Райан Гослингийн хамгийн агуу фэнүүдийн нэгийн, хамгийн урт нийтлэлүүдийн нэгийг уншихдаа бэлдээрэй. Бид түүний амьдралтай танилцах гэж байна.
Хүүхэд нас
Райан Гослинг 1980 оны 11 сарын 12 Канадын Онтарио мужид цаасны үйлдвэрийн худалдагч Томас, нарийн бичгийн дарга Донна хэмээх Мормон гэр бүлийн хүү болон мэндэлжээ.
Тэрээр нэгэн ярилцлагадаа “Манай эцэг эх л гэхээс би Мормоны шашинтай байгаагүй. Ээж минь их күүл хүн байсан л даа. Тэр надад ‘Энэ бол сонголт, гэхдээ цор ганц сонголт биш. Энэ бол санаа, гэхдээ мөн л цор ганцхан санаа биш. Чи өөрийн үнэнийг өөрөө л олох хэрэгтэй‘ гэж хэлдэг байсан. Сүмд явахын сайн талууд гэхдээ олон байсан. Олны өмнө залбирах, олон хүнтэй гар барих, хүмүүсийн өмнө ярих, дуулах гэх мэтээр сайнаар нөлөөлсөн зүйлс байсан“ хэмээн дурссан байдаг.

Бяцхан “асуудал“
The Guardian сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр хүүхэд насныхаа тухай арай илүү дэлгэрэнгүй ярьсан байдаг. Бага байхдаа тэр үе тэнгийн дээрэлхэлтэд өртдөг байсан бөгөөд олон ч удаа зодоон хийж байснаа ярьжээ. Яваандаа тэрээр “Trouble“ (Асуудал) хэмээх хочтой болсон байна.

Нэгдүгээр ангид байхдаа тэр Сильвестр Сталлонегийн тоглосон “First Blood“ хэмээх 1982 оны тулаант, триллер киног үзсэнийхээ дараа гэрээсээ мах хэрчдэг хутгаа авч гараад сургуултдаа очиж, ангийнхаа хүүхдүүд рүү шидсэн байгаа юм. Үүнээс нь болж түүнийг сургуулиас хөөх шийдвэр гарсан бөгөөд 13 настайд нь эцэг эх нь салсны дараа тэр ээжтэйгээ үлдэн, гэрээр суралцаж эхэлжээ.
“Намайг ээж, эгч хоёр минь өсгөсөн. Эгч минь багаас л миний сайн найз, бас баатар байлаа“ хэмээн ярилцлагадаа мөн дурдаж байжээ. Тиймдээ ч түүний анхны мэргэжлийн “халтуур” нь ч эгчтэй нь холбоотой байж таарчээ. Эгч Мэнди Гослингтой хамтран тэрээр хуримын үйл ажиллагаанд дуулах болж, "When a Man Loves a Woman" хэмээх дууг дуулдаг байв. Сүйт бүсгүй сандал дээр сууж байхад бяцхан Райан өмнө нь өвдөг дээрээ сөгдөн энэхүү дуун дуулсны араас, эгч нь мөн өөр нэгэн дууг дуулж, дараа нь хамтдаа 'Old Time Rock & Roll’ дууг дуулаад дуусгадаг байжээ. Заримдаа уур амьсгал тун сайхан байвал нэмж “Runaround Sue” хэмээх дууг дуулдаг байсан байна.

Түүний уран бүтээлийн гараа
12 настай Райан Гослинг Дисней сувгийн "Шинэ Микки Маус Клуб" нэвтрүүлэгт оролцохын тулд 17,000 хүүхэдтэй өрсөлдөөд, ялж гарч ирсэн байна. Тэрхүү шоунд ирээдүйн хөгжмийн одод болох Бритни Спирс, Кристина Агилера, Жастин Тимберлейк нар багтаад байсан юм. Ингэснээр тэр 1993-1995 онуудад урлагийн салбарын эрч хүчтэй ирээдүй болсон жүжигчид, дуучидтай хамт дуулах, бүжиглэх ур чадвараа хөгжүүлжээ. Энэ хугацаанд тэрээр Жастин Тимберлейк болон түүний гэр бүлийн хамт Орландо хотод хэдэн сар амьдарч байсан бол ээж нь Канадад ажлаар амьдарч байжээ. Тимберлейкийн ээж түүнийг АНУ-д байх хугацаанд хэсэг хугацаанд Райаны хууль ёсны асран хамгаалагч болж байв.

Үүний дараа Nickelodeon-ийн “Are You Afraid of the Dark?” хүүхдийн аймшгийн антологи шоунаас түүнд санал иржээ. Гэвч эхний бүлгүүд дээр тэр татгалзаж, дараа нь тавдугаар бүлэг дээр гарсан байдаг. Удалгүй “Young Hercules“ хэмээх адал явдалт цувралд багтсан ч нэг бүлэг яваад л тус шоу өндөрлөжээ.

Дараа нь Дензел Вашингтоны тоглосон "Remember the Titans" (2000) өсвөр насныханд зориулсан спортын драмад туслах дүрд тоглосноор жижиг дэлгэцээс кино урлагт шилжжээ. Үүний дараа тэрээр нууцаар еврей гаралтай неонацистын дүрийг бүтээж, "The Believer" (2001) намтарчилсан кинонд гол дүрд бүтээсэн нь кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан байна. Түүгээр ч зогсохгүй 2002 онд "Murder by Numbers" гэмт хэргийн триллер кинонд Сандра Буллоктой хамт тоглож байжээ.
“Notebook”-ийг бурхан ивээг, учир нь би хамгийн агуу хайруудынхаа нэгтэй учирсан
Николас Спарксийн 1996 оны романаас сэдэвлэсэн "Тэмдэглэлийн дэвтэр" романтик драма 2004 онд гарсан даруй түүний хамгийн том тэсрэлт болсон байна. Гол дүр болох Ноа Калхуныг Гослингоос өөр жүжигчнээр төсөөлнө гэдэг бэрх боловч найруулагч Ник тухайн үед 23 настай байсан Райан Гослингийг гол дүрд сонгох гэж нэлээн юм болсноо хуваалцсан байдаг.
"Би New Line Cinema-д тус киноны гол дүрд Райаныг ажилд авахыг хүсэж байгаагаа хэлэхэд тэд намайг галзуурсан юм шиг л харсан" гэж нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.

Жүжигчин Рэйчел МакАдамс Аллигийн дүрд сонгогдохоос өмнө Гослингийн хуучин хамтран тоглогчдын нэг болох Микки Маус Клубын найз, дэлхийн хамгийн том оддын нэг Бритни Спирсийг энэ дүрд тоглохоор ярилцаж байсан гэнэ.
Райан зураг авалтаас хоёр сарын өмнө нүүж, зураг авалт болох газраа амьдран, мужаанаар хүртэл дадлагажиж, тавилга хийж байжээ. Энэ доор байгаа хэсгийн ширээг нь харж байна уу? Гослинг энэ ширээ сандлыг нь хийсэн гэнэ, бүр. Тэгээд энэ ширээ сандлаа авч үлдэх гэсэн ч чадаагүй, ажиллаж байсан мужаандаа эргүүлж өгнө гээд амлачихсан байж. “Гэхдээ тэр ширээн дээр яг юу болсныг тэр хүн мэдээгүй л дээ“ гэж дараа нь ярьсан байна лээ.

Хайр дурлал …
Рэйчел, Райан хоёр эцэст нь хайрын хамгийн агуу түүхүүдийн нэгийг бүтээж, зураг авалтаас хойш гурван жил орчим болзсон байдаг. Гэхдээ зураг авалтын үеэр манай хоёрын харилцаа тийм ч таатай байгаагүй гэнэ. 2013 онд Times сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр “Бид хоёр бие бие рүүгээ шаазан ваар шидэх хэмжээний ч байгаагүй л дээ, гэхдээ дэлгэцэн дээр харагддагаасаа тэс ондоо харилцаатай байсан. Маш мэргэжлийн харилцаатай байсан гэх үү дээ. Дараа нь үерхэх мөчид, аль аль нь л тийм зүйл болно гэж үнэндээ бодоогүй байсан“ хэмээн дурсжээ.
GQ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа; “The Notebook“ киног бурхан ивээг. Би хамгийн агуу хайруудынхаа нэгтэй учирсан. Гэхдээ хүмүүс биднийг яг л кинон дээрх дүрүүд шигээ гэж байнга бодож, хүлээж авдаг байсан нь үнэхээр буруу санагддаг. Учир нь бид түүнээс ч илүү романтик байсан юм.

16 насаар эгч хүнтэй болзсон нь
Түүний Холливудын амьдралын хамгийн мартагдашгүй, тод үлдсэн харилцаа нь жүжигчин Сандра Буллок байв. Тэд нэг жил гаруй хугацаанд үерхсэн ч тэр тухайгаа олон нийтэд тэр бүр зарлаагүй байжээ. Дараа нь тэр нэгэн яриандаа “Би хамгийн гайхалтай хоёр найз охинтой байж үзсэн. Тэднийг давах өөр хэнтэй ч уулзаж байгаагүй билээ“ гэж ярьсан байдаг.

Ийнхүү 2011 онд тэрээр “The Place Beyond the Pines” киноны зураг авалтын үеэр Эва Мендестэй уулзаж, дурлан, анх Диснейлэндээр хамт болзож явахдаа гэрэл зургийн дуранд өртөн олон нийтэд ил болж байжээ.

Хос хоёр тэр үеэс хойш хамтдаа байж, хоорондоо хоёр насны зөрүүтэй Эсмералда, Аманда гэх охидын эцэг эх болсон байна.
“Бид амьдралынхаа туршид л хүүхэдтэй болох ямар байдаг тухай, эцэг байх ямар байдаг гээд олон ч зүйл сонсож ирсэн. Гэхдээ тэр бүхэн үнэн. Бүх зүйл өөр байна байх гэж бодсон ч туулаад ирэхийн цагт хүмүүсийн яриад байдаг зүйлийг ойлгодог юм билээ. Эва бол мөрөөдлийн ээж, тэд миний мөрөөдлийн хүүхдүүд, би бүхэлдээ зүүдэлж байгаа мэт л санагдаж байна“ гэсэн байдаг.
Түүний бусад iconic дүрүүд
Гослинг "Half Nelson" (2006) драмад мансууруулах бодист донтсон ахлах сургуулийн багшийн дүрд тоглосон бөгөөд энэ дүрээрээ тэрээр анхны Оскарын шагналд шилдэг эрэгтэй жүжигчний номинацид нэр дэвшсэн байдаг.

Lars and the Real Girl (2007) кинонд Гослинг гол дүр болох ичимхий, сайхан сэтгэлтэй ч ихээхэн төөрөлдсөн эрийн дүрийг бүтээдэг. Тэрээр онлайнаар худалдаж авсан секс-хүүхэлдэйтэйгээ утга учиртай харилцаа бий болгож буйгаар үйл явдал өрнөдөг билээ. Дараа нь Мишель Уильямстай хамт "Blue Valentine" (2010) романтик драмад тоглож, дараа нь "Crazy Stupid Love" (2011) романтик инээдмийн кинонд Стив Карелл, Эмма Стоун, Жулианна Мур, Мариса Томей нартай хамт тоглосон байна.
“Crazy Stupid Love“ кинонд жүжигчин Стив Карелл дүр бүтээх гэж буйг дуулаад л Райан зохиолыг нь ч уншиж үзэлгүй шууд л тоглохоор болжээ. “Би Стивд үнэхээр хайртай. Би хамт ажиллаж үзэхийг үргэлж хүсдэг байсан. Би инээдмийн кинонд тоглохдоо бүрэн итгэлтэй байгаагүй ч үнэхээр л түүнтэй хамт кинонд тоглохын тулд юуг ч хийх байсан.“

Тэр жилдээ Гослинг сэтгэл хөдөлгөм нео-нуар кино болох "Drive"-д дээрэм тонуул хийсний дараа бүлэг гангстеруудын эсрэг зогсдог анти-херо дүрд тоглосон. Энэ кино нь шүүмжлэгчдийн өндөр үнэлгээг яах аргагүй хүртэж, гол дүрийг уламжлалт бус байдлаар, тайван боловч хэрцгийлэл дүүрнээр үзүүлж чадсанаараа сэтгэл татам байсныг онцолжээ.
Жорж Клунигийн тоглосон "The Ides of March" (2011) болон гэмт хэргийн драмы болох "Gangster Squad" (2013) гэх нэр хүндтэй кино бүтээлүүдэд оролцсоныхоо дараа Гослинг камерын нөгөө талд шилжиж, "Lost River" (2014) киног бичиж, найруулсан бөгөөд харамсалтай нь тааруухан үнэлгээ авчээ. Гэхдээ надад бол таалагдсан. Мэдрэмж нь нэг л өөр.

