“М Банк”-ны ахлах дизайнер, гэрэл зурагчин Б.Тамирын “Чимэгэ” үзэсгэлэн “Khukhnar” галерейд энэ баасан гарагт буюу дөрөвдүгээр сарын 17-нд нээлтээ хийнэ.

Б.Тамир “2013 оноос хойш өнөөдрийг хүртэл явсан зам, олсон эрэл минь энэ...
Унаж буй навч, урсаж буй гол горхи, бударч буй цас, найгаж буй өвс, нисэж буй шувууд, бороонд норсон морьд, бодол болсон хүн чулууд…
Энэ бүхнээс сонссон чимээ, бас миний дурангийн чимээ. Рам Дассын хэлсэн “Нам гүм болох тусам илүү ихийг сонсоно” гэдэг үгэнд дуртай. Байгаль надад харахаас илүү мэдэрч сурахыг заасан. Мэдэрсэн бүхнээ алган дээр тань тавьж байна” гэлээ.
1. Түүний гэрэл зургуудаас та байгалийг харах биш сонсох болно.

Энэ үзэсгэлэн бол байгаль, хүн хоёрын хооронд чимээгүй боловч гүн өрнөх харилцааг гэрэл зургийн хэлээр илэрхийлсэн орон зай юм. Б.Тамир хэлэхдээ “"Байгальтай харилцах нь миний арга барил. Нүдэнд үл үзэгдэх дотоод мөн чанарыг ил гаргахыг эрмэлздэг. Зураг авах нь миний хувьд бодлыг барих бус, бодлыг буулгах, чимээг дүрс болгон хувиргах үйл явц. Хүн, байгалиар дамжуулан өөрийн дотоод дуу хоолойг сонсох боломжтойг ухаарсан миний ухаарал юм” гэсэн.
2. “Chimege” гэрэл зургийн ном саяхан хэвлэлтээс гарчээ.

Яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгс түүний “Chimege” номыг редакторлахдаа “ӨНГӨ”-ийг зураач шиг мэдэрдэг юм байна. “ГЭРЭЛ”-ийг барималч шиг л нууж бас нээж чаддаг юм байна. “СҮҮДЭР”-ийг харин зохиолчийн хэмжээнд уншиж чаддаг юм байна. Тамирын зургууд сэтгэл татам, нууцлаг санагдаж буйн учир нь тэр яруу найрагчийн зүрхтэй юм байна.
Өгүүлэмж нь яруу эсээ шиг л тодорхой атал далд хүүрнэл ихтэй юм байна. Гуниг, ганцаардал, сүүрс алдалт нь алтлаг өнгөтэй юм байна” хэмээн дүгнэжээ.
3. Байгалийн нам гүм дундаас өөрийн дотоод дуу хоолойг олж сонсоорой.
Түр ч болтугай хүмүүсийг анзаарч, түр зогсож, дотогшоо чимээлэн анирдах боломжийг “Чимэгэ” олгоно. Байгаль ба хүн хоёрын хооронд үг үгүй боловч гүн холбоо оршдог. Харин гэрэл зураг бол түүнээс үлдсэн мөр.
4. Таныг байгалийн жижиг, деталь хэсэг рүү хөтөлнө.

Мод, ус, навч, өвс, зэгс зэргийн зургийг харахад яруу найраг, дуу хөгжим мэдрэгдэхвий.
5. Meditative photography
Meditative photography буюу бясалгалд суурилсан гэрэл зургийн төрлийн уур амьсгал, мэдрэмжийг мэдэрч, бодит амьдралын завгүй хэмнэлээсээ түр ч болов алсрахыг хүссэн бүхэн зорих газар “Чимэгэ” байх болно. Түүний бүтээлүүдийг ЭНД-ээс сонирхоорой.