Америк бол волейболын хөгжил, амжилтаараа дэлхийн шилдэгт ордог орнуудын нэг. Ялангуяа эмэгтэй волейболд. АНУ-ын волейболын эмэгтэй шигшээ баг 2008 оноос хойшхи бүх олимпоос медаль (2008 онд мөнгө, 2012 онд мөнгө, 2016 онд хүрэл, 2020 онд алт, 2024 онд мөнгө) авсан. NCAA буюу оюутны лигийн эмэгтэй волейболын нэгдүгээр дивизион нь гэхэд л 329 багтай (эрэгтэй нь дөнгөж 23 багтай), 16,600 орчим тоглогчтой (эрэгтэй 1700 орчим) гээд л бодчих.

Гэхдээ мэргэжлийн лиг нь тийм ч хүчтэй биш. Дэлхийд эмэгтэй волейболын хамгийн хүчирхэг лиг бол Туркийн Turkish Sultanlar lige, Италийн Italian Serie A1. Дэлхийн хамгийн шилдэг тоглогчид энэ лигүүдэд тоглож, хамгийн өндөр цалинтайд тооцогддог. Туркийн лигт гэхэд дэлхийн хамгийн өндөр цалинтай эмэгтэй волейболчид болох БНХАУ-ын Жу Тинь (1,6 сая $), Сербийн Т.Бошкович (1,1 сая $), Италийн лигт П.Эгону (1,5 сая $) нар тоглодог.
Америкт эмэгтэйчүүдийн волейболын мэргэжлийн гурван лиг байдаг бөгөөд шинэхэн LOVB Pro ( League One Volleyball) лиг дэлхийн хамгийн хүчирхэг лиг болох амбицтайгаар 2021 онд байгуулагджээ. Дөрвөн жилийн турш брэндинг хөгжүүлэлт, бизнес стратеги, маркетинг гээд хангалттай "бэлтгэлээ базаагаад" өнгөрсөн жил анхны улирлаа 6 багтай эхлүүлсэн билээ.

LOVB (лого нь LOVE буюу хайр хэмээн харагдахаар дизайнтай ажээ) нь мэргэжлийн лигийн багаас гадна академиараа дамжуулан бүтэн систем буй болгож буйгаараа тун онцлог. Хэдийнээ 28 мужид 77 клубээр дамжуулан 22000 гаруй өсвөр насны тамирчдыг бэлдэж, аялан тоглолтыг зохион байгуулж буй ажээ.
Лигийн хөрөнгө оруулалтад спортын супер одууд олноор оролцсон бөгөөд "Их дуулга" цувралын ганцаарчилсан төрөлд 12 түрүүтэй домогт теннисчин Билли Жин Кинг, сагсчин Кевин Дюрант, Жэйсон Тэйтум, уулын цанын Линдси Вонн, эмэгтэй сагсны олимпийн хошой аварга Кэндис Паркер нарыг дурьдаж болно.

Алдарт "adidas", охид бүсгүйчүүдийн сайн мэдэх "Spanx", "Skims" болон "Chase" банк, "Mikasa", "Yeti" зэрэг олон арван томоохон компани, брэндтэй хамтын ажиллагаа, ивээн тэтгэгч, бизнес түншлэл, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж амжжээ, LOVB. Хэвлэл мэдээлэл, шууд дамжуулалтын эрх нь ESPN, DAZN, USA network гээд томчуудад очжээ.
Зөвхөн мэргэжлийн лиг ч биш хүүхэд, багачууд, охид бүсгүйчүүдэд волейболын спортоор дамжуулан ХАЙР түгээх, тэднийг волейболд ХАЙР-тай болгох, волейболд ХАЙР-тай сая сая хүмүүсийн үзэх дуртай лиг нь байх зорилго, зорилттой LOVE-B лигийн 2026 оны аваргын төлөөх тоглолт Лонг бийч хотноо хоёр өдөр боллоо.
LOVB нь одоогоор зургаан багтай (Хьюстон, Мэдисон, Солт Лэйк сити, Остин, Небраска, Атланта) бөгөөд ирэх жилээс Сан Франциско, Лос Анжелес, Миннесота гэсэн гурван баг нэмэгдэх ажээ.
Энэ жилийн финалд өнгөрсөн жилийн аварга Остин болон Солт Лэйк сити багууд шалгаран үлдсэн. Багууд хоёр хожил авч байж аварга болох, хэрэв хожлын харьцаа 1:1 болбол "Golden set" -ээр аваргаа тодруулах журамтай.

Эхний өдрийн тоглолтод Солт Лэйк сити 3:2( 22:25, 25:21, 22:25, 27:25, 16:14) харьцагаар аваргуудыг буулган авсан. Солт Лэйк ситигийн япон легионер, либеро Манами Кожима жинтэй хувь нэмэр оруулсан. Хүрэхгүй газар, босгохгүй бөмбөг гэж бараг алга, Кожимад. Мөн Алекса Грэйгийн довтолгоо гайхалтай байлаа.
Харин хоёр дахь тоглолтод аваргууд сэтгэл зүй, туршлага, эрэмбэ заан 3:2( 25:20, 21:25, 22:25, 25:22, 15:11) харьцаагаар ялж, хожлын харьцаа 1:1 болсон тул "Алтан сет" -ээр аварга тодрох боллоо. Хоёр тоглолт, 10 сет тэнцүүхэн тоглосон, шийдвэрлэх хоёр дахь тоглолтод 2:1 хошуучилж яваад тай-брэйкээр хожигдсон "Давст нуурынхан" эцсийн энэ чухал мөчид "нурлаа".

Аваргууд "Алтан сет"-д 15:8-аар илүүрхэж, хоёр дахь жилдээ, дараалан LOVB -ийн лигийн аварга болж, цолоо хамгааллаа. Финалын тоглолтын шилдэг тоглогчоор ( MVP)
"Остин" багийн Мэдисен Скиннер (21 оноо, 20 kills) тодорлоо. 24 настай, АНУ-ын шигшээ багийн тамирчин, NCAA-ийн гурван удаагийн аварга Скиннер финалын шилдгээр хоёр дахиа тодорсон нь энэ.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