Тэрээр Оскарын шагналт инээдмийн драм "The Big Short" (2015) кинонд тоглож, дараа нь Рассел Кроутай хамтран "The Nice Guys" (2016) адал явдалт инээдмийн кинонд тоглосон.

Ингэснээр түүний их тэсрэлтийн үе буюу 2016 оны “La La Land“ бүтээл гарав.
Дамиен Шазелийн найруулсан уг кино нь асар их амжилтад хүрч, Гослингийн хоёр дахь удаагийн шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг оролцуулаад, нийт 14 удаа Оскарын шагналд нэр дэвшсэн юм.

"La La Land" кинонд бэлтгэхийн тулд Гослинг "Dancing With the Stars" нэвтрүүлгийн мэргэжлийн жүжигчин Женна Жонсонтой хэдэн долоо хоногийн турш бэлтгэл хийсэн бөгөөд бүжигжин Женна анх Райан Гослинг бэлтгэлийнх хамтрагч нь болно гэдгээ мэдээд "өмдөндөө шээх шахсан" гэж People сэтгүүлд өгсөн яриандаа дурджээ.
"Райан Гослинг бага байхдаа бүжгийн бэлтгэл хийж байсан гэсэн ч, түүнийг үнэхээр юмсыг ямар гайхалтай ойлгож, ямар төрлийн хамтрагч болж чадаж байгааг нь хараад би маш их цочирдсон. Тэр бол хамгийн сайхан сэтгэлтэй хүн. Бас маш их инээлгэдэг. Явах ёстой болох үедээ бүр уйлмаар санагдсан" гэж Жонсон дурсжээ.
2017 онд Гослинг Терренс Маликийн "Song to Song" болон Денис Вильневийн "Blade Runner 2049" кинонд тоглов. Шинжлэх ухааны уран зөгнөлт кино болох "Blade Runner" (1982)-ын удаан хүлээгдээд байсан үргэлжлэл байсан бөгөөд Харрисон Форд анхны киноноосоо Рик Декардын дүрд эргэн ирж, Гослинг ч сэтгэлд тод үлдэх дүрээр мөнхлөгдөв.

Дараа нь Гослинг Шазелийн намтарчилсан "First Man" (2018) кинонд Нил Армстронгын дүрийг бүтээсэн бөгөөд энэ нь шүүмжлэгчдийн өндөр үнэлгээ авсан билээ.

Дараа нь тэрээр гэр бүлтэйгээ илүү их цагийг өнгөрөөхийн тулд Холливудаас дөрвөн жилийн турш завсарлага авч, 2022 онд Крис Эванстай хамт Netflix-ийн "The Gray Man" триллер кинонд тоглосон билээ.

Гослингийн дараагийн кино нь Грета Гервигийн маш их хүлээлттэй байсан "Барби" (2023) кино бөгөөд Марго Робби гол дүрд тоглосон бол Гослинг Кенийн дүрийг бүтээсэн юм. Инээдмийн кинонд хоёр дүр бодит ертөнцөд орж, хувь хүний хувьд хямралтай тулгарч байгааг харуулдаг. Райан "Би зүгээр л Кен" дууг дуулснаар асар их анхаарал татаж, Оскарын шагналд хүртэл нэр дэвшсэн юм. 2024 онд тэрээр "Fall Guy" адал явдалт, инээдмийн кинонд Эмили Блант, Аарон Тейлор-Жонсон нартай хамтран тоглосон.
Харин түүний хамгийн сүүлийн, хамгийн ихээр шуугиан тарьж буй дүр нь “Project Hail Mary“ киноны Райланд Грэйс байлаа. ЯГ одоо кино театруудад гарч буй тус бүтээлийг өргөн дэлгэцээс буухаас нь өмнө амжиж үзээрэй.

