай Амбан захирагч болмоор байна” гэж хэлсэн. Гэхдээ ямар ч гэсэн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцоод амжсан билээ.

Стивен Сигал японоор чөлөөтэй ярьдаг

Сигал Японд 10 жил амьдарч, айкидогийн 7-р дан авч, Наран оронд сургууль нээж байлаа. Анх Японд очоод айкидогийн багштай уулзан, тулааны урлаг заалгахыг хүссэн ч багш нь гадаад хүн гээд зааж өгөөгүй гэдэг. Тэгэхэд нь түүний охинтой гэрлэж, Японы иргэншил авч, айкидогийн хамаг нууцыг нь заалгаад сурсан хойноо охиныг нь хаяад Америк буцсан аж. Якүзагууд түүний хойноос ангуучилж, алахыг оролдсон ч айкидог дэлхий дахинд сурталчилсан гавьяаг нь үнэлэн, амь насыг нь өршөөсөн гэсэн домог бий.

Стивен Сигал хөгжимчин хүн

Сигал киноны зураг авалтаас чөлөөтэй үедээ гитар тоглох дуртай. Нэг удаа “Би өөрийгөө хөгжимчин хүн гэж боддог. Жүжигчин бол давхар ажил, кино бол хобби” гэж хэлж байлаа. 2005 онд анхны цомог “Songs from the Crystal Cave”-ээ гаргаж, жилийн дараа “Mojo Priest” гэсэн бас нэгэн цомогтой болсон. “Big City Blues” сэтгүүл түүнийг “маш авьяаслаг хөгжимчин” гэж тодорхойлсон байдаг. ОХУ-ын иргэн болоод тэр хувиараа бизнес эрхлэх салбарт тун олон салбар бүртгүүлсэн. Мэдээж эхлээд спортын арга хэмжээ, дараа нь бичлэг, урлаг, шоуны салбарт бүртгүүлжээ. Сигалын менежер Рейбанд түүнийг Оросын баячуудын хурим, төрсөн өдрийн найр, ёслолд дуучин, хөтлөгчөөр оролцоод их мөнгө олж чадна гэж үзэж байна.

Стивен Сигал зэр зэвсэг цуглуулдаг

Түүний цуглуулганд 1000 гаруй зэвсэг бий. Хагас автомат Кольт M1911A1 гар буунаас эхлээд пулемет ч байдаг. Мөн ямар ч буу нуусан мэдэгдэхгүй тусгай хувцас захиалгаар хийлгэсэн гэж ярьдаг.

Стивен Сигал Шон Коннеригийн гарыг хугалсан

Жеймс Бондын дүрийг бүтээж байсан жүжигчин Шон Коннери айкидогийн сургалтад суухаар шийдэж, Сигал дээр очжээ. Сигал эхний хичээл дээр л алдартай шавийнхаа гарыг хугалж, эмнэлэгт илгээсэн байна. 

Тэр 4 удаа гэрлэсэн

Эхний эхнэр нь япон бүсгүй. Мияко Фүжитанитай 1974 – 1984 онуудад хамт амьдрахдаа Кентаро Сигал, Аако Фүжитани гэсэн 2 хүүхэдтэй болсон.

Адриенн Ларуссатай 1984 онд гэрлэсэн ч жүжигчин, модель Келли Леброктой учир ургуулаад салсан.

1987 онд нууц амраг Келли Леброктойгоо хуримлаж, Аннализу Сигал, Доминика Сан Рокко Сигал, Аррису Сигал гэсэн 3 хүүхэдтэй болсон. 1994 онд гэрийн үйлчлэгчтэйгээ амраглаад салсан байна. Гэрийн үйлчлэгч нь Саванна гэдэг охинтой хоцорсон.

Харин одоо Сигал бүжигчин Батсүхийн Эрдэнэтуяатай албан ёсны гэрбүл. Хосууд Ерөнхийлөгч В.Путиний тангараг өргөх ёслолд уригдаж, хөлбөмбөгийн ДАШТ-ий финал үзэн, аз жаргалтай амьдарч байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна