АНУ-ын Сөүл дэх ЭСЯ-наас БНСУ-ын Цагдаагийн газарт хандан, HYBE агентлагийн ерөнхий захирал Бан Ши Хёгийн хилийн хоригийг цуцлахыг хүссэн албан бичиг илгээжээ. К-Поп ертөнцийн хамгийн том агентлагийн нэгийн тэргүүн Бан Ши Хёг хөрөнгийн зах зээлийн хуулийг зөрчсөн хэргээр өнгөрсөн оны наймдугаар сараас мөрдөгдөж байгаа бөгөөд хил давах эрхгүй болоод байгаа юм.
АНУ-ын ЭСЯ-ны албан бичигт “Бан Ши Хёг болон HYBE агентлагийн АНУ-д хийх айлчлал нь АНУ-ын Тусгаар тогтнолын 250 жилийн ойн арга хэмжээнд маш их ач холбогдолтой билээ. Энэ ой долоодугаар сарын 4-нд болно. Тэр үеэр BTS хамтлагийг АНУ-д хүлээн авах сонирхолтой байна” гэж тэмдэглэсэн байна.
Бан Ши Хёг хөрөнгө оруулагчдыг төөрөлдүүлэх замаар хөндлөнгийн этгээдүүдийг ашиглан, хувьцаа хямд үнээр авсан хэрэгт шалгагдаж байгаа. Тэрээр энэ аргаар 140-150 сая ам.долларын хууль бус орлого олсон нь тогтоогдоод байгаа юм.
АНУ-ын ЭСЯ хилийн хориг цуцлах хүсэлтээ БНСУ-ын ГХЯ-ыг алгасан, Цагдаагийн газарт ирүүлсэн нь урьд өмнө үзэгдээгүй явдал гэнэ. Тус улсын хууль ёсоор энэ асуудлыг Цагдаагийн газар биш Хууль зүйн яам шийддэг байна.
