UBLife Logo
Урлаг

Монгол, Германы уран бүтээлчид бар зургийн аргаар хамтарсан бүтээл туурвиж байна

Монгол, Германы уран бүтээлчид бар зургийн аргаар хамтарсан бүтээл туурвиж байна

Монгол Улсын Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласны хүрээнд болон Монгол, Германы боловсролын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Райнэ хотын Бэнтлагэ бар зураг хэвлэлийн урлан-лабораторид Монгол, Германы график уран бүтээлчдийн хамтарсан солилцооны төсөл, сургалтыг зохион байгуулж байна.

Уг төсөл нь мэргэжлийн туршлага, ур чадварыг харилцан солилцох, хамтын уран бүтээлийг хөгжүүлэхэд чиглэсэн бөгөөд мэргэжлийн сургалт, хамтарсан уран бүтээл туурвих ажиллагаа болон хоёр улсад зохион байгуулагдах хамтарсан үзэсгэлэн зэргээс бүрдэж байна. Төслийн хүрээнд бүтээсэн уран бүтээлүүдийг олон нийтэд толилуулах үзэсгэлэнг энэ дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Бэнтлагэ урлан-лабораторид нээнэ.

Энэхүү төсөлд монголын талаас Дүрслэх урлагийн академи, Монголын урчуудын эвлэл, “Хөх нар” орчин үеийн урлагийн төвөөс нийт зургаан уран бүтээлч оролцож, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг бар зургийн аргаар илэрхийлэн бүтээл туурвиж байна. Уран бүтээлчид торгон бар, төмөр бар, модон бар, чулуун бар зэрэг хэвлэлийн төрөл бүрийн техник ашиглан, 250 ам метр талбай бүхий бүрэн тоноглогдсон Бэнтлагэ урлан-лабораторид ажиллаж байгаа бөгөөд сургалтын зардлыг германы тал бүрэн хариуцаж байна.

Түүнчлэн уран бүтээлчид Монголын урчуудын эвлэлийн танхимд ирэх зургаадугаар сарын 13-22-ны өдрүүдэд Монголын график уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн, илтгэл, хэлэлцүүлэг болон мэргэжлийн семинар зэрэг цогц арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байна. Тус арга хэмжээнд дотоод, гадаадын графикийн чиглэлээр мэргэшсэн болон бие даан судалгаа хийдэг уран бүтээлчид оролцож, туршлага, арга барил, судалгааны үр дүнгээ хуваалцах юм. Энэхүү арга хэмжээ нь цаашид Монгол Улсад бар зургийн уламжлалт арга барилд суурилсан хэвлэх урлан-лаборатори байгуулах ажлын суурь нөхцөлийг бүрдүүлж, уран бүтээлчдийн санал, санаачилга, оролцоог нэгтгэн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Эдгээр үйл ажиллагаа нь Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын соёл, боловсролын хамтын ажиллагааны үр дүнг олон нийтэд танилцуулахын зэрэгцээ график бүтээлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чиглэх юм байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...