Түүний тухай янз бүрийн сонирхолтой баримтууд
Мөн адил Канадаас гаралтай уран бүтээлч Жастин Бибер тэр хоёр ураг төрлийн холбоотой гэнэ. Ancestry.com сайт дээр 2012 онд мэдээлснээр тэд 1600-аад онд Квебек рүү нүүж ирсэн Францын иргэнтэй холбоотой аж.
2011 онд People сэтгүүлийн “хамгийн тачаангуй эр“ жагсаалтыг тэрээр тэргүүлсэн ч хүлээн аваагүй байна. Тиймээс түүний оронд Брэдли Купер бичигдэж байжээ. “Тэд хэд хэдэн удаа түүн рүү холбондож байсан. Ялангуяа 2011 онд түүний хувьд амжилт дүүрэн жил байсан. Гэхдээ тэр зөвшөөрөөгүй“ гэж нэгэн эх сурвалж мэдээлсэн байна.
Мөн 2014 онд тэрээр “SMA“-ийн хүндэтгэлийн шагналыг авах байсан ч татгалзаж, оронд нь жүжигчин Крис Хемсвортод шилжиж байжээ.
Түүнд нийт таван шивээс байдаг гэнэ. Бугуйн дээрх шивээсээ харин өөр өөртөө хийж байжээ. Мөн тэрээр “Шивээс хэзээ ч утга учиртай байх албагүй, учир нь хэзээ нэг цагт чи түүнийгээ үзэн ядна, тэгэхээр оронд нь харж инээсэн нь дээр” хэмээн хэлээд, өөрт нь байдаг шивээсүүд үнэхээр инээдтэй болохыг хэлсэн байна.
Мөн хоол хийхдээ их сайн, нэмээд бялуу хийж чаддаг гэнэ. Түүний эхнэр Эва “Райан бол гайхалтай тогооч бас нарийн боовчин. Үнэн шүү, бүр гайхалтай. Миний хийдэг зүйлийг яг хоол гэж хэлэх хэцүү. Би ногоо жигнээд, блэндердээд, будаа агшаадаг. Харин тэр жинхэнээсээ хоол хийдэг.“
2007 онд “The Lovely Bones“ кинонд тоглох байсан ч, өсвөр насны охины эцэг болохын тулд жин нэмэх ёстой гэж бодож, хэтэрхий их жин нэмснээсээ болоод халагдсан байна.
“Найруулагч Питер Жаксон намайг сонгоход би 70 орчим кг жинтэй байсан. Зураг авалт болох үед би 95 кг жинтэй очсон. Найруулагч бид хоёр түүний аавыг ямар харагдах тал дээр өөр өөр бодолтой байсан л даа. Би бол яг л 100 орчим кг жинтэй байх ёстой гэж бодоод байсан юм. Би бүр цангах үедээ зайрмаг хайлуулж ууж байсан. Тэгээд сэтгэл хөдлөл дүүрэн очтол надад ‘Чи аймшигтай харагдаж байна‘ гэж хэлсэн. Тэгэхээр нь би ‘Харин тийм ээ, гайхалтай байгаа биз дээ?‘ гэсэн чинь “Үгүй ээ, явж гүйлтийн зам дээр гүй, жингээ хас“ гэж хэлсэн. Тэгээд л би тарган, бас ажилгүй болсон юм даа.“
Тэрээр үүний дараа гурван жил огт кинонд дүр бүтээгээгүй юм.
Тэрээр нохойнд үнэхээр хайртай бөгөөд Жорж хэмээх нохойг үрчлэн авч, “Миний амьдралын хайр. Би хаана ч байсан авч явдаг“ хэмээн ярьж байв. Бүр нэг удаа “Late Night With Jimmy Fallon” шоунд орохдоо тайзан дээр авч гарч байжээ. 2017 онд The Ellen Show-нд оролцохдоо тэрээр хайртай нохой нь 17 насандаа таалал төгссөнийг хэлж, өөр шинэ нохойтой болоход бэлэн биш байгаагаа хуваалцжээ. 2019 онд буюу хоёр жилийн дараа харин хосууд Лучо хэмээх шинэ нохойтой болжээ.
2004 онд Мароккогийн алдарт тогооч Абдессамад "Бен" Бенамуртай уулзсаныхаа дараа түүнтэй хамтран Беверли Хиллз дэх Тажин рестораныг үүсгэн байгуулсан байна. Мөн багийнхаа зөвлөгөөг үл тоон, ресторанд 50,000 мянган долларын хөрөнгө оруулалт хийжээ.
Түүний “guilty pleasure“ буюу гэмт таашаал нь “Twizzlers“ бөгөөд түүний байнга хамтран ажилладаг, дотны найз Эмма Стоун энэ тухай нь Vanity Fair сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. "Райан чиний уулзаж байсан хэнээс ч илүү их Твиззлерс идэж чадна. Хүрэмнийхээ халаасанд хийчихсэн, бүр тараагаад, өөрөө ч идээд явж байдаг."
