Өнгөрсөн Бямба гарагт буюу 18-ний өдөр Украины Киев хотын Голосеевск дүүргийн "Велмарт" дэлгүүрт нэгэн гэмт этгээд хүмүүсийг барьцаанд авч, гал нээсэн хэрэг гарлаа. Тэрээр барьцааны нэг хүнийг буудан хороосны дараа тусгай хүчнийхэн дэлгүүрт нэвтэрч, гэмт хэрэгтнийг устгасан байна. Хэрэгтэн нь 55 настай Дмитрий Васильченко гэгч байжээ. Нийт зургаан хүн амиа алдсаны дотор хүүхэд байгаа юм.
Энэ ажиллагааны үеэр цагдаа нар буун дуунаар айж зугтаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тарсан байна. Бичлэгт эрэгтэй эмэгтэй хоёр цагдаа шархадсан хүмүүс дээр очиж байгаа нь харагдаж байна. Харин дараа нь буун дуу гарахад хүмүүсийг орхиод зугтаж байгаа нь бичигджээ.
Украины БХЯ-наас энэ хоёр цагдаагийн ажилтныг ажлаас нь түр чөлөөлж, мөрдөн шалгаж эхэлсэн талаар мэдээллээ. БХЯ-ны сайд Игорь Клименко “Энэ бол маш шившигтэй явдал. Цагдаагийн газрын нэр хүндийг бузарлалаа” гэж хэлсэн байна. Мөн Цагдаагийн газрын дарга нь хариуцлага хүлээн, огцорч байгаагаа зарлажээ.
