Өнөөдөр СТӨ-нд “Хувьсан өөрчлөгдөх хөдөлмөр-Цахим шилжилт ба залуучуудын хөдөлмөр эрхлэлт” нэгдсэн форум боллоо. Монгол Улсын Их Сургуулийн санаачлагаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон төрийн өмчийн зургаан их сургууль болох ШУТИС, МУБИС, ХААИС, СУИС, АШУҮИС хамтран зохион байгуулж, ХААН Банк ивээн тэтгэсэн энэхүү арга хэмжээ нь техник технологийн хурдацтай хөгжлийн хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх нөлөөг хэлэлцэн, оюутан залуусыг боловсролоос хөдөлмөрт шилжих үйл явцыг дэмжих бодит боломж, шийдлүүдийг танилцуулах зорилготой байлаа. Хиймэл оюун нийгмийн бүх салбарт нэвтэрч байгаа энэ үед үнэхээр цаг үеэ олсон арга хэмжээ байв.

“Хувьсан өөрчлөгдөх хөдөлмөр-Цахим шилжилт ба залуучуудын хөдөлмөр эрхлэлт” форум өдөрлөгийн хүрээнд “Цахим шилжилт ба ажиллах хүчний эрэлт нийлүүлэлтийн уялдааг хангах нь”, “Цахим шилжилт ба залуучуудын хөдөлмөр эрхлэлт” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, “Хиймэл оюун ба ажлын байрны сорилт”, “Хиймэл оюун ба боломж”, “Гэр бүлд ээлтэй ажлын байрны бодлогын хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдлын судалгаа” сэдвээр оюутан залуучуудад сонирхолтой мэдээллийг хүргэж, хөдөлмөр эрхлэлтийн шинэ эринд хэрхэн үр дүнтэй ажиллах талаар зөвлөсөн юм.

Хиймэл оюун хөдөлмөр эрхлэлтэд хэрхэн нөлөөлөх вэ? Нэг талаас хүн төрөлхтөн ажлын байраа алдаж байгаа мэт боловч нөгөө талаас боломж гэдгийг шинжээчид онцолж байна. Орчин үеийн залууст зорилгодоо хүрэхэд дөт зам, хэрэгсэл анх удаа бий болсон гэж хэлж болно. Харин энэ хэрэгслээ зөв удирдаж, ашиглаж чадсан хүн хүссэн цэгтээ хамгийн хурдан хүрж чадна. Чадахгүй бол бусдаасаа, дэлхийгээс хоцорч байгаа хэрэг болжээ. Хиймэл оюун нь зураг зурах, хөгжим зохиох, дүн шинжилгээ хийхдээ хүнээс илүү болчихлоо. Харин бид үүнээс эмээх биш боломж хэмээн хүлээж авах шаадлагатай болжээ. Их дээд сургуулиа төгсөж байгаа оюутан залуус хиймэл оюун, технологийг ашиглаж чадаж байж, илүү сайн ажлын байрт ордог цаг үе тулгарлаа.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зөвлөх Д.Эрдэнэбат “Зүгээр ажиглаад сууж байх цаг ард хоцорчээ. Бид асар хурдан өөрчлөгдөж байгаа ертөнцийн дунд амьдарч байна. Гагцхүү тасралтгүй суралцаж байгаа хүмүүс л ирээдүйг бүтээх болжээ. Хиймэл оюун, робот нэвтэрснээр бүх юмны үнэ буурна. Учир нь тэд 24 цаг тасралтгүй ажиллана. Нэгжийн өртөг хямд болж байна. Ингэхээр дэлхий түүхэндээ анх удаа өлсгөлөнгөөс гарах нь. Энэ бол сайн мэдээ. Нөгөө талаас оюутнууд ажлын байран дээр гарахаар хоорондоо биш, америк, хятад мэргэжилтнүүдтэй биш хиймэл оюунтай өрсөлдөх болж байна. Тэгэхээр гарцаа байхгүй эзэмших болж байгааг анхаараарай. Эзэмшсэн хүн нь илүү бүтэмжтэй ажиллаж, илүү орлоготой болно. Хиймэл оюуны эрин зуунд заавал ухаантай байх шаардлагагүй болж байгаа. Ухааныг хиймэл оюун ухаан орлоно. Үүнийг сайн ашиглаж чадвал орлого олох боломжтой болж байна гэсэн үг. Нийт хүмүүсийн 80 орчим хувь нь ганцхан хиймэл оюун ашиглаж байна. Зорилгоосоо хамаараад маш олон төрөл бий. Боломжийг нь дүүрэн ашиглах хэрэгтэй. Ажлын байр маш хурдан хувиран өөрчлөгдөнө. Тэгэхээр байнга суралцах шаардлагатай болж байна. Хиймэл оюунаас бүү ай. Энэ айдсаа даваад ирэхэд огт өөр шинэ ертөнц таныг угтана” гэж зөвлөлөө.

МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн Дэд профессор Г.Амарсанаа “Хиймэл оюун ухаан ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг нь тодорхой. Эрдэмтэн Карим Лахани “Хиймэл оюун хүнийг орлохгүй. Харин хиймэл оюуныг ашигладаг хүмүүс таныг орлоно” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр ажлын байрыг булааж байгаа хэрэг биш. Эдийн засгийн маш том боломж бий болгож байгаа юм” гэж хэлсэн юм.

Цахим шилжилтийн үе ирсэн тул боловсролын салбар ялангуяа их, дээд сургуулиуд ч үүнд анхаарлаа хандуулж, программ хөтөлбөрөө өөрчлөхгүй бол болохгүй гэдгийг МУИС, ШУТИС, СУИС-ийн төлөөлөл онцолж байлаа.

МУИС-ын Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Д.Заяабаатар “Аливаа сургуулийн цаад зорилго бол ажлын зах зээл дээр хэрэгцээтэй мэргэжилтэн бэлтгэн гаргах явдал байдаг. Сургалтын хөлөбөрийн амин сүнс нь энэ юм. МУИС-ийн хувьд сургалтын хөтөлбөрийн шинэчлэлээ өнгөрсөн жил бүрэн хийсэн. Хиймэл оюун ухаанд шууд хамаарах мэргэжилдээ анхаарч, хиймэл оюуны хөтөлбөрийг боловсруулж, Монголд анх удаа нэвтрүүлсэн. Хиймэл оюун гэсэн мэргэжлээр яг дагнасан суралцагчидтай болсон, 3 жилийн дараа анхны төгсөгчид гарна. Бусад мэргэжилд мөн цахим өөрчлөлтийг суулгах шаардлагатай”

ШУТИС-ийн Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу “ШУТИС бол инженер технологийн мэргэжилтэн бэлтгэдэг сургуулийн хувьд орчин үеийн технологи, хиймэл оюуны тал дээр илүү манлайлж ажилладаг. Хиймэл оюуны мэргэжлийн 3 дахь төгсөлтөө энэ жил хийнэ. Энэ жилээс эхлэн бүх мэргэжил, ангийн сургалтын хөтөлбөрт нэгдүгээр дамжаанаас эхлэн хиймэл оюуны суурь сургалтыг багтаахаар ажиллаж байна. Хоцрох эрх бидэнд байхгүй”

СУИС-ийн Сургалт эрхэлсэн проректор Д.Одсүрэн “Манай сургуулийн хувьд биеэр гүйцэтгэх урлагийн мэргэжил тул дижитал шилжилт арай бага. Гэхдээ технологид суурилсан анимэ, график дизайн гэсэн хөтөлбөрүүд бий. Оюутнууд дипломын ажил, хичээлдээ хиймэл оюун ухаан ашигладаг болсон нь багш нарыг хувьд толгойны өвчин болоод байгаа нь үнэн. Тиймээс нэгдүгээрт, үнэлгээний системээ өөрчилж, тодорхой болгох. Хиймэл оюуныг ашиглах боломжийг олгохдоо зохицуулалт хийхээр ажиллаж байна. Ашиглахыг бүр мөсөн хориглохгүй, хязгаар тавьж өгнө. Хиймэл оюунаар кино хийлгээд үзэгчдэд мэдрэмж өгөхгүй байх асуудал үүсэж байгаа. Хүнтэйгээ ажиллах тал дэр анхаарал хандуулж байна”

Өдөрлөгийн үеэр 40 гаруй аж ахуйн нэгж, компани оюутан залууст ажлын байраа танилцуулж, өөрсдийн давуу тал, цаашид хөгжих боломжийг харуулсан зурагт хуудас, үзэсгэлэн гаргасан байлаа.

Энэ нь ч ажил олгогч, ирээдүйн ажилтан нарыг шууд холбосон үл ажиллагаа болсон юм. Өдөрлөгийн дараа оюутнуудаас сэтгэгдлийг нь сонсоход бүгд цахим шилжилтийн үед юунд анхаарах, өөрийгөө хэрхэн бэлтгэх талаар мэдлэгтэй болоод гарч байсан юм.










Гэрэл зургийг Ц.Мөнх-Эрдэнэ
