Энэ бол тун сэтгэл хөдөлгөм түүх билээ. Төрсөн охиноо хар шуурганы үеэр далайд шидсэн аавын түүх. Тэр аврах гэж хичээсэн юм.
1917 оны аравдугаар сар. Атлантын далай догшин шуурч байлаа.
Нью-Йоркийг зорих зорчигч тээврийн усан онгоц дээр 28 настай итали мужаан Антонио Руссо болон түүний тавхан настай охин Мария явж байв. Антониогийн эхнэр төрөх үедээ нас барсан бөгөөд Америк бол тэдний ирээдүйн цорын ганц найдвар байлаа.
Шөнийн 2 цагт асар том давлагаа онгоцыг дайрлаа. Ус доод давхар руу цутгаж, гуравдугаар ангиллын хэсэгт нэвтэрлээ. Онгоц огцом хазайж, хүмүүс айж орилон, шатан дээр шахцалдана.
Антонио охиноо тэврэн авч, уснаас дээш өргөсөөр урагш тэмүүлэв. Гэвч хүн хэт олонтой, цаг хомс байлаа. Охинтойгоо цуг аврах завинд хүрч чадахгүйгээ ойлгов.
Хүн болгон гарах гэж шат руу зүтгэх тэр үед Антонио хагарсан цонхны дэргэд хүрч очлоо. Хүүхэд л багтахаар жижигхэн ажээ. Цаана нь хав харанхуй, хүйтэн, ширүүн догшин Атлантын далай нүүгэлтэнэ. Харин алсад тэднийг аврахаар ирж байгаа завины гэрлүүд анивчина.
Мария уйлж, ээжийгээ дуудаж, ааваасаа зууран, салахгүй. Антонио охиноо сүүлчийн удаа хараад жижиг цонхоор гарган далайд түлхлээ. Хөөрхий охин хашгарсаар усанд унаж байгаа нь сонсогдлоо. Антонио шуурганы чимээг давахыг хичээн охиндоо “Сэл, Мария! Тэр гэрэл рүү сэл! Онгоцнууд ойрхон байна! Сэл!” гэж хашгарлаа.
Долоон минутын дараа тэдний сууж явсан хөлөг онгоц живэхэд Антонио Руссо 117 зорчигчийн хамт амь үрэгдсэн. Түүний цогцос олдоогүй.
Харин Марияг 45 минутын дараа аврахад амьсгаатай ч маш их даарсан, бараг хөлдсөн байдалтай байжээ. Ийнхүү тавхан настай охин хэл мэдэхгүй харь оронд өнчирч, цор ганцаараа үлдсэн юм.
Мария 25 жилийн турш аав нь өөрийг нь хаясан гэж бодож, итгэж явлаа. Намайг хэрэггүй гээд далайд чулуудсан гэж бодсоор л. Харин 30 нас хүрээд л тэр аав нь Марияд амьд үлдэх ганц боломжийг олгох гэж өөрийгөө золиосолсон гэдгийг ойлгожээ.

Мария Руссо урт удаан, сайхан амьдарсан. 2004 онд 92 настайдаа нас барахдаа тэр дөрвөн хүүхэд, есөн ач, зургаан зээтэй болсон байлаа. Аавынх нь тэр шөнө гаргасан зоримог шийдвэрийн ачаар энэ дэлхийд 31 хүн шинээр мэндэлж, үр удам нь үргэлжилсэн хэрэг.
Мария 83 настайдаа өгсөн ярилцлагадаа “Би аавыгаа намайг хаясан гэж боддог байсан. Тэр намайг аварч байгааг ойлгоогүй. Олон жил ингэж бодож, гомдож явлаа. Үнэндээ тэр намайг хаяагүй, амьдрал өгсөн байсан” гэж хэлж байв.
Жил бүр төрсөн өдөр болгоноороо тэр аавынхаа дуу хоолойг сонсдог. “Гэрэл рүү сэл” гэх аавынх нь хоолой.
“Би тэр гэрэл рүү 78 жил сэлсэн. Аав минь тэнгэр дээр надаар бахархаж байгаа гэдэгт итгэлтэй байна”
Эцэст нь аавдаа зориулсан түүний үг тун энгийн байлаа.
“Баярлалаа, аав аа.
Надад амьдрал бэлэглэсэнд баярлалаа.
Би танд хайртай”